Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хе ням гаригт (2017.03.12) Хөх ордныг орхиж Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Ганнам дүүрэг дэх гэртээ харив. Түүнийг гэртээ ирэхэд дэмжигчид нь угтаж, Конгрессын гишүүн Мин Кюн Вук гэрийнх нь гадаа Паз Гын Хегийн өмнөөс мэдэгдэл хийжээ. Энэ үеэрээ тэр “Пак Гын Хе Ерөнхийлөгчийн үүргээ эцсийг нь хүртэл биелүүлж чадаагүйдээ уучлал хүсч байна. Намайг дэмжиж, итгэж байсан бүх хүнд баярлалаа. Энэ хэрэгт хугацаа шаардагдах гэсэн ч үнэн ялна гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Харин огцорсон Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь “Пак Гын Хегийн эсрэг үзэл яллаа. Солонгос одоо хувьсгалын чухал уулзвар дээр зогсч байна. Энэ бүх үйл явдал үнэн шударга ёсны төлөөх тэмцлийн зөвхөн эхлэл” гэжээ.
Пак Гын Хегийн хэрэгт 17 сэжигтэн холбоотой гэж Өмнөд Солонгосын хуулийн байгууллагууд үзэж байгаа юм байна. Тэд бол Ерөнхийлөгч асан эмэгтэйн дотны найз Чой Сун Сил, Хөх ордны бодлого зохицуулагч ахлах нарийн бичгийн дарга асан Ан Чонг Бум, Самсунг электрониксийн дэд захирал Ли Жае Ён зэрэг хүмүүс. Самсунг электрониксийн дэд захирал хээл хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа бол Чой Сун Силийн хувьд авлига авсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Авилга, албан тушаалын гэмт хэргийн сүлжээ болж харагдаж буй Пак Гын Хед Өмнөд Солонгосын шүүх эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.