2004 оноос хойш УИХ-д эрх барих хэмжээний суудал аваагүй ч тасралтгүй олонхийг бүрдүүлэх хэмжээний суудал авч ирсэн АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар парламентад арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн. Гутамшигтай, гунигтай энэ ялагдлын шалтгаанд АН Засгийн эрхийг бариад улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн, бондын мөнгийг үрэн таран хийсэн, албан тушаалын төлөө цусаа гартал зодолдсон, эрх мэдэлдээ бялуурч энгийн номхон иргэдээ үл тоосон зэрэг олон асуудал багтдаг.
Намын арай эрүүл гишүүд эдгээр ялагдлын шалтгааныг хүлээн зөвшөөрсөн юм. Харин хожим нь одоо ЕТГ-ын дарга болчихоод байгаа, тухайн үед АН-ын дарга байсан З.Энхболд “С.Баярцогт тэргүүтэй оффшорчдыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх эрх байгаагүйдээ хүлцэл өчиж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.
Сонгуулийн ялагдлын дараа АН үндсэндээ тарчихаад байв. Төрийн ордон, яам тамгын газраар цугларч, асуудлаа шийддэг байсан энэ намын фракциуд амьсгалахаа болиод удаж байгаа. Хамгийн сүүлд тэднийг АН-ын даргын марафон нэг нэгтгэж, тус нам дотооддоо хэрхэн тэмцэлдэж чаддаг вэ, албан тушаал тэдэнд ямар хэрэгтэй вэ гэдгийг олон нийтэд тодорхой харуулсан.
Өчигдрөөс харин хэвлэл мэдээлэл АН-д анхаарлаа хандуулж, тус намын доторх хагарал, фракц хоорондын үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. Энэ зөрчил савнаасаа хальж Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ц.Элбэгдорж нар шинэ нам байгуулах гэж байна гэсэн мессежийг түгээж эхэллээ. Үүнээс гадна энэ шийдвэр гэнэтийнх байгаагүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэлтэй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс л шинэ нам байгуулахаар нууц уулзалт хуралдаан хийж байсан зэрэг мэдээллүүд цацагдаад байна.
Улс төрд өрнөх байгаа үйл явц хэвлэл мэдээллээр нэг өнгөөр олон давталттай харагдаад эхлэхээрээ үүний ард ямар нэгэн байдлаар мэдээллийн үнэн нуугдаж байгааг харуулж байдаг. Мэдээ мэдээлэл үнэн гэдгийг нотлох үйл явц өрнөхөөс өмнө эх сурвалжууд “би мэдэхгүй байна, сайн ойлгохгүй байна, тэгж бодохгүй байна” гэх мэт төөрөгдүүлсэн тайлбаруудыг цацдаг ч иймэрхүү мэдээлэл хэвлэлүүд рүү зорилтод бүлгээс “нисэн” очих нь бий. АН-ын тогоо хагарч, улстөрд дахин нэг нам мэндлэх нь гэдэг мэдээлэл оргүй ч биш аж. Гэхдээ урьдчилсан байдлаар тэр бүлэглэл дөнгөж саяхан АН-аас төрсөн Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг тууштай ажиллах болов уу гэсэн таамаглалыг төрүүлж эхэллээ.