Японы улсын болон хувийн хөрөнгө оруулагчдын гадаадын хөрөнгөд оруулсан хөрөнгө нь түүхэндээ анх удаа 1000 их наяд иенээс ($8.79 их наяд) давсан тухай Nikkei мэдээлэв. Сүүлийн таван жилд энэ мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 50 хувиар нэмэгдэн тус орны ДНБ-нээс давсан байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Японы корпорациуд ба хувь хүмүүсийн худалдан авсан эсвэл үнэт цаасанд оруулсан хөрөнгийн хэмжээ нь 990 их наяд иенаар тоологдсон бөгөөд долдугаар сараас эхлэн гадаадын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалт арваад их наяд иенаар нэмэгджээ. Саяхан иенийн ханш унасан болохоор энэ хэмжээ 1000 их наядаас давсан гэж Nikkei тэмдэглэв.
Олон улсын валютын сангийн мэдээгээр, АНУ-ын гадаадын хөрөнгө нь бусдаас их 23 их наяд доллар болдог. Сүүлийн таван жилд тэдний хөрөнгө 10 хувиар нэмэгджээ. Харин өсөлтийн хурдаар Япон бусдаас хамаагүй хурдтай байгаа. Харин энэ хугацаанд Франц, Германы авсан гадаадын хөрөнгийн хэмжээ буурчээ.
Японы 1000 их наядын бараг тал хувь нь үнэт цаасанд оруулсан мөнгө байв. Зургадугаар сарын сүүлчээр хөрнөгө оруулагч нар нь 453 их наяд иенийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн гурван жилд 100 их наядаар нэмэгдсэн байна. Үнэт цаасанд оруулсан хөрөнгийн тал хувь нь АНУ-д, 30 хувь нь Европт хийгджээ. Шууд хөрөнгө оруулалтын ихэнхийг Хойд Америк ба Азийн орнуудад оруулжээ.
Япон одоо мөнгөө дотоодын зах зээлийн үнэт цааснаас гарган гадаадын зах зээлд оруулах хөдөлгөөнд шилжжээ. Японы Төв банкны гипер түрэмгий бодлого нь дөрвөн жил гаруй хугацаанд тус орны өрийн ихэсгэн хөрөнгө оруулагч нараа гадаад руу чиглэхэд хүргэсэн байна. Сая парламентын ээлжит бус сонгуулиар Шинзо Абэгийн эвсэл ялсан болохоор Японы өрийн байдалд онцын өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой болсон байна.
Эх сурвалж: Nikkei