Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 27-29-нд болж өнгөрсөн сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр Монголын шигшээ баг тодорлоо. Манай сагсчид энэ спортын төрөлд шинэ түүх эхлүүллээ.
Сагсан бөмбөгийн энэ төрөл 2020 оноос олимпийн наадмын төрөлд албан ёсоор орж байгаа. Улаанбаатарт болсон тэмцээн олимпийн тоглолтын оноо олгох эрхтэй байсан тул 15 улсын тамирчид ирж, ур чадвараа сорьсон байна. Мөн тэмцээнд урилгаар Австрали, Шинэ Зеландын баг хүрэлцэн ирж тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгов.
Монголын сагсчид, хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж, нэмэлт цагт 19:17 харьцаагаар буулгаж авсан юм. Харин аваргын төлөөх тоглолтод Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор, монголчууд анх удаа багийн спортоор тивийн аварга болж байна. Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар бүрдүүлж чадварлаг тоглож ийнхүү ялалт байгууллаа.