Монгол Улсын Засгийн газар Швейцарийн холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд Засгийн газраас 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-ын төсөл боловсруулан Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байна. Энэхүү аргачлал батлагдсанаар төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийх замаар төвлөрлийг сааруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, зарим чиг үүргийг төрийн байгууллагын түвшин болон салбар хооронд оновчтой дахин хуваарилах эсхүл төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Иймд дээрх аргачлалын төслийг байгаль орчны салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, нутгийн удирдлагын байгууллагын түвшинд туршиж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг шат дараатай хийж байна.
Энэ удаад “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилт болон “Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-ынтөслийг танилцуулах, байгаль орчны салбарын зарим чиг үүрэгт нийслэл, дүүрэг, хорооны түвшинд туршиж, хэлэлцүүлэг хийж, санал авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Төвлөрлийг оновчтой сааруулснаар Засгийн газар, яам, агентлагууд болон шат шатны нутгийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх мэдэл тодорхой хуваарилагдаж, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэгч талууд хариуцлагатай, ёс зүйтэй, санаачилгатай, ил тод ажиллах нөхцөл бүрдэнэ гэж “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”, “Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-ын төслийн талаар танилцуулах, турших, хэлэлцүүлэх ажлыг нээж, төслийн захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.