АНУ-ын Засгийн газар энэ сарын 26-нд Жон Кеннедийн аллагатай холбоотой баримтуудыг дэлгэсэн билээ. Өнөөдрийн байдлаар олон нийт, сэтгүүлчдийн гарт нийт баримтын 88 хувь нь цэвэр хэлбэрээр, 11 хувь нь редакторын ажлын ул мөр хэлбэрээр нийтэд түгэхэд бэлэн болоод байна. Харин нийт баримтын нэг хувь нь бүрэн нууц хэлбэрээр үлджээ.
Ийнхүү нийт 2891 баримтад нийтлэгдэх боломжтой эсэхийг судлах ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн аллагыг мөрдөн байцаахтай холбоотой цөөн хэдэн чухал баримт дэлгэгдээд байна.
Ерөнхийлөгчийн үхэлтэй холбоотой энэхүү баримтыг 1992 онд Конгрессоос 2017 оны аравдугаар сарын 26-ныг хүртэл олон нийтийн хүртээл болгохгүй байх захирамж гаргаж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хугацааг цааш сунгах эрхтэй байсан ч ингэхийг хүсээгүй аж. Тиймээс ч “Кеннедийн тухай материалуудыг дэлгэх хүсэн хүлээсэн өдөр маргааш болно. Үнэхээр сонирхолтой” хэмээн “Твиттер”-тээ бичжээ.
Жон Кеннеди нь 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Далласт айлчлах үеэрээ буудуулж амиа алдсан билээ. Америкийн төрийн тэргүүн эхнэр Жаклинтайгаа Элм-Стритээр Ерөнхийлөгчийн цуваагаар явж байгаад үхлийн шарх авсан юм. Кеннедийн алуурчнаар цорын ганц сэжигтэн болох Харви Ли Освальд тодорсон. Тэрээр мөн АНУ-ын Ерөнхийлөгчийг амиа алдсанаас хойг хоёр хоногийн дараа Далласын клубын эзэн Жек Рубигийн суманд оногдож, нас барсан билээ.
Кеннедийн үхэл эхний өдрөөсөө л янз бүрийн таамаглалын шалтгаан болсон. Тухайлбал, Ерөнхийлөгчийн үхэлд ЗХУ-ын тагнуулчид, Кубын тусгайгийнхан, улстөрчид, АНУ-ын доторх мафийнхан хамаатай гэцгээж байлаа. Тэгвэл шинэ баримтуудаар юу ил болсон бэ.
Баримт 1.
Холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Гувер Кеннедийн аллагад сэжиглэгдэн саатуулагдсан Харви Ли Освальдын амь насанд аюул заналхийлэл учирч буй тухай мэдээллийг хүлээн авчээ.
Гуверийн дурсамжаар бол Холбооны мөрдөх товчооны Даллас дахь салбарт Освальдын амь насанд аюул заналхийлэл учрах гэж байгаа тухай анхааруулсан утасны дуудлага ирсэн гэнэ. Холбооны мөрдөх товчоо орон нутгийн цагдаагийн газарт дуудлага ирсэн тухай уламжилж, хоёр ч удаа Освальдын хамгаалалтыг чангатгах хүсэлт гаргасжээ. “Гэвч хамгаалалтыг нь огт чангатгаагүй” хэмээн Гувер мэдэгджээ.
Баримт 2.
Холбооны мөрдөх товчоо Кеннедийг хөнөөхөөс ч өмнө Освальдын үйл ажиллагааг тагнахыг оролдож байв.
1963 оны аравдугаар сард Холбооны мөрдөх товчооны Даллас дахь салбарынхан Освальдын үйл ажиллагааг мөрдөж шалгах оролдлого хийж байжээ. Освальд нь Кубын нөөцийг хянадаг тагнуулчдын сонирхлыг татаж байв. “Одоогийн байдлаар бид Харви Ли Освальдын байршлыг тогтоохыг оролдож байна” хэмээн баримтад дурджээ.
Баримт 3.
ЗХУ дэлхийн гуравдугаар дайн эхлэхээс эмээж байжээ.
