Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өлзийт сум, Баян-Овоо сумдад ажиллав. Ажлын хэсгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон бусад төрийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд тус тус ажиллалаа.
Мөн төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэж байна. Тухайлбал, сумын Засаг дарга орон нутгийн төсвөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд хөрөнгө захиран зарцуулах, урамшуулал олгохоор шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар дээд шатны албан тушаалтандаа бичгээр тайлбар гаргаагүй нөхцөл байдал болон нөхөн сэргээлттэй холбоотой хандивын хөрөнгө оруулалтын зарцуулалт, нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг нарийвчлан үзэж байна.
Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй уулзаж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал суманд, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон зарим сумдад ажиллана.