АНУ опиоидын төрлийн эм бэлдмэлийн хэрэглээгээрээ яах аргагүй дэлхийд тэргүүлэгч. Америкийн нэг сая иргэн тутамд өдөр 50 мянган тун ногддог гэж тооцвол Их Британи улсынхаас даруй дөрөв дахин их хэрэглээтэй гэсэн үг. Опиоидын хэрэглэх хууль ёсны үндэслэл ч бий. Эдгээрийг хавдрын өвчтөнүүд өвчин намдаах зорилгоор, түүнчлэн мэс заслын дараа сэргээн засах эмчилгээнд орж буй өвчтөнүүд хэрэглэдэг. Ерөнхийдөө кодеин, морфиныг опиоид гэж хэлж болно.
Гэхдээ ийм эм, бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэвэл асуудал үүсч эхэлнэ. АНУ ч яах аргагүй ийм асуудалд оржээ. Америкийн конгрессийн нэгэн хорооны мэдээлснээр Баруун Виржиния мужид 400-хан хүн амтай нэгэн хот байдаг. Гэтэл тус хотод өнгөрсөн хоёр жилийн хугацаанд есөн сая ширхэг опиоидын шахмал эм нийлүүлэгджээ.
Тус улсын хэмжээнд 2015 онд опиоидын үйлчлэлээс болж 33 мянган хүн нас барсан тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. Үүнд героин буюу хориотой опиоид хэрэглэснээс болж амиа алдсан хүмүүс ч багтаж буй юм. Гэхдээ үхлийн бараг хагас хувь нь жороор бичиж олгосон өвчин намдаах эм бэлдмэлээс болжээ. Тэгвэл дэлхийн бүх орноос АНУ-д яагаад энэ асуудал хурцаар тавигдах болов? Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Америк эмч нар ийм бэлдмэл их бичиж өгдөг
Европын ихэнх орнуудаас ялгаатай нь АНУ-д татвараас төлөгддөг эмнэлгийн нэгдсэн систем гэж байхгүй. Америкчууд хувийн даатгал төлөх шаардлагатай байдаг бөгөөд үүнийг ажил олгогч, эсвэл улс төлдөг байх хэрэгтэй. “Даатгалын ихэнх төлөвлөгөө нь ялангуяа боломжгүй хүмүүст эмнээс өөр ямар ч эмчилгээг төлөх чадамж байдаггүй” хэмээн Баруун Виржинийн их сургуулийн анагаах ухааны факультетийн багш Жудит Файнберг хэлжээ. “Жишээ нь гэхэд 45 настай өвчтөн байлаа гэж үзье. Түүний нурууны доод хэсгээр өвдөж байгаа гэж тооцъё. Та үүнийг үзээд, булчингийн чангарал гэж оношилжээ. Үүнийг эмчлэх хамгийн сайн арга нь физик эмчилгээ. Гэвч үүнд хэн ч мөнгө төлөхгүй. Тиймээс эмч шууд л жорын цаасан дээрээ бичих болно. Тэр ч бүү хэл таны даатгал физик эмчилгээнд хүрэлцэхээр байсан ч даатгалын компаниас урьдчилан зөвшөөрөл авах ёстой. Энэ нь цаг, цаас барсан ажил” хэмээн тайлбарлажээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар жор бичилтийн тоо хамгийн өндөр байсан 2010 оноосоо 18 хувиар буурсан ч 1999 оны үзүүлэлтээс гурав дахин их хэвээр байгаа аж.