Америкийн Холбооны мөрдөх товчооны мэдээллээр бол ЗХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн аллагаас болж маш ихээр сандарч, Линдон Жонсон тэргүүтэй улстөрчдийн хуйвалдаанаас болсон байж магадгүй хэмээн болгоомжилж байжээ. Үүнээс гадна ЗХУ-ын удирдагчид Америкийн яахаас ч буцахгүй зарим генерал АНУ-ын Ерөнхийлөгчийн аллагад ЗХУ оролцсон гэж үзвэл дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлж магадгүй гэсэн хувилбарыг ч гаргаж ирж байжээ. ЗХУ-д бол Освальдыг “улс орноосоо болон бусдаас ч урваж шарвадаг мэдрэл муутай маньяк” гэж харж байсан тухай Холбооны мөрдөх товчооны мэдээлэлд өгүүлжээ.
Баримт 4.
Кастро халдлагад өөрийгөө хамааралгүй гэв.
Кубын удирдагч Фидель Кастро Ерөнхийлөгч Кеннедийн аллагад улсаа ямар ч хамааралгүй гэж хэлсэн байна. Гэсэн ч АНУ дахь Куба улсын Элчин сайд Кеннедийн аллагыг “илт урам зоригтойгоор хүлээн авсан тухай” Холбооны мөрдөх товчооныхон мэдээлжээ.
Баримт 5.
Освальд Кеннедийг хөнөөхөөсөө өмнө Улсын аюулгүйн хорооны тагнуулчидтай холбоо барьжээ.
Мехикогоос тагнасан нэгэн утасны дуудлагаас үзэхэд Харви Ли Освальд 1963 оны есдүгээр сарын 28-нд ЗХУ-ын Элчин сайдын яаманд очиж, консул Валерий Костиковтой ярилцжээ. Освальд Зөвлөлтийн ЭСЯ руу аравдугаар сарын 1-нд утасдаж, хазгай муруй оросоор нэрээ хэлж, уулзалт товлохыг хүсээд, утасны дуудлагад хариу өгсөн хамгаалагчид “Вашинтон дахь цахилгаан мэдээлэлтэй хамааралтай” ямар нэгэн шинэ зүйл болсон эсэхийг асуужээ. Костиков нь Улсын аюулгүйн хорооны тагнуулч байсан бөгөөд Улсын аюулгүйн хорооны 13 дугаар газраас санхүүжүүлсэн ажиллагааны шууд гүйцэтгэх ажилтан байсан тухай баримтад тэмдэглэсэн байна. Энэ нь “ажиллагааг тасалдуулах болон аллага”-тай холбоотой үйл ажиллагаа гэж Холбооны мөрдөх товчооныхон үзжээ.
Баримт 6.
Освальдын алуурчин тэсвэр тэвчээргүй, зөрүүд хүн байжээ.
Харви Ли Освальдын алуурчин Жек Руби нь зөрүүд, тэсвэр тэвчээргүй хүн байсан тухай баримтад өгүүлжээ. Кеннедийн аллагад тэрээр төрсөн эцгийнхээ үхлээс ч илүү шаналж, гашуудаж байсан бөгөөд Руби олны анхаарлыг өөртөө татахын тулд Освальдын хөлийг шархдуулалгүй, шууд хөнөөсөнд Холбооны мөрдөх товчооныхон ихэд гайхжээ.
Баримт 7.
Кеннедийг хөнөөхөөс 25 минутын өмнө Британийн “Cambridge Evening News” сонинд “том мэдээ”-г хүлээх зөвлөгөө иржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди халдлагад өртөхөөс 25 минутын өмнө Британийн “Cambridge Evening News” сонины редакци руу нэрээ нууцалсан нэгэн этгээд утасдаж, ямар нэгэн “том мэдээ” авахын тулд АНУ-ын ЭСЯ-тай холбоо тогтоохыг зөвлөжээ. Утсаар ярьсан этгээд яг ямар мэдээллийн тухай хэлэлгүйгээр утсаа тасалсан байна. Ерөнхийлөгчийг амиа алдсаны дараа таавар мэт дуудлага хүлээн авсан сурвалжлагч Кембрижийн цагдаагийн газарт нууц дуудлагын талаар мэдээлэл өгсөн гэнэ. Харин цагдаагийн газар Британийн тагнуулын MI5-д мэдээллийг дамжуулжээ.
Э.ЗАЯА