АПИ-МОН” сувилалын Ерөнхий эмч, апитерапевт, АУ-ны магистр Ж.Ганчимэгтэй амьд зөгийн шидэт хатгуурын талаар ярилцлаа.
-Олон хүнийг өвчин зовлонгоос нь салгаж амьдарлын баяр баясгалан бэлэглэж байгаа Ж.Ганчимэг эмч хэдэн онд АШУҮИС-ийг хэдэн онд, ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би 1992 онд тэр үеийн АУДС-ийг хүүхдийн эмчээр төгссөн. Төгсөөд л Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Өрхийн эмчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ 4 байрны 200 гаруй өрхийн 1192 хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа.
-Ер нь танай удамд эмч байсан уу?
-Миний өмнө яг эмчээр төгссөн хүн байгаагүй ч эмнэлгийн дунд мэргэжилтэй хүн бол байсан. Тэгээд миний дараа дүү маань АУДС-ийг төгсч эмч болж байлаа.
-1992 он гэхээр Монгол Улс дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжиж дэлгүүрийн лангуун дээр давс, шилтэй цуу, гялгар ууттай урт пүнтүүзнээс өөр зүйлгүй, айл гэр хүмүүсийн амьдрал тун хүнд байж билээ. Тэр хүнд үед Өрхийн эмчийн ажил ч бас л яггүй байсан байх даа?
-Тийм шүү. Дөнгөж сургууль төгссөн, өөрөө нялх хүүхэдтэй амьдрал их хүнд байсан. Тэр хүнд бүхнийг сөрөөд хоёр жил ажилласан. Тухайн үед ажлын ачаалал маш их байсан. Зүрх судасны өвчтэй хүмүүсээ гэрээр нь явж хянана, дөнгөж төрсөн нярайг долоо хоногт хоёроос гурван удаа очиж эргэнэ, жирэмсэн эхчүүдээ байнгын хяналтанд байлгана, дээр нь групп сунгуулах хүмүүсээ бэлтгэнэ гээд бөөн юм болдог байсан. Ер нь л байнгын гүйгээстэй шахуу, түмэн завгүй л явдаг байсан. Мөнгө хоёр дахин унаад 4200 төгрөгийн цалин авдаг байсан нь өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх юм мэдэхгүй. Баахан мөнгө л авдаг дэлгүүрт очоод юм авахаар тал нь яваад өгдөг л үе байлаа. Ингэж байтал амьдрал хэцүүдээд ирсэн. Тэгээд бусдын жишгээр л ОХУ-руу наймаанд явж эхэлсэн дээ.
-Өөрөө Солонгос хэлийг төгс эзэмшсэн юм билээ. Солонгосоор хэр баргийн хүн шүлэг бичихгүй. Солонгос оронтой хэдийнээс хувь заяагаа холбосон бэ?
-Тэгж явж байгаад 2004 оны 4 дүгээр сард БНСУ-руу явах боломж гарч ирсэн. Анх бизнесийн визээр гараад тэгээд бас л амьдралын шаардлагаар харлаад үлдчихсэн. Тэгээд ажил хийж явж байгаад өөрийнхөө багш, ирээдүйн нөхөртэйгөө танилцаж байлаа. Ингэж байтал Гадаад эхнэрүүдийн холбооны бас нэг багш маань “Чи эмч боловсролтой хүн ийм ажил хийж болохгүй, Солонгос хэл сайн сурахын тулд сургуульд сур” гэсэн юм. Тухайн үед Солонгосдоо томд ордог Сөүлийн Гадаад хэлний дээд сургуулиас “Хэлмэрч орчуулагч шалгаруулж авна” гэсэн зарын дагуу Чоннам дүүргийн 70 гаруй хүнтэй өрсөлдөж ялагч болсон дөрвөн хүний нэг нь болоод 2009 онд элсэн орох аз завшаан тохиож байлаа. Тийнхүү Солонгост гараагаа их азтай сайн эхэлсэн болохоор хойшдын минь амьдрал үнэхээр аз хийморьтой байсан даа. Түргэвчилсэн сургалтад их сайн сураад 2009 оны 6 дугаар сараас эхлээд өөрийнхөө хотын Гадаад иргэдтэй суугчдын төвд Орос, Монгол хэлний орчуулагчаар 2013 оны 5 дугаар сард Монголдоо буцаж иртлээ ажилласан.