“Би энэ эмийн зурагтаар харсан”
АНУ, Шинэ Зеланд бол жороор олгодог эмийг зурагтаар сурталчлахыг зөвшөөрдөг тоотой хэдэн орны нэг юм. “Kantar” компанийн судалгаагаар АНУ-д эмийн компанийн рекламд зарцуулах зарлага өнгөрсөн онд 6.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оныхоос 64 хувиар их юм. Зурагтаар хамгийн их сурталчилдаг 10 эмийн нэгийнх нь ч найрлагад опиоид ороогүй аж. Гэхдээ Жудит Файнберг нийтэд сурталчилсны ачаар опиоид амжилтад хүрсэн тухай ярьжээ. “Эмчээр ажиллаж байхад хүмүүс “Би энэ эмийг зурагтаар харсан. Үүнийг надад өгч болно биз дээ” гээд л орж ирнэ шүү дээ. Заримдаа тэд хэлэлгүйгээр тэрхүү эмээ уучихсан байдаг” хэмээжээ.
2015 онд Америкийн анагаахын нийгэмлэг жороор олгодог эмийг телевизээр сурталчлахыг хориглох тухай уриалсан ч хэрэгжээгүй юм. Үүнээс хойш гурван сарын дараа “Супербоул” буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн шувтаргын тоглолтын завсраар гардаг зар сурталчилгаа опиоидын соёлыг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлсэн гэхэд болно. Энэ бол Америкийн телевизүүдийн хувьд зар сурталчилгааны хамгийн үнэтэй цаг юм. Нэг минут үргэлжилдэг уг сурталчилгаагаар опиоид хэрэглэсний гаж нөлөө өтгөн хаталтын тухай гардаг аж. Уг сурталчилгаагаар хүмүүсийг жороор олгодог эмийнхээ эмчилгээний арга замын талаар эмчээсээ асуухыг уриалсан байна.
Эмч нарт барих бэлэг
АНУ-д эмийн компаниуд өвчтөнүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлээсэй гэж эмч нарт анхаарал тавих нь хэвийн үзэгдэл болжээ. “Хэрэв та АНУ-д эмч бол эмийн үйлдвэрлэлийн төлөөлөгчидтэй харьцана гэсэн үг. Тэд маш халамжтай, найрсаг, сайхан хувцасласан байх бөгөөд бүгдэд л бэлэг барина. Бас оройн зоогт урьж, бага хурлыг ивээн тэтгэж, хөгжилтэй аялал хүртэл зохион байгуулна. Энэ бүгд эмчийн бичиж өгч буй эмийн жагсаалтад нөлөөлдөг” хэмээн Стэнфордын их сургуулийн профессор Кит Хамфрис мэдэгджээ.
Сүүлийн дөрвөн жилд Америкийн Засгийн газар эмийн бүтээгдэхүүн, эмчилгээний хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын гаргасан мөнгөн дүнг нийтэд ил болжээ. Энэ тоо өнгөрсөн онд найман тэрбум ам.доллар болсон байна. Шагналыг 630 мянган хүн авчээ.
Тухайлбал, хүчтэй үйлчилгээтэй опиоид үйлдвэрлэгч нэг компани эмч нарт 80 мянган ам.доллараар долоон сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Өнгөрсөн онд нэгэн судалгаа явуулж, эмийн компаниас эмч нарт барьдаг үнэгүй зоог, эмч нарын бичдэг жорын хоорондын хамаарлыг шинжилж үзжээ. Судалгаагаар хоолонд даасны үр дүнд эмч нар тухайн компанийн эмийг жор дээр бичих нь нэмэгдэж, эмийн компани ч тэр хэрээр орлогожиж байв. Эм үйлдвэрлэгч компаниуд зөвхөн эмч нартай л мэдээллээ хуваалцах гэж төлөөлөгчдөө явуулдаг хэмээн баталж байна. Харин Кит Хамфрис үүнд “авлигын нөлөө” бий гэж үзжээ.
Эмч нарын боловсрол дутмаг байна
Ричард Франк Харвардын бизнесийн сургуульд эрүүл мэндийн эдийн засаг хэмээх хичээл заадаг. Тэрбээр 2009-2016 онд буюу Барак Обамагийн засаг захиргаанд АНУ-ын Эрүүл мэндийн яаманд ажиллаж байжээ. Тэрбээр АНУ-ын эрүүл мэндийн боловсролын салбарт шинэчилж өөрчлөх шаардлагатай гэж үздэг.
“Эмч нар өвчин намдаах эмийн хэрэглээний тал дээр ямар ч бэлтгэлгүй гарч ирдэг. Саяхныг хүртэл тэд зарим төрлийн бүтээгдэхүүн дасал үүсгэдэг гэсэн асуудал буруу төсөөлөлтэй байсан. Хэдэн жилийн өмнө би Засгийн газарт ажиллаж байхдаа конгресст хэлэлцүүлэг өрнүүлж билээ. Тэгтэл конгрессын нэг гишүүн улс төрд орож ирэхээсээ өмнө цээжний хөндийн мэс засалж байсан. Тэрбээр өвчин намдаах эм бэлдмэлийн хэрэглээний тухай сурч байгаагүй гэж билээ. Түүнийг мэдэж байгаа бүхэн нь хамт ажилладаг байсан сувилагч нараасаа олж мэдсэн зүйл байсан” хэмээн ярьжээ.
Үүнийг Жудит Файнберг ч хүлээн зөвшөөрч байна. “Эмч нар анагаахын сургуулиас дасал болох тухай огт мэдээлэлгүй гарч ирдэг. Энэ нөхцөл байдал одоо өөрчлөгдөж л байна. Гэхдээ өдгөө эмчээр ажиллаж буй хүмүүс энэ тухай мэдлэггүй. Өвчин намдаах эмийн тухай хичээл хоёр цагаас хэтэрдэггүй. Тиймээс ч хүмүүс опиоидын тухай мэдлэг бараг байдаггүй” хэмээжээ.
Эрдэмтдийн алдаа
1980 онд доктор Хершел Жик “New England Journal of Medicine” хэмээх алдартай сэтгүүлд товч захидал бичжээ. Уг захидалд “Эмнэлгүүдэд мансууруулах бодис агуулсан эм бэлдмэлүүдийг өргөн хэрэглэж байгаа ч өмнө нь ямар нэгэн зүйлийн хамааралгүй байсан өвчтөнүүдийн дунд хамааралтай болох эрсдэлийг ажиглаж буй нь ховор байна” гэжээ. Түүний гаргасан нотолгоог эрдэмтэд үгүйсгэж, интернэтэд тавьсан захидал нь асар их шүүмжлэлд орсон юм. Гэвч Жикийн захидал нэлээд ноцтой асуудал үүсгэсэн.
Энэ онд Канадын судлаачид опиоидын бэлдмэлээс хамааралгүй болохыг батлах гэж уг захидлыг 600 удаа эш татсан тухай мэдээлжээ. 1990-ээд оны сүүлчээр дайчдад анагаахын үйлчилгээ үзүүлдэг газраас амьдралын таван шинжээр өвчин үүссэнийг хүлээн зөвшөөрдөг болжээ. Үүнд биеийн хэм, пульсын давтамж, амьсгалын тоо, артерын даралт зэрэг орно.
Дараа нь 2001 онд Америкийн 21 мянган байгууллага, эрүүл мэндийн хөтөлбөрийг хариуцсан хамтарсан комиссоос өвчний түвшин, тусламж үзүүлэх стандартыг тогтоосон байна. Харин өнгөрсөн онд уг комисс бүх тал опиоидуудын асуудалд бие биеэ буруутгахыг оролддог тухай дурдсан мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд баталснаар 2011 онд гаргасан стандар нь өвчтөний өвчнийг бууруулах эм бэлдмэлийг хэрэглэхийг шаардаагүй гэжээ. 2016 онд нэгэн судалгаагаар Япон болон Америкийн эмч нар опиоидыг хэрхэн бичиж өгдгийг харьцуулжээ. Гэтэл Японы эмч нар хүчтэй өвдөлтийн нийт тохиолдлын 46 хувьд опиоид зөвлөсөн байхад Америкт энэ тоо нь 97 хувьтай байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Бэлтгэсэн Э.ЗАЯА