УИХ-ын өнөөдрийн (2017.11.02) чуулганаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авав.Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн дэмжиж байгаа гэсэн мэдээлэл түгээд байгаа. Тэднийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт анхны сануулгаа өгөх гэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн илэрхийлж байгаа байр сууриас энэ зөрчил үнэхээр бодитой дэгдсэн байж болох дүр зураг ажиглагдаж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдохоос эхлээд би хувийн гэхээс илүү олон түмний саналыг тусгасан байр суурь илэрхийлж байгаа. Шинэ томилогдсон Ерөнхий сайд уул уурхайн шударга бус хуваарилалтыг тэгш болгож, ард түмэнд хүртээлтэй болгож, улс орны төлөө зориулна гэсэн сайхан амлалт өгсөн. Харамсалтай нь, Засгийн газрын бүтэц томилохоос эхлээд мордохын хазгай болсон. Үнэхээр Монголын төрд бий болсон, урагшаа явахгүй байгаа нэг том зүйл бол уул уурхайтай холбоотой. Тэр 3000 орчим лицензийг цэгцлэх ёстой гэж бүгд ярьдаг ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж бодож байгаа.
Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар “Би Оюутолгойн гэрээг хамгийн сайн хийсэн” гэж ярьдаг. Гэхдээ үг, үйлдэл хоёр нь зөрдөг. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан Дубайн гэрээг хийхэд МАН-ын бүлгийн ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалсан. Энэ гэрээг муу болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн хүн бол Ч.Хүрэлбаатар. Би Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй. 65-ын бүлэг тус тусдаа хуралдаж, эцсийн шийдвэр нь нам дамнасан бүлэглэл нам доторх хэдхэн хүн тохиролцож шийдвэр гаргаж байна. Цаашид ийм байдлаар явбал хол явахгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Та Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн эсэхээ тайлбарлана уу хэмээн шахалт үзүүллээ.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч бол бодлогын асуудал ярьж байгаа. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юм уу. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаас ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээсээ татгалзаач гэсэн хүсэлт УИХ-д илгээсэн. Хэвлэл мэдээллээр гарсан энэ таван лицензтэй холбоотой “Хотгор шанага” гэх компанийн эзэмшиж байсан баримт нь энд байна. Хүсвэл та бүхэн авч болно. Баримт нотолгоо нь ил байхад гүтгэсэн, гүтгээгүй гэж ярих нь одоо утгагүй. Бид түүхий нүүрс худалдаалж, Монголдоо юм үлдээхгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй, томоохон үйлдвэргүй байсаар ирсэн. Байгалийн баялаг ард түмний мэдэлд гэх заалтыг УИХ өөрчлөх цаг болсон. Ард түмэн Х.Баттулга гэдэг хүнийг сонгохдоо байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлж өгөхийг хүсч, сонголтоо хийсэн. Тиймээс Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн гуравны хоёрыг дэмжиж өгөөч гэж байгаа юм гэж мэдэгдэв.
УИХ-ын чуулганы уур амьсгал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн байр сууриа илэрхийлж байна. МАН-ын 32+ АН-ын 9+МАХН-ын нэг гишүүний санал Ч.Хүрэлбаатарыг байранд нь тавьчихаж магадгүй уур амьсгал дунд өрнөж байна.