Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллаагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцож хоёр талаас тавьж буй саналуудын талаар нээлттэй ярилцлаа.
Элчин сайд Шин Хаймин
“БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсоноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан.
Зам тээврийн салбарт Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа 500 сая долларын хүрээнд Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км, Тосонцэнгэл Улиастайн 114 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны авто зам төслийг барих ажлууд амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах, мөн Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн төслийг анхаарч өгнө үү” гэж энэ үеэр хүслээ.
Гашуунсухайт-Ганцбоомтын нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэв
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хятадын коммунист намын 19 дүгээр хурал амжилттай хуралдаж “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд олон чухал асуудлуудыг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Монгол Хятад хоёр улс бурхнаас заяасан мөнхийн хөршүүд. Олон зуун жилийн харилцаатай бидний хамтын ажиллагааг сайжруулахад зам тээврийн салбар чухал үүрэгтэй юм. Миний хувьд өмнө нь салбарын ТНБД-аар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хэд хэдэн төслийг хариуцан ажиллаж байсан. Эдгээр төслүүд монголын эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнгээ өгснийг энд онцлон дурдахад таатай байна.
Таван толгойт Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтот ажлын нэг юм. Засаг солигдсонтой холбогдуулан ажлын хэсэг шинэлэгдэх тул энэ асуудлыг шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын хэмжээнд ахин хэлэлцэнэ. Миний хувьд хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэн төслийн хэрэгжилтийг хурдасгахад санал нэг байна. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал ач холбогдлоороо Азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын-Үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих.
Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг та бүхэн анхааралдаа авч дэмжин ажиллахыг хүсье. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал 30 гаруй сая тн болж дээшлэх юм.
Мөн Таван толгойн орд газраас Гашуунсухайт-Ганцбоомтоор өмнө нь 1,400-1,600 орчим нүүрс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан бол Хятадын талаас 400-500 болгон бууруулснаар урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Иймд эрхэм Элчин сайд та энэ асуудалд анхаарч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Бид та бүхний дэмжлэг туслалцааг бодит ажил болгоход хүндрэл чирэгдэлгүй аль болох шуурхай ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: ЗТХЯ