1. Цахилгааны төлбөр
Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас өмнөх сард тооцоо хийсэн заалтыг хасаад гарсан зөрүүг Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос тогтоосон хэрэглэгчийн ангилалд тохирох үнэ тарифаар үржүүлж гаргадаг.
2. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр
Монгол улс эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн зорилтыг тодорхойлсон байдаг. Энэхүү зорилт нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлогын үндсэн чиглэл юм.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрүүдээс гадна импортын болон нар, салхин эх үүсгүүрээс хангадаг. Манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 92 орчим хувийг дулааны, 7-8%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэргийг үндэслэн Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тухайн үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны тарифын зөрүүгхэрэглэгчийнэрчим хүчний тарифт шингээн тооцдог бөгөөд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөр эзэлдэг.
3. Цахилгаан эрчим хүчний суурь төлбөр
Өдөр бүр 24 цагийн турш цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, хэрэглэхэд бэлэн байлгахын тулд шаардагддаг зардлыг үндэслэн тогтоосон ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу суурь тарифыг 2000 төгрөгөөр тооцож, айл өрх хэрэглэгчдээс сар бүр авч байна.
4. Телевизийн хураамж
УБЦТС ТӨХК нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын бүх айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчээс өөрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн хураан төвлөрүүлдэг.
Телевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дараах ялгавартайгаар хэрэглэгчдээс сар бүр авч байна. Үүнд:
– УБ хотын айл өрх бүр 1100 төг, албан байгууллага 1650 төгрөг
– Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1200 төгрөг
– Сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөг байна.
5. Хог хаягдлын үйлчилгээний хураамж
УБЦТС ТӨХК нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын гэр хорооллын бүх айл өрхийн хэрэглэгчээс өөрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтээр хураан төвлөрүүлдэг.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг Даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр 2500 төгрөгийг авч байна.
6. Үйлчилгээний төлбөр
УБЦТС ТӨХК нь ЭХЗХ-оос баталсан үйлчилгээний нэр төрөл, тэдгээрт мөрдөх үнэ тарифын дагуу хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлдэг.
Хэрэглэгчийн хүсэлтээр болон хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д заасны дагуу нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол тухайн сарын цахилгааны төлбөр дээр үйлчилгээний төлбөрийг тарифын дагуу нэмж тооцдог.
7. Мэдээлэл хүргэсэн төлбөр
УБЦТС ТӨХК нь хэрэглэгчийн төлбөрийн тооцооны хуудсыг бэлтгэж, банкинд илгээх, төлбөрийн болон төлбөр хийх хугацаа, төлбөрөө төлөөгүйн улмаас түдгэлзүүлэх болсон талаарх мэдээллүүдийг хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утас руу мессежээр илгээх зэрэг үйлчилгээнд сар бүр 50 төгрөгийг авдаг.
8. Нэмэгдсэн өртгийн албан татвар
Нэхэмжлэлд тусгагдсан телевиз, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад төлбөр дээр Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцогддог.
Жич:
Хэрэглэгч гэр, сууц, байрандаа түр хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй бол УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа салгуулаад сар бүр тооцогддог суурь тарифын 2000 /НӨАТ-гүй/, хог хаягдлын үйлчилгээний 2500, телевизийн 1100 төгрөгийн хураамжуудыг тооцуулахгүй байх боломжтой.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК