Монгол Улсын Засгийн газар 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө олон улсын зах зээлд отгон бонд “Гэрэгэ”-г арилжаалж, 800 сая ам.доллар босголоо. Шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байхаар арилжаалж чадсан нь чамлахааргүй амжилт болсон юм. Учир нь эдийн засагчдын хүлээж байсан хүү ойролцоогоо 6 хувьтай байсан ч ойролцоогоор 0.4 хувиар бага арилжаалж чадав. Ингэснээр “Чингис бонд”-ын эхний 500 сая ам.доллар, “Димсам” бондыг эргэн төлөх боломж үүсч байгаа юм. Хэдийгээр бондыг бондоор солилоо хэмээн шүүмжлэгдэж байгаа ч төсөвт дарамт учруулахгүйгээр эргэн төлөлтийг бага болов хугацаагаар хойшлуулж чадсанаараа “Гэрэгэ” бонд цагаа олов.
Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох санал тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг давсан талаар бондын гэрээ хэлцлийг анхлан эхлүүлсэн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хэлж байв. Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл төдийлөн сайжраагүй, САА-1 түвшинд байгаа ч жил, хагасын өмнө арилжаалж байсан “Мазаалай” бондын хүү 10.9 байсан бол “Гэрэгэ” бондын хүү 5.6 болж буусан нь Монголын эдийн засагт нааштай хандлага ажиглагдаж эхэлсний илрэл хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм. Шинэ бондын санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх аж.
Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл бүрдэж байна хэмээн Төв банкнаас мэдэгдэв.
Эх сурвалж: МонЦаМэ