Ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт болох гэж байна. Соёлын төв өргөөнд болох тоглолтод дуучин Ч.Энхтайван, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, тэргүүтэй дуучид болон үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.
Хөгжмийн зохиолч Б.Шарав “Сэрсэн тал” бүтээлээ 1984 онд Үндэсний хөгжмийн найралд зориулан бичсэн. Энэ аялгуу улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглогдсон бөгөөд 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулуун гуайн удирдлагаар эгшиглүүлж байжээ.
Энэхүү тоглолтыг Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров найруулсан бөгөөд тэр үед дөнгөж сургууль төгсөөд нэг жил болж байсан Б.Шаравт ардын найрал хөгжимд зориулсан зохиол захиалсан нь энэхүү бүтээлийг төрүүлэхэд хүргэсэн гэдэг.
Найрал хөгжмийнхөө аялгуунд зохиолч хурдан морь унаж, хөдөө өссөн бага нас, монгол наадам, тал нутгийн Монгол орон сэрж байгаа тухай, ард түмний хийж бүтээх зориг, эрмэлзэл сэргэж байгааг тусгажээ. Харин зохиолын нэрийг Улс тунхагласны 60 жилийн ойн баярын тоглолтын зохион байгуулагчид өгсөн гэнэ. “Сэрсэн тал” Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын бүтээлүүдээс хамгийн олон тоглогдсон гэдгээрээ онцлогтой.