-358 хүний амийг авч одсон өмнөх халдлагаас яг хоёр долоо хоногийн дараа Могадишод дахин халдлага гарч, 17 хүн амь үрэгдлээ. Энэ удаад дайчид хоёр газарт дэлбэрэлт зохион байгуулж, Засгийн газрын гишүүдийн зохион байгуулж байсан аюулгүй байдлын бага хурал болох зочид буудлыг эзлэн авчээ-
Эхний дэлбэрэлт Сомалийн нийслэлийн төв хэсэгт Ерөнхийлөгчийн ордноос 600 метрийн зайд тэсрэх бөмбөгөөр цэнэглэсэн автомашинд гарсан байна. Үүний дараахан зэвсэглэсэн дайчид байр руу дайрч оржээ. Үүнээс хэдэн минутын дараа парламентын хуучин байрны дэргэд бас нэг машин дэлбэрсэн байна. Уг хоёр дэлбэрэлтийн улмаас 17 хүн амиа алдсаны олонх нь цагдаагийн ажилтнууд байсан гэж цагдаагийн офицер “Ройтерс” агентлагт мэдэгджээ.
Үүнээс гадна дайчдын эзлэн авсан зочид буудалд нэлээд хэдэн хүн бууруулсан гэнэ. Тэдний дотор хүүхдүүд, эмэгтэйчүүд, Сомалийн парламентын гишүүн асан байжээ. Энэхүү зочид буудалд өчигдөр аюулгүй байдлын бага хурал зохиогдох ёстой байв. Энэхүү хэргээс яг хоёр долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-нд Могадишод цуврал дэлбэрэлт болж, 358 хүн амиа алдсан билээ. Энэ бол Сомали улсын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан халдлага болсон юм.
Харин өнгөрсөн бямба гарагийн халдлагын хариуцлагыг “Аль-Кайда”-тай холбоотой “Аш-Шабаб” исламист бүлэглэл хүлээсэн байна. Тус бүлэглэлийг өмнөх халдлагад ч буруутгадаг. Өнгөрсөн удаад дайчид дэлбэрэлтэд ямар ч хамааралгүй гэж өөрсдөө мэдэгдэж байв. Харин энэ удаад дайчид бага хуралд ажилласан аюулгүйн албаны ажилтнууд, цагдаа нарыг гол байгаа болгосон гэнэ. Энэ уулзалтаар “Аш-Шабаб”-тай тэмцэх нэгдмэл стратегийг боловсруулах ёстой байлаа. Эзлэгдсэн барилга дотор байсан нэгэн дайчин “Ройтерс” агентлагт мэдэгдэхдээ уг зочид буудал тус улсын Дотоод аюулгүй байдлын сайдынх гэжээ.
“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар халдлага эхлэхээс өмнө зочид буудлын ойролцоо нэгэн ачааны машин зогсож, жолооч нь өөрөө засах гэж байгаа мэт болжээ. Энэ үед зочид буудлын ажилтнууд хамгаалалтаа чангатгасан байна. Дараа нь амиа золиослогчтой машин зочид буудлын хаалга руу дайран орж дэлбэрэхэд дайчид байр руу нэвтэрч оржээ. Тус агентлагийн мэдээлснээр халдлагад өртсөн хүмүүсийн тоо 23-д хүрсэн гэнэ.