-Солонгост байхдаа нийгмийн идэвх их өндөртэй байсан гэсэн. Орчуулагч хийхийн хажуугаар сонины сурвалжлагч, олон нийтийн сайн дурын ажилтан хийхийн хажуугаар олон уралдаан тэмцээнд түрүүлж байсан гэсэн?
-Үнэхээр нийгмийн идэвх өндөртэй амьдарч байсан юм билээ. 2010 оноос эхлээд л эх орон, ээж, ааваа санахаараа шүлэг яруу найраг, эссе, бодрол маягийн юм бичиж эхэлсэн. Би анх Солонгос явахаас зургаан сарын өмнө аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн л дээ. Тэгээд Солонгост аавыгаа маш их мөрөөдөн дурсдаг байлаа. Тэгээд аавынхаа тухай нэг хөрөг тэмдэглэл бичээд Солонгос багшдаа үзүүлсэн чинь бараг л нүднээс нь нулимс гарах шахаад “Чамд их авъяас байна. Бичээд бай. Гэхдээ Солонгос хэлээ улам сайжруулах хэрэгтэй” гэсэн л дээ. Яг тэр үед Солонгос сонинд сэтгүүлч сурвалжлагч авна гэсэн зарын дагуу бас шалгаруулалтад орж тэнцээд сурвалжлагч болсон. Аавынхаа тухай бичсэн хөрөг найруулал маань Солонгосын эмэгтэйчүүдийн хамгийн том сонинд хэвлэгдсэн. Ер нь би өөрийгөө их азтай хзн гэж боддог. Миний анхны “Бороо ороход” гэдэг шүлэг маань Чежүдүгэс зарласан улсын III уралдаанд байр эзэлж байсан. Тэр бүхнээс их урам орж хаана уралдаан болно тэр бүхэнд ороод хоосон хоцорч бараг л үзээгүй. Тэгж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 14-нд Сүгмён эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ази судлалын төвөөс гаргасан уралдаанд “Солонгос дахь миний амьдрал” гэдэг эссе маань 304 хүний бүтээлээс шалгаран Гранпри шагналыг нь авч байсан. Тухайн үед Асанаас Сөүл рүү галт тэргээр 1:30 цаг явах замдаа интернет орсон чинь тэр өдөр нь өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн эзэн Чингис хааны төрсөн өдөр болж таарч би тун их бэлэгшээж байснаа санаж байна.
-Солонгост амьдарч байгаа гадаадын 304 бүсгүйчүүдээс түрүүлж Гранпри шагнал хүртээд ямар шагнал авч байв даа?
-Өө тэр чинь том газраас зохион байгуулсан болохоор шагналын сан ч өндөртэй байсан. Би гурван сая воны шагнал гардаж байсан. Би Солонгост байхдаа маш олон шагнал авч байсан боловч 2012 он үнэхээр шагналын даллага авсан он байсан. /хэ хэ/ Яагаад гэвэл 2012 оны 5 дугаар сарын 29-нд бас л зургаан хүн шагнал гардахад ганцаараа гадаад хүн байж бас л гурван сая воны шагнал авч байлаа. Тэр нь гэрийн сайн эзэгтэй, бүх ажлыг амжуулдаг, хажуугаар нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, ер нь л амьдралаа өв тэгш авч яваа эзэгтэй гэдэг номинацийн шагнал байсан л даа.
-Солонгос орон өөрт чинь ээл буянаа харамгүй хайрлажээ. Яагаад гэнэтхэн Монголдоо ирэхээр шийдсэн бэ?
-Солонгос бол хүнд дээд зэргийн боломж олгодог сайхан орон. Би хэвлэл мэдээлэл, буяны байгууллага, тэр ч бүү хэл гадаад ажилчдыг хянаж байдаг Эмиргэйшн дээр хүртэл долоо хоногийн гурав дахь өдөр болгон очиж хоёр цаг орчуулга хийж ажилладаг байсан. Ингээд бүх талаар өөрийгөө хөгжүүлээд сайн сайхан явж байтал манай эгч 2010 оноос хойш л “Чи эмч хүн байж одоо Монголдоо ирж өөрийнхөө ажлыг эхлүүлээч ээ” гэх болсон. Би Монголдоо зун ерөөсөө ирж чаддаггүй байсан. Тэгж байгаад 2012 оны зун даргадаа хэлж зөвшөөрөл аваад ээж дээрээ ирж анх удаа хамтдаа Тэрэлж явсан юм. Тэгэхэд л “Миний төрсөн Монгол орон чинь яасан сайхан юм бэ. Зүлэг ногоо нь хамгийн тансаг хивснээс ч зөөлхөн юм” гэж анх удаа зүрхээ шимширтэл санааширсан даа. Тэгээд буцаж очоод нөхрөөсөө гуйсан даа. “Ээж, эгч нар маань намайг Монголдоо ирж эмчээ хий гээд байна би явъя” гэж бүтэн жил гуйтал ухаантай хүн болохоороо 2013 онд “За чи минь яв даа” гэсэн. Ингээд л 2013 оны 5 дугаар сард Монголдоо ирж “АПИ-МОН” зөгийн хатгуурын сувилалаа нээсэн дээ.
-Зөгийн хатгуурын эмчилгээг хэр баргийн хүн зориглон хийхгүй болов уу. Өөрт чинь энэ талын дадлага байсан уу?
-Манай эгч эмнэлгийн дунд мэргэжлийн хүн учраас зөгийн хатгуурын эмчилгээнд ажиллаж байсан юм. Тэгээд миний эрэгтэй дүү эмч болохоор гэр бүлээрээ л энэ ажил руу ханцуй шамлаад орсон. Би өөрөө орос, солонгос хэлтэй учир Солонгост байхдаа ч энэ талаар судалсан, ажлаа эхлэхдээ ч бас Ленинград явж туршлага судалсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 26 буюу улс тунхагласаны баярын өдөр 12 хүнтэйгээр сувилалаа нээж байсан. Бид нар өөрсдөө ээж ааваасаа 12-уулаа учир анх бэлэгдлийг бодож 12-уулаа ажлаа эхэлж байлаа. Манай хамт олон анхнаасаа л ёстой л зангидсан гар шиг хамт олон бүрэлдсэн. Миний эмэгтэй дүү манай тогооч, эгч маань мэргэжлийн бариа засалч болохоор тэр талаа хариуцчихна. Тэгээд дээрээс нь чин сэтгэлтэй, хүний төлөө гэсэн хэдэн сайхан хүүхнүүд, залуучуудтай хамт олон бүрдсэн.
-Өнгөрсөн хугацаанд танай сувилалаар хэчнээн хүн эмчлүүлж эрүүл энхийн жаргалыг эдэлсэн бол?
-За ерөнхийдөө жилдээ 600 орчим гээд бодоод үзэхэд 2000 нэлээд гарсан хүн эмчлүүлж, сувилуулж илааршаад гарсан тоо байгаа.
-Амьд зөгийн хатгуурын эмчилгээ их сонин юм. Хөөрхий энэ амьтан бидний өвчнийг анагаахын тулд нэг удаа хатгаад өөрсдөө үхэх нь бас л гунигтай ч юм шиг?
-Бид зөгийгөө нэг удаа тариур гэдэг. Гэхдээ байгаль дээр ургадаг тэр олон цэцгийн тоос хүртэж байсан амьтан болохоор тэр аяараа амьд байгалийн амин дэмээр таныг эмчилж байна гэсэн үг л дээ. Орчин үед хүмүүсийн дархлаа байхгүй болоод байгаа нь хэтэрхий байгалиасаа холдож, идэж ууж байгаа, эдэлж хэрэглэж байгаа нь дэндүү хиймэл, механикжсан болохоор байгалийн амьтан болох хүмүүсийн дархлаа байхгүй болж өвчлөмтгий болж байна. Тэгэхээр байгалийн амьтан болох хүнийг байгалиар нь л эмчилж байгаа хэрэг юм. Алдарт эрдэмтэн Эйнштейн “Зөгий устаж алга болвол дөрвөн жилийн дараа хорвоогийн амьдралд төгсгөл ирнэ” гэж хэлсэн байдаг. Зөгий гэдэг амьтан үүсч бий болоод 50 гаруй сая жил болохдоо байгалийн бүх л шалгуурыг даваад тэр байтугай цөмийн бөмбөгдөлт, бүх л дайн тулаануудыг давж гарахдаа анх үүссэн өөрийнх нь төрөлх мутацид ямар ч өөрчлөлт ороогүйг эрдэмтэд баталсан байдаг. Ингэхээр таныг эрүүл болгохын төлөө ганц хатгуур хийгээд нүд аньж байгаа зөгий гэдэг амьтан үнэхээр гайхамшигтай. Зөгийний хоронд хүний бие организмд маш хэрэгтэй 70 гаруй биологийн идэвхит бодис байдаг. Зөгий нэг удаа хатгахад 0.2 млг хор хүний биед орж байгааг пенцилленээр зүйрлэвэл 2.5 шил пенциллентэй тэнцэх хэмжээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ жижигхэн амьтны ганц удаагийн хатгуурт ямар их амин дэм, эрдэс бодис явж байдаг нь гайхамшигтай.
-Нэг удаагийн эмчилгээгээр их олон хатгах шиг болсон?
-Тухайн хүний биеийн онцлог, өвчний байдлаас шалтгаална л даа. Ихэвчлэн дээд тал нь 20-21 хатгадаг. Тэгээд бодохоор нэг дор хүнд 50 шил пенциллен тарьчихвал юу болох вэ. Хамгийн гол нь байгалийн амин дэм эрдэс бодис хүний биед бараг 98 хувь шингэдэг нь тогтоогдсон. Ийм учраас л амьд зөгийн хатгуурын эмчилгээ ийм сайн үр дүнтэй байгаа юм.
-Энэ эмчилгээгээр хэдэн төрлийн өвчинг илааршуулдаг юм бол?
-Бүх төрлийн өвчинг эмчилж болно гэж заасан байдаг юм. Элэг, бөөр, зүрх, уушиг өвлөө л гэдэг болохоос биш хүн чинь өөрөө нэг л цогц систем юм шүү дээ. Зөгийний хатгуурын эмчилгээ нэгдүгээрт хүний цусыг шингэлж хүчилтөрөгчөөр баяжуулдаг. Хоёрдугаарт бүх эд эрхтэнд шигдсэн элдэв бактер нянг устгаж бие органикмыг их цэвэрлэгээнд оруулан цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Гуравдугаарт хүний бүх төрлийн дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Хүний дархлаа сэргээд ирэхээр хоол унданд дуртай болно, ажил хөдөлмөртөө, гэр бүлдээ гээд бүх зүйлд дуртай болж организм нь илт сэргэдэг.
-Хүний биед зөгийгөөр хатгуулах цэг гэж байх уу?
-Байлгүй яах вэ. Ерөнхийдөө зөгийний үндсэн хатгалтууд гэж байдаг. Гэхдээ таны хувьд гэхэд л нуруу чинь татаад орж ирсэн болохоор яг тэр цэгээс л эхлэх ёстой байдаг. Ер нь л тухайн хүний тухайн өвчний байдлаас шалтгаалж хаанаас эхэлж хаана хатгах нь тодорхойлогддог. Дунджаар нэг удаагийн эмчилгээ 10 хоног байдаг. Ер нь бол 3 удаа эмчлүүлж байж зөгийний курс эмчилгээ хийлээ гэж дүгнэдэг. Курс эмчилгээ хийлгэсэн хүн дунджаар 180-210 зөгийгөөр хатгуулж байж эмчилгээ нь төгс болдог. Гэхдээ хүн болгоны өвчний явц тухайн хүний бие организмын онцлогоос шалтгаалж эмчилгээний явц өөр өөр байдаг л даа. Нэг удаагийн эмчилгээ буюу 10 хоногт 40-60 зөгийн хатгуур хийдэг боловч тухайн хүнээс шалтгаалан 20 зөгийгөөр хатгуулах хүн ч байхад 150 зөгийгөөр хатгах тохиолдол ч байдаг. Онцолж хэлэхэд зөгийн хатгуурын эмчилгээ бол маш хариуцлагатай, онцгой мэдрэмж шаарддаг үйл ажиллагаа гэж хэлж болно. Яг л хартай эхнэр шиг байнга л эмчлүүлэгчдээ шинжиж, чин сэтгэлээсээ ажиллахыг шаарддаг их онцлогтой ажил байгаа юм.
-Мэдээж сардаа ч юм уу жилдээ их олон зөгий шаардлагатай нь тодорхой. Энэ олон зөгийг хаанаас авдаг юм бэ дээ?
-Манайха зөгийгөө Батсүмбэрээс авдаг. Яагаад зөвхөн Батсүмбэрээс авдаг вэ гэвэл их уулархаг өндөрлөг газар болохоор цэцгийн тоо ихтэй, сэрүүн чанартай байдаг. Ер нь дэлхий дээр хүйтэвтэр уулын бүсийн зөгийг хамгийн сайн чанарын зөгий гэж үздэг л дээ. Дэлхийд хамгийн сайн зөгийтэй газрыг ОХУ-ын Уралын нуруу, Пермийн зөгийний балыг хамгийн чанартай, дээд зэргийнх гэж үздэг. Учир нь хүйтэн сэрүүвтэр мөртлөө хамгийн олон төрлийн цэцэг ургадаг болохоор Уралын зөгийг хамгийн сайн гэж үздэг.
-Одоо зогсвол зоос, хөдөлвөл хөлс болсон үед энэ олон зөгийний үнэ ч гэж талийгаад өгдөг байх даа. Ер нь яаж авдаг юм. Ширхэгээр нь авна гэж байхгүй нь тодорхой. Бүлээр нь авдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Ширхэгээр нь авна гэж байхгүй шүү дээ. Бүлээр нь л авдаг. Одоо бүх юмны үнэ өсч байгаа болохоор манай эмч нарын үнэ ч жил ирэх тусам өсөөд л байгаа. Одоо бүл зөгийгөө дунджаар 650-750 мянган төгрөгөөр л авдаг даа. Нэг бүл зөгийд бас л дунджаар 3000-5000 зөгий байгаа гэж үздэг юм. Гэхдээ байнга хамтран ажилладаг болохоор манай хамтрагчид тэр талаар ерөнхийдөө гайгүй шүү. Бүл зөгий чинь найман сархиаг гэсэн үг л дээ.
-Дөрвөн жилийн эмчилгээнийхээ үр дүнг харж байхад зөгийн хатгуур эмчилгээгээр хамгийн сайн эмчлэгдэж байгаа ямар өвчин байна?
-Шулуухан хэлэхэд нуруу, үе мөчний өвчинд хамгийн сайн үр дүн үзүүлдэг. Нурууны хагалгааны заалттай хүмүүс манайд ирж курс эмчилгээ хийлгээд цоо эрүүл болоод л гардаг. Би анхнаасаа л сувилалаа нээхдээ ямар ч сонин, телевиз, хэвлэл мэдээллээр реклам зар сурталчилгаа явуулахгүй гэсэн хатуу зарчим барьж ажилласан. Манай сувилал бол зөвхөн эмчлүүлж илааршаад гарсан хүмүүсийн ам сураг, нэг нэгэндээ өгсөн мэдээллийн дагуу л өнөөдөр ингээд үйл ажиллагаа маань жигдрээд олонд танигдсан. Энд хамгийн гол нь хүний төлөө, ядарч зовсон хүмүүсийн төлөө гэсэн чин сэтгэл байх хэрэгтэй юм. Хэрвээ тангараг өргөсөн эмч хүн зөвхөн ашиг хараад, өөрийг чинь зориод ирсэн өвдөж зовсон хүмүүсийг мөнгөний нүдээр хараад байвал эхэлсэн ажил чинь ямар ч амжилтад хүрэхгүй. Харин бүхнийг чин сэтгэлээсээ, эмчийн ёс зүйгээ бариад хамт олноо зөв удирдаад явбал ямар ч зар сурталчилгаа, рекламны шаардлагагүй олон түмэн хүрээлээд л ирнэ. Харвалтын дараах олон төрлийн саажилт байдаг. Жишээлбэл хэлгүй болох, хөл гар нь татах, нүүр ам нь муруйх гээд мэдрэлийн гаралтай бүх төрлийн өвчин зовиурт амьд зөгийний хатгуурын эмчилгээг бариа засалтай хавсран эмчлэх шиг үр дүнтэй эмчилгээ ховор гэж л эмч хүний хувьд итгэлтэй хэлнэ дээ. Нурууны суулт, гуя дагасан өвчин зэрэгт үнэхээр үр дүнтэй. Угаасаа зөгий өөрөө өвчнийг шимэгдүүлэх дээд зэргийн чадвартай. Түүнээс гадна манай сувилалын бариа засалчид бол удам дамжсан үнэхээр гартаа гаажтай засалчид байдаг нь манай хавсарсан эмчилгээг ийм үр дүнтэй болгож байна.
-Та түрүүн “Манай сувилал бол ерөөсөө л хүн засварын газар” гэсэн. Яагаад тэгж хэлэв?
-Ерөөсөө л үр дүн нь газар дээрээ гардаг болохоор би ам бардам тэгж хэлдэг. Бариа засал хийлгэлээ, зөгийгөөрөө хатгалаа, тухайн хүнд шууд мэдрэгддэг. Хүмүүс хэлдэг л дээ. “Ёо нүд нээгдлээ, чих онгойлоо, нуруу тэнийж байна, хөлөө мэдрээд эхэллээ” гээд. Эндээс л бүх зүйл мэдэгдэж байгаа биз дээ.
-Хамгийн сайн эмчлэгдсэн ч юмуу, хамгийн олон удаа эмчлүүлсэн хүмүүс байдаг л байх даа?
-Өө зөндөө олон бий дээ. Жишээлбэл Эрдэнэтийн Цэрэндэжид гэдэг хүн 2014 оноос манайд нурууны суулт оноштой, хагалгааны заалттайгаар эмчлүүлсэн. Тэр хүн 9 удаа хэвтэж эмчлүүлэхдээ 856 зөгийгөөр хатгуулаад бараг л насилкэн дээр ирж байсан хүн өнөөдөр эрүүл саруул болоод амьдрал ахуй нь сайхан болсон. Анх ирэхдээ нөхөр нь өнгөрчихсөн, өөрөө бараг хэвтэрт орчихсон, хоёр хүүхэд нь гадаадад гээд ирж байсан бол одоо нөхөртэй болсон, сайхан бэрүүдтэй болсон, сэтгэл санаа нь ч цоо эрүүл болсон. Одоо “Зөгий Цэрэндэжид” маань цоо эрүүл болсон. Эрэгтэйчүүдээс Эрдэнэтийн Чулуунбат гэж хүн 7 удаа хэвтэж эмчлүүлээд бас л цоо эрүүл болсон. Ер нь манайд Монголын бүх л газраас ирж эмчлүүлдэг. Хамгийн хол нь Баян-Өлгийн Цэнгэл сумаас гурван казак хүн ирж эмчлүүлээд сайхан болоод инээж хөхрөөд л буцаж байсан. Тэр битгий хэл АНУ-аас Монгол Улсын гавьяат жүжигчин Ганчимэг гээд нугардаг бүсгүй хоёр удаа ирж эмчлүүлсэн. За Францаас ирдэг Солонгосоос бол зөндөө олон хүн ирдэг, ОХУ-аас ирж байна. Ирландаас Энхцэцэг гэдэг хүн гурван ч удаа ирж эмчлүүлээд одоо өвчин зовлонгүй байнга л фейсбүүкээр харьцаж байх жишээтэй.
-Өөрөө энэ их ажлынхаа хажуугаар хоёр шүлгийн ном гаргаж. Яаж амжуулж байна?
-Энэ бол ерөөсөө л Солонгост байхдаа авсан их урам зоригоос үүдэлтэй. Хамгийн анх фейсбүүкээр хэд гурван мөр бичдэг байсан чинь сүмо тайлбарлагч Төмөрбаатар ах “Чи шүлгийн ном гарга” гэж шулуухан үүрэг өгсөн. Тэндээс бас их урам аваад л анхныхаа “Тэнгэрийн шившлэг” номоо гаргасан. Хүний л амьдрал болсон хойно Монголдоо ирээд яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл гэдэг тэнгэрлэг эр хүнтэй амьдралаа холбосон л доо. Тэр маань бас их дэмжиж урам өгч зааж зөвлөөд анхны номоо өлгийдөж авсан. Харин дараагийн Гүн нэртэй солонгос, англи хадмал орчуулгатай номоо ердөө энэ 8 дугаар сарын 10-17-ны хооронд л амжуулсан. Учир нь би яг тэр үед Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн болж сая Дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалтад оролцоод ирсэн. Хамрын хийд зэрэг олон сайхан газраар аялсан.
-За сонирхолтой сайхан ярилцлага өгсөн таны цаашдын ажилд их амжилт хүсье?
-Танд ч их баярлалаа. Танай сонины уншигчдад эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж:Өглөөний сонин