Орчуулагч, япон судлаач О.ЖАРГАЛСАЙХАН
Нобелийн шагналт зохиолч Ишигүро Казүо Японд айлчлахдаа утга зохиолын ангийн оюутнуудтай уулзаж ярилцсан нэвтрүүлгийн тэмдэглэлийг манай сонин орчуулагч, япон судлаач О.Жаргалсайханы орчуулснаар уншигчдадаа хүргэж байна. Орчуулагч О.Жаргалсайхан нь Японы төдийгүй хүн төрөлхтөний анхны роман болох “Гэнжийн туульс”, орчин цагийн дэлхийн шилдэг романчдын нэг Мүраками Харүкигийн зохиолууд, бусад баримтат номын орчуулгуудаараа уншигчдын танил болсон юм. Энэ онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Англи иргэншилтэй Япон зохиолч Ишигүро Казүогийн амьдрал уран бүтээлтэй монголын уншигчдыг танилцуулах үүднээс түүний лекц ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.
Ишигүрогийн зохиолуудыг уншихад “яг надад зориулаад шууд л яриад байгаа юм шиг” гэсэн бодолд уншигчдыг автуулдаг аж. Бас “зохиолдоо энд тэндгүй цацалсан гайхалтай санаанууд, сонин үйл явдлуудаар дамжуулаад уншигч өөрөө жинхэнэ үнэнийг “нээх” шиг мэдрэмж төрдөг” ажээ. Ийм зохиолч энэ жил утга зохиолын дээд шагнал хүртлээ. Нобелийн шагнал сонгон тодруулах гишүүдийнхээ саналыг хураах журмаар шийдэгддэг тул улс төрийн өнгө аяс ордоггүй гэвэл үнэнд үл нийцнэ. Тухайн зохиолч түүний уран бүтээл дэлхийд ямар мэссэж өгөх вэ гэдэг тэр хүний зохиол бүтээлээс бараг илүү чухал гэлцэх нь үнэний ортой. Энэ жил дэлхий нийтээр популизмд живэх шахсан үйл явдлаар дүүрэн байлаа. Трампын анти глобализмын эсрэг үзэлд Шведийн академи Ишигүро Казүо хэмээх гайхалтай сонголтоор бэлэг барьж байна гэж би боддог. Түүний ертөнцөд тавтай морилогтун.
-Зохиолын үйл явдлын тайзаа сонгох арга хэтэрхий ихэдсэн. Багаар бодоход л энэ зовлон хорин жил орчим том дарамт болж намайг шаналгаж байгаа юм-
-Сайн байцгаана уу. Энд хуран цугларсан та бүхэнд баярлалаа. Та бүхнээс асуух юм байна. Яагаад зохиол уншихсан гэж боддог юм бэ. Бас бид яагаад зохиол бичих гэдэг юм бэ. Бид бүхний нийгэмд яагаад ч юм утга зохиол хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал зүйл гэж ойлгогдож ирсэн. Гэвч бидний амьдарч байгаа энэ цаг үед утга зохиолийн чухал хэрэгцээт шинж чанар улам л тодорхойгүй болж байна. Утга зохиол гэдэг үнэхээр нэг төрлийн зугаа цэнгэлийн хэрэгсэл гэдгээс дээгүүр зүйл мөн үү. Нийгэмд үнэхээрийн чухал зүйл байж чадаж байна уу.
Өнөөдөр энэ асуудлын талаар та бүхэнтэй хамт бодож үзье гэж бодож байна. Гэвч би мэргэжилтэн биш болохоор хариулт гаргаж чадахгүй л болов уу даа. Би бол зохиолч л хүн. Асар их цаг хугацаагаа зарцуулж байж зохиомол /бодитой бус/ зүйлийг бүтээж хийж байдаг хүн. Бодитой бус /худал/ зүйл болох зохиолыг ургуулан бодож эргэцүүлэх төдийд л хэчнээн ч жилийг зарцуулж байдаг. Үүнийг яаж дамжуулах вэ, яавал улам сайн болох вэ гэх мэтчилэн боддог болохоор тэр юм. Яагаад хэрэг болгон ийм зүйл хийж суудаг юм. Яахаараа ч та бүхэн ийм бодитой бус зохиомол зүйлийг уншихсан гэж бодоод байдаг юм.
Яагаад эссэ ч юм уу түүхийн ном, шинжлэх ухааны бүтээл биш байдаг юм. Уг нь түүхийн болон шинжлэх ухааны бүтээлүүдэд бодит зүйл чигжээстэй, мэдлэг ч олж авдаг шүү дээ. Өнөөдөр та бүхэнд “би яагаад зохиол бичих болсон бэ” гэдэг тухай буюу хувь хүнийхээ талаар ярья гэж бодож байна. Энэ бол их сургуулийн семинарын хичээл биш болохоор уншигчийн хувьд зохиолчийн хувьд та бүхэнтэй туршлагаа хуваалцая гэж бодож байна. Утга зохиолыг, зохиол бүтээлийг нухацтай эргэцүүлж боддог оюутан хүмүүс тул энэ асуудлын талаар хамтдаа бодоод үзье.
-Яагаад би зохиол бичих болсон бэ.
-Юуны өмнө миний бие яагаад зохиол бичих болсон түүхээ ярья. Бас түүнийхээ учир шалтгааныг ч хэлье. Эхлээд өөрийнхөө үүх түүхээс ярьж ойлголцсон нь дээр болов уу гэж бодож байна. Та бүхэн харж буйчлан миний бие япон хүн. Гэхдээ европ хүн шиг аяг хөдөлгөөнтэй, англиар ярьдаг. Би Кюүшюүгийн Нагасаки хотод төрсөн, одоо 60 настай. 5 нас хүртлээ Нагасакид амьдарч байсан. Кюүшюүд байсан гэсэн үг. Мэдээж тэр үед японоос өөрөөр ярьдаггүй, амьдарч байсан гэр маань сүрлэн татами /сүрлэн дэвсгэр/ ч гэх юм уу зүйлтэй сонгодог япон маягийн гэрт амьдардаг байлаа.
Тавтай байхдаа эцэг эхийнхээ хамтаар Англи руу нүүж явлаа. Тэнд өсч бойжиж, сургуульд сурсан. 15 нас хүртлээ үргэлж Япон руугаа буцна гэж боддог байсан. Тэр бол эх эцэг хоёрын шийдвэр байсан болохоор тэр юм. Тийм болохоор Англи улсад үүрд амьдрахгүй гэж бодож өссөн гэж хэлж болно. Хэзээ ч юм Япон руугаа буцна аа гэж.
Тийм болохоор Япон гэж дуудах юугаар ч орлуулалшгүй газар орон ямагт толгой дотор байдаг байлаа. Тэр нь ой дурсамжид тулгуурлаж байдаг. Миний балчир насны ой санамж юм шүү дээ. Дээр нь Англид Японы тухай уншсан зүйлүүд, эх эцгийн маань ярьсан хэлсэн зүйлс холилдож буй. Ийнхүү Япон гэдэг ертөнц рүү бодол санаагаа бэлчээж би гэдэг хүн өссөн юм. Японы бодит байдлаас нэлээд холдсон гэж бодож байна. Онгоцонд шууд суугаад оччих газар биш юм. Анзаарахад зөвхөн энэ ч бас биш. Нас яваад ирэхээр энэхүү Япон хэмээх ертөнц /дурсамжийн/ маань сиймийгээд бүдгэрээд ирж байгаа юм.
Би зохиолч болъё гэж бодсон шалтгаан гэвэл тэр үед утга зохиолд тэгтлээ сонирхолгүй, харин хөгжимд сонирхолтой байлаа. Рок байсан шүү дээ. Гэхдээ гэнэт 23-24 насны үед зохиол бичиж эхлэв. Би толгой дотроо зураглаж байсан Японоор дэвсгэр хийж зохиолоо бичсэн юм. Бодит Японыг судлах санаа огтхон ч байгаагүй. Би гагцхүү мөнөөх нууцхан, дотроо хадгалж үлдээгээд байсан хувь хүнийхээ юугаар ч орлуулшгүй “Япон”-ыг л цаасан дээр бичиж буулгахыг хүссэн юм. Энэ л миний зохиолч болох үндсэн шалтгаан байсан юм. Зохиол болгож бичих нь миний дотор буй ертөнцийг баталгаатай аюулгүйгээр хадгалж авах арга байсан болохоор тэр юм л даа. Мэдээжийн зохиол болгож бичиж буй хойно янз бүрийн сэдэв, нийгмийн асуудлыг овоолж оруулж, асуудал дэвшүүлэх зэрэг зүйл хийсэн л дээ.
Гэхдээ л асуудлын углуурга мухарт нь байсан шалтгаан бол сиймийж бүүдийгээд байгаа ой санамж дурсамжаа аюулгүй хадгалж авья гэх бодол минь байсан юм шүү. 1982 онд анхны дебют зохиол болох “Алсын уулсын гэгээ” зохиолоо хэвлүүллээ. Англид амьдардаг япон бүсгүй дайны дараахан үеийн үймээн самуунт амьдрал дунд Нагасакид амьдарч байсан үеийнхээ, бүүр түүрхэн бүдэг бадаг хүсэл мөрөөдлөө цээжиндээ нандигнан амьдарч байсан тухайгаа эргэн дурсдаг үйл явдал гардаг.Охиноо амиа хорлох ёс бус үхлээр алдсан уй гашуунд идэгдэхийн сацуу шинэ амьдралыг хүсэмжилж, бас хохирогчийн сэтгэл зүйг эргэцүүлсэн зохиол юм. Энэхүү зохиолын хөрс болсон зүйл бол зохиолч Ишигүрогийн өөрийнх нь оюун бодол зөвхөн ой тойнд нь буй миний л Япон байсан.
Яагаад та бүхэн зохиол унших гэдэг вэ, яагаад бид зохиол бичих гэдэг вэ гэдэг тухайд. Түрүүн энэ тухай асуусан түүндээ эргэж оръё. Яагаад заавал утга зохиол гэж. Зохиол гэдэг зүйл, утга зохиолын ертөнц гэдэг өөрийнх нь тусын тулд, дотоод ертөнцөө хадгалж чадах цорын ганц газар гэж боддог. Тийшээ мэдрэмж, сэтгэлийн байгаль үзэмжээ чигжиж болох юм. Зохиолд өөрийнхөө сэтгэл доторх Япон гэдэг зүйлийг тогтоон барьж байршуулж чадах юм. Энэ л миний анхны гараа байсан юм. Зохиол бичсэнээр ийм ертөнцийг бүтээж босгож чадна. Өөрийнхөө сэтгэл зүрх, тархи толгойд байсан дотоод ертөнцийг өөр бусад хүн зорин тухлаж болохуйцаар тодорхой ертөнц болгож гадагш бүтээн босгох арга юм шүү дээ. Тэгэж л чадвал миний сэтгэл амрах юм. Санаа амар байж болно. Миний “япон” тэнд тайван амгалан хадгалагдаж чадах учраас тэр. Зохиол хэмээх тэр зүйл дотор.
-Маш хувийн буюу өөрийнхөө ертөнцийг бусад хүн уншиж болохоор бичиж тавина гэдэг нэг ёсны аюултай зүйл биш гэжүү. Эсхүл өөр бусадтай сэтгэлээ хуваалцая гэж бодсон юм уу?.
-Маш сайхан асуулт байна. Миний хамгийн анхны хоёр зохиолд /“Алсын уулсын гэгээ”, “Үсэ-гийн зураач”/ миний дотор буй япон гол тайз нь байлаа. Гэхдээ тэр миний намтар маягийн зохиол биш шүү. Шууд утгаараа шүү дээ. Үнэндээ тэнд гарч буй япон намайг төрөхөөс өмнөх япон байв. Дэлхийн II дайны дараахан үеийн сэргээн босголтын үе зохиолын агуулга болсон. Хэрэв бодитоор туулсан үзсэн хувь хүний явдал гарч байвал тэр минийх гэхээсээ илүү эх эцэг хоёрын маань туулсан зүйлтэй ойрхон байх болов уу. Эхнээсээ л хувийн намтар түүхтэй холбоотой зохиол бичье гэж бодоогүй, тийм сонирхол ч төрөөгүй, санаа ч тавиагүй. Харин би өөрийнхөө санаж байгаа ертөнцөө бүтээж босгож авахад гол анхаарлаа хандуулсан юм.
Тэд ямар зүйл хөөрөлдөж, ямар үйл хийцгээж байсан бол, тэр цаг үеийн байр байдал төрх ямархуу байсан бол оо гэж. Харах ойгоор мэдэрсэн санаж байгаа зүйлээ санасаныхаа хэмжээгээр балчир хүүхэд насныхаа ой санамжийг зураглаж гаргахыг л хүсч байсан юм. Тэнгэрийн өнгө, замын галт тэрэгний чимээ. Замын галт тэрэг хурдаа авах үед таг таг таг хийх тэр чимээ яг л өрөөстэй тоглоом шиг. Өнгө будаг, хүртэхүй мэдрэмж, идэж байсан хоолоо хүртэл сайн санаж байна. Би бодитоор хүртсэн туулсан зүйл гэхээсээ илүү мэдэрсэн тэр мэдрэмжээ л хадгалж авахыг хүссэн юм.
-Хэрвээ та хориод насныхаа өөртэйгээ уулзлаа гэвэл чухам юу хэлэх бол?
-Хэрвээ уулзаж болдогсон бол янз бүрийн л зүйлийг хэлэх байх даа. /инээв/ Гэхдээ харин ээ. Гайхалтай нь одоогийн би хориод насныхаа үеийн өөрийгөө магтах , баяр хүргэх байсан болов уу. Одоо болсон хойно л ойлгож байна. Одоогийн бичих хэв маягтай тэр үеийн бичлэг өөр л байсан байх. Одоогийн би бичих хэв маягтаа ихэд анхаарах болсон, бас одоогийн би бичих техникийн хувьд ч сайжирсан гэж бодож байна гэхдээ залуу зохиолч болох залуу цагийн өөртөө атаархах сэтгэл ч бас төрж байна. Тэр үеийн надад, оргилж дэврэх мэт байсан төсөөллөө улам биежүүлэх таргалуулах хүч чадал байсан. Жил ирэх тутам алдагдсаар байсан хүүхэд насны үеийн холбоос болон ой санамжийг тээж явж байсан болохоор тэр юм. Миний эхэн үеийн зохиолуудад хаа нэгтээ нь ямар нэгэн хүч буй. Хориод насны зохиолчид л зөвхөн байдаг тийм нэг тусгай хүч. Нас явах хэрээр залуу зохиолчийг хараад ялимгүй атаархах сэтгэл төрдөг. Залуу насаа зохиолч байж өнгөрөөх тэр цаг хугацаанд шүү дээ.
Миний дотор буй японыг гол тайзаа болгосон хоёр зохиол бичиж хэвлүүлснийхээ дараа миний дотор буй япон гэж онцоллоо ч би өөрийн сэтгэл дотроо бий болгосон япон болохоор зохиолоо бичсэний дараа ямар ч байсан уран зохиол бичих анхан үеийн зорилго минь хангагдсан юм. Өөрөөр хэлбэл миний дотор буй япон ямар ч байсан аюулгүй баталгаатай газар хадгалагдаж чадсан юм. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцээд надад нэг зүйл анзаарагдсан юм. Миний ном бараг дийлэнхдээ европ, америкт борлогдож уншигдаж байлаа. Уншигчид миний зохиолыг японы тухай л зохиол гэж үздэг туйлшрал байсан юм.
Би болохоор нийтлэг хүмүүний тухай л мэдэрсэн зүйл гэж бодож илэрхийлж байхад хүмүүс “аанха, японд ингэдэг байх нь” гэх жишээний. Би нийгмийн тухай ямар нэг зүйл бичихээр японы л нийгэм байна гэж хамаатуулж ойлгоод байдаг байв. Япон хүний л бодлын хэв маяг, япон хүний л сэтгэлгээ гэж хүлээж аваад байв. Нэлээн дээхэн үе буюу 1980 аад онд Япон гэдэг улс японы соёл одоогийнх шиг дэлхийд түгээмэл мэддэггүй байлаа. Тийм болохоор хүмүүс Японыг харь улсын өвөрмөц уур амьсгал ноёрхсон гайхал төрөм соёл бүхий улс гэж бодож байлаа. Үүнийг би асуудал гэж мэдэрч эхэлсэн юм. Ялимгүй сэхүүн хэллэгээр хэлвэл “Бусад зохиолчоос би өөр. Энэ бол миний өвөрмөц хэв маяг” гэж бодож байсан юмыг маань хүмүүс бүгд л японых, япон болохоороо л гэж хүлээж аваад байсан.
Би хүмүүний мөн чанар, хүмүүний үзэж туулсан зүйлтэй холбоотой нийтлэг жинхэнэ үнэний тухай урладаг зохиолч болж танигдах юмсан гэсэн хүсэлд автаж эхлэв. “Сэтгүүлч, аян замын тэмдэглэл бичигч, гадаадад гарсан хүний хувьд зөвхөн японы тухай бичиж байдаг хүн биш ээ” гэж. Бас ийм байвал уншигчдын унших хэв маяг ч хязгаарлагдахад хүрнэ гэж бодлоо. Тэгээд шуудхан шулуухан шийдлээ. Үйл явдал нь японд биш зохиол бичье гэж. Уншигчид юу гэж бодох бол оо. Хүлээж авах болов уу. Эсвэл бүүр эсэргүүцэх болов уу. Уншигчид намайг японы тухай маш сайн мэддэг гэж боддог хэрээр би тийм тусгай үүрэг хүлээж байсан уу.Хэрвээ би тэр үүргээ хөсөр хаявал тэдний сонирхлыг татахгүй болж магадгүй юм. Гэх мэтийн болгоомжлол төрж байлаа.
Гэвч миний шийдвэр хатуу байсан юм. Нийтлэг зүйлийн тухай бичдэг зохиолч байж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байсан юм. Тэгээд гурав дахь номоо бичсэн нь “Өдөр өдрийн үлдэнгэр” байв. Энэ зохиолын үйл явдал Англид өрнөнө. Гэхдээ миний хоёр дахь ном болох “Үсэ-гийн зураач”-тай бараг л адил. Зохиолын үйл явдлын урсгал бараг л адилхан бөгөөд зохиомжийг Англи руу нүүлгэсэн л төдий. Тэр бүтээл нэлээд сайн явж миний гол бүтээл болов. Баяр хүргэж, магтаж би дэлхийд танигдах хэмжээнд хүрэхэд их дөхөм болсон билээ. Антони Хопкинс, Эма Томпсон тоглосон кино хүртэл гарлаа. Англид байх бөглүү хөдөөний язгууртны ордон. Тэнд бүх л зүйлийг хийж зүтгэдэг даамал гол баатар маань ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Даамал байх ёстой төрх, төгс төгөлдрийг хүсэмжилдэг байв. Гэтэл дайн болж, түүнээс болоод ордонд ханддаг урам зориг бүхэн нь эрс өөрчлөгдөнө.
Гадна гараад харахад түүний үнэ цэнт бүхэн ердийн цаг хугацаа, үеийн хоцрогдол болж орхисон байна. Тэглээ ч гол баатар маань сэтгэлийн урам зориг онгод бүхнээ дарж, эзэндээ ердийн сохроор дагалдагч зарц байхаа илүүд үзэж, ажилдаа дөрлөгдөх маягаар өөрийнхөө итгэл үнэмшлээ хамгаалж үргэлжлүүлэхийг хүсдэг тухай гардаг юм. Би зарим талаараа сайн болсон гэж үзэж байлаа. Миний зохиол илүү өргөн хүрээг хамарч байгааг бүгд анзаарч байсан. Бас би өөрөө нэг зүйлийг анзаарч мэдэрсэн билээ. Зохиолын үйл явдал өрнөх газрыг зөөж хөдөлгөж болдог юм байна гэж. Зохиол өрнөх тайзны зохиомж зохиолын хамгийн гол зүйл бас биш юм байна гэж. Үүнийг анзаарч мэдсэнийхээ дараа зохиолын үйл явдал өрнөх тайзны /агуулгын/ зохиомж хайх нь хэцүү юмны нэг боллоо. Яагаад гэвэл хэтэрхий эрх чөлөөтэй болж орхисон явдал. Энэ л намайг зовоох болов.
Тайзны зохиомжид эргэлзэн тээнэгэлзэх болж, тийм зүйлээ /газраа/ олоