АНУ-ын Нью-Йоркт хотод ачааны машины жолооч эр дугуйн замаар явж буй дугуйчид болон хажуугаар нь зөрж өнгөрч буй хүмүүсийг дайрчээ. Энэ хэргийн улмаас найман хүн амиа алдсан тухай Нью-Йорк хотын дарга Билл де Бласио мэдэгдлээ. Зургаан хүн газар дээрээ нас барсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа гэмтлээ дийлэлгүй амиа алдсан байна. Хотын засаг захиргааны мэдээлснээр гэмт этгээд Доод Манхэттенд дугуйн замаар явж, хүмүүсийг мөргөж, дараа нь сургуулийн автобусыг мөргөсөн гэнэ. Хотын дарга энэхүү халдлагыг хулчгар алан хядах ажиллагаа хэмээн нэрлэжээ.
Амиа алдагсдын дунд америкчуудаас гадна Бельгийн нэг иргэн, Аргентины нэг иргэн байгаа аж. Энэ тухай Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Аргентины ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Үүнээс гадна 11 хүн хүнд бэртэл авчээ. Цагдаагийн газрынхны олж тогтоосноор халдлага үйлдсэн этгээд зэвсэгтэй явсан бөгөөд нэг гар буу нь пейнтболд зориулагдсан, нөгөө нь хийн буу байсан гэнэ.
“Ройтерс” агентлагт алан хядагчийн нэрийг тодорхой мэдээлсэн байна. Энэ бол Узбекистаны уугуул, 29 настай Сайфулло Саипов юм. Тэрбээр ачааны машиныг прокатлан авчээ. Түүнчлэн NBC теле сувгийн мэдээлснээр тэрбээр АНУ-д 2010 онд ирсэн бөгөөд Флорида мужийн Тампаас Нью-Йоркт иржээ. Сайфулло Саипов ногоон картны сугалаанд хожиж, АНУ-д иржээ. Энэ тухай “Santa Monica Observer” хэвлэлд мэдээлсэн байна.
“Diversity Immigrant Visa” буюу виз хожих хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг бөгөөд бага орлоготой орнуудаас жил бүр 55 мянган иргэн Америкийн виз авдаг аж. Сугалааны ялагчийг компьютерийн алгоритмээр санамсаргүй түүврийн байдлаар сонгодог. Түүний хувьд 2015 онд Пенсильванид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт орж байсан юм байна. Нью-Йоркийн цагдаагийн газраас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид цагдаагийн газрын тэргүү Жеймс О’Нилээс халдлага үйлдэгч этгээд машинаар дайрч байхдаа “Аллах акбар” гэж хашхирсан нь үнэн үү гэсэн асуулт тавьжээ.
О’Нил ч халдлага үйлдсэн этгээд машинаас гарахдаа хэлсэн үг, ерөнхий нөхцөл байдал зэрэг нь алан хядах ажиллагаа мөн гэсэн дүгнэлт гаргахад хүрч байна гэжээ. Харин Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо сэжигтэн этгээдийг ганцаараа халдлага үйлдсэн гэсэн байна. “Ямар нэгэн яриа, хуйвалдаан, төлөвлөгөө гаргаж үйлдсэн гэсэн үндэслэл алга. Энэ бол хэн нэгэнд өвдөлт мэдрүүлж, өөрийгөө алдаршуулах, магадгүй үхлийг хүссэн нэг хүний хийсэн үйлдэл” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Нью-Йоркийн цагдаагийн хэлтсээс ч “Твиттер”-тээ өөр хүмүүсийг сэжиглэн шалгаагүй гэжээ.
Гэхдээ Америкийн засаг захиргаа түүнтэй холбоотой хүмүүсийг гаргаж ирэхийн тулд боломжтой бүхий л ажлыг хийж, хүчин чармайлт гаргахаар болсон байна. Ерөнхийдөө албаны хүмүүс ийм ажиллагааг хэн нэгэн “ганцаардсан чоно” үйлдсэн гэдэгт итгэдэггүй бөгөөд хэний нөлөөн дор, яагаад ийм гэмт хэрэг үйлдэх санаа гаргав гэдгийг тайлахыг оролддог.
Энэхүү аймшигт мэдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад ч хүрчээ. Тэрбээр гэмт этгээдийг “өвчтэй, ухаангүй мулгуу этгээд” хэмээн Твиттертээ жиргэсэн байна. Хотын засаг захиргааны мэдээлж буйгаар энэхүү аймшигтай хэрэг гарсан ч Нью-Йоркт болдог уламжлалт Хэллоуины баярыг цуцлахгүй гэжээ. Энэ бол Нью-Йоркт 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш хамгийн олон хүний аминд хүрсэн том халдлага болоод байна. Тухайн үед Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг мөргөж, 2600 гаруй хүн амиа алдсан билээ.
Тэгвэл энэ удаагийн халдлага Дэлхийн худалдааны төвийн цамхгууд байрладаг байсан газраас холгүйхэн, Манхэттений баруун хэсэгт болсон байна. Энэхүү халдлага Лондон, Ницце болон Европын бусад хотод сүүлийн жил хагасын хугацаанд болсон халдлагуудтай нэлээд төстэй байна.
Э.ЗАЯА