Н.Дэмбэрэл МАН-ын даргад өрсөлдөх гэж байна

Эрх баригч МАН-ын Их хурал ирэх сарын 20-21-ний өдрүүдэд болно. Энэхүү их хурлаар М.Энхболд намын даргын албан тушаалаа өгөх бөгөөд МАН-ын дарга хэн болох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж буй гол сэдэв билээ. Ж.Эрдэнэбатын засгийг унагааж, Ерөнхий сайдын суудлыг нь авсан У.Хүрэлсүх намын даргад өрсөлдөнө гэдэг тодорхой гэсэн яриа бий. Мөн Ж.Эрдэнэбат ч намын даргын төлөө өрсөлдөхөөр сэмхэн бэлтгэж байгаа сураг дуулдаж байна.
Мөн намын даргын энэ удаагийн сонгуульд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Н.Дэмбэрэл оролцохоор болсон тухай Тусгаар тогтнолын ордноос жиргээд эхэлжээ. Босоо удирдлагатай, удирдлагаас гарсан шийдвэрээсээ хэзээ ч хазайж байгаагүй, хөшигний ард дохиураар намын даргаа сонгочихдог МАН-ынхны дунд энэ удаад гал гаргасан өрсөлдөөн болж магадгүй байна. Учир нь энэ удаа намын даргад залуучууд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр болж байгаа нь тус нам шинэчлэгдэж магадгүй гэсэн горьдлого төрүүлж байгаа юм. Ямар ч байсан МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүхийн өрсөлдөгчийн тоо нэмэгдсээр байна.
Н.Дэмбэрэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга, МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга, Намын даргын зөвлөхөөр ажиллаж, Намын бага хурлын гишүүнээр сонгогдож байсан юм.