МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр болсон тухай мэдээлэл улс төр сонирхогчдын анхаарлыг татаж байна. Түүний хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сард өгсөн ярилцлагаас онцлох 18 эшлэлийг сонирхуулъя.
Шинэ үе, шинэ улс төр, шинэ бодлогын тухайд:
1. Үе солигдож байна. Улс орон бүр либерал догмагаас өөр шийдэл, гарц эрэлхийлдэг дээрээ байна. Манай дотоод нөхцөл байдал ч адил. Хуучны арга барил, шийдвэр гаргах процесс болохгүй байна. Одоо л шинэчлэгдэхгүй бол, 21-р зуунтайгаа хөл нийлж явахгүй бол МАН гэдэг түүхэн нам XX зуунтайгаа хамт булшлагдлаа.
2. Дараа үеэс бол хэнд итгэл хүлээлгэх нь манай намын гишүүдийн сонголт юм даа. Манай намд ард түмэн итгэл хүлээлгэсэн, тэгэхээр гишүүд маань ч тэр итгэлийг шингээн агуулсан сонголт хийж, хэнээр туг бариулахаа шийдэх ёстой цаг ирсэн байна.
3. Одоо нийгэм цагийн жамаар өөрчлөгдөж хөгжөөд улс төрөөсөө хүчтэй болох нь. Улс төрд шинэ үеийн захиалга ирж байгааг сонсох чих, харах хараа ялангуяа манай хууччуулд их хэрэгтэй байна уу даа.
4. Бид яг энэ удаа л хувь хувийн эрх ашгаа хойш нь тавиад хэн Монголд үйлчилж, жинхэнэ утгаар нь нийгмийн хувьсгал хийж, Монголыг дааж явах лидер вэ гэдгээ сонгохгүй бол хугацаа дууслаа шүү дээ. Одоо дахиад л өөрсдөө үлдэж, дахиад л хийдгээ хийж суувал нэг өдөр алдах эрхгүй ийм дэлхийд дахиад арван жил, хорин жил алдаж дуусна.
5. Шинэ үеийнхэн ч гэсэн. Нэг их сайхан чадвартай, ирээдүйтэй залуу ганц компаниа бодоод л явдаг. 60-аад оныхон хойшоо, 70-аад оныхон хоолондоо маягаар сэтгэж явахаар чинь түүхээс чиний үед ямар үүрэг ирж байгааг харж чадахгүй. Том эрх ашгаа хамт харж чадвал аяндаа илүү том эдийн засагтай, илүү хүчирхэг болно шүү дээ.
6. Хувьсгал гэхээр гудамжинд гарч жагсахын нэр биш шүү, нийгмээ улс төр эдийн засгаа шинэ түвшинд гаргах реформуудыг хэлж байна. Одоо нийгмийн эрэлтэд хариулж, алдаагаа хүлээн зөвшөөрч, энэ удаагийн зөрчил хагарлыг шинэ цаг руу түүчээлэх эр зориг гаргах, дараа үедээ боломжийг гаргаж өгөх цаг ирсэн байна гэж Миеэг ч оруулаад Нямдорж, Сү тэргүүтэй намын кадрууддаа хэлмээр байна даа.
7. Ямар дэлхийд ямаршуу байдалтай амьдарч байна, нүдээ нээгээд харъя л даа. Шинэ эргэлт, шинэ эрэлт, шинэ хандлага, шинэ үнэт зүйл. Хувь биш нийт. Ганцаараа биш олуулаа. Цөөнх биш олонх. Далд биш ил. Ухрах биш урагшлах. Өнөөдөр МАН ухрах эрхгүй өрөг дээр тавигдаад байгаагаа, тийм ч учраас зарим нь нэг алхам ухрах нийгмийн захиалга, цаг үеийн оноолт ирээд байгааг л олж хармаар байна.
МАН-ын дараагийн даргын тухайд:
8. Нэгдүгээрт, гарцаа байхгүй нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлагдаж хүндлэгдсэн лидер байх ёстой юм. Хоёрт, нэгэнт Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүчтэй Үндсэн хуультай улс төрд сөрөг хүчинтэй очоод хүзүү толгой холбочихдог биш зодолдох, сөргөх чадвартай улстөрч байх ёстой. Гуравт, дэлхий дахин ямар их өөрчлөлт шилжилтийн цаг үеийг туулж байгааг мэддэг, цаг үеийн эрэлт, нийгмийн дуу хоолойг сонсдог, орчин үетэй хөл нийлүүлж чаддаг байх ёстой. Дөрөвт, шавхагддаг баялаг тойрсон зодооноос өөрөөр шинэ эдийн засгийн бодлого хийх, гадаад ертөнцтэй харилцаж чаддаг тийм хүн.
9. Хүрэлсүх, Эрдэнэбат гэдэг хувь хүн чадах чадахгүй гэдгээсээ илүү юу хийх ёстой вэ гэдэг асуултаа хөгжлийн аппарат, нам гэдэг утгаараа тодорхойлж чадвал дараагийн лидер аяндаа тэрийгээ дагаад гарна шүү дээ.
МАН-ын өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь хийсэн шинэчлэлийн оролдлогууд, үр дүнгийн тухайд:
10. Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж. Бидний маргааш өнөөдрөөсөө хэр өөр байх тухай юм.
11. Олон нийт эдийн засгийн хямрал, материаллаг хэрэгцээнээс илүүтэй шударга ёс хүсч МАН-ыг сонгосон. Төрийн дээр гарсан олигархиудын засаглалыг нураах нь нийгмийн захиалга байв. Гэтэл үүнийг хийх нь байтугай, нөгөө л цөөнхөд үйлчилдэг төр хэвээр байхаар залуучууд эсэргүүцэх нь аргагүй шүү дээ.
12. Оюутолгойн гэрээг хэн хийсэн, бялуу яаж хуваасан бэ гэдэг шиг одоо ямар гэрээг хэн хийх вэ, хэрхэн хуваах вэ гэдэг юм л явж байна. Монголыг яаж хөгжүүлэх вэ, урагшаа яаж явах вэ гэдгийг хэн ярьж байгаа юм? Эдийн засгийн ашиг сонирхол дээр суурилсан улс төр үргэлжилж байна.
13. 100 жил бүтээснээ купоны, дуудлага худалдааны гээд дүрэмгүй, өрсөлдөөнгүй шударга бус хувьчлалаар цөөнхөд баялаг эрх мэдэл төвлөрүүлж, түүгээрээ улс төр, хэвлэл мэдээллийг худалдан авч явж ирлээ. Сүүлдээ бүр нэгийг нь орой дээрээ ч заллаа. Монголын ард түмний бүтээсэн өмч, эцэг өвгөдөөс өвлөсөн газрын баялгаас илүүг хүртэж амташсан, сурсан хүмүүст МАН хоорондоо ингэж зөрчилдөж, туйлдаж байвал л ашигтай.
14. Өнөөг хүртэл МАН 1992 оноос эхлээд л марксизмыг халж таван удаа шинэчлэл хийгдсэн. Тэглээ гээд шинэчлэгдэж чадаагүй нь өнөөдөр харагдаж байгаа байх. Бодлогын хувьд, системийн хувьд, эдийн засгийн хувьд хувьсгалын чанартай өөрчлөлт хийхгүй бол бүр гацаад явахаа байлаа шүү дээ. Чиг хандлагын, зарчмын, бодлогын, бүтцийн суурь реформууд зайлшгүй хийх ёстой.
МАН-ын одоогийн дарга М.Энхболдын тухайд:
15. М.Энхболд бол Монголын улс төрд 20 гаруй жил явсан, тогтвортой, прагматик, эвийг баримтлагч, технократ том улс төрч. Гэхдээ 2016 оны ялалтын дараа алдаа хийсэн нь үнэн. Алдаа гэхээсээ цаг үеэ ойлгоогүй асуудал.
Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тухайд:
16. Улс төрийн тогтворгүй байдал, хэт хяналтгүй авилга хээл хахууль, цагаандаа гарсан төрийн дээрмээс залхсан Монголын ард түмэн хувьсгал хийх даалгавар өгч итгэсэн. Үүнийг намын итгэлээр томилогдсон Ерөнхий сайд үүрэх ёстой гэдэг утгаар би Ж.Эрдэнэбатыг огцрохыг заасан тоолуур эхлүүлсэн юм.
17. Түүнд намаас хугацаа, эрх мэдэл өгсөн үү гэвэл өгсөн. Энэ хугацаанд олон нийтэд бодлогоор, нам дотор манлайллаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой байсан. Улс төр эдийн засгийн дорвитой реформ хийх байтугай тогтолцооны гажуудлыг үйлдэл, эс үйлдлээр хамгаалаад, намын даргынхаа ард ороод нуугдчихдаг, өөрт нь олгогдсон хүрдийг хэн нэг сайд нь эргүүлээд яваад байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд:
18. Ард түмнээс Ерөнхийлөгч Баттулгад бас л их итгэл хүлээлгэсэн байгаа. Тэр гэхдээ өөрөө энэ гажуудсан цаг үеийн бүтээгдэхүүн, өөрөө энэ цаг үеийг бүтээлцсэн. Үүнээсээ гарч чадахгүй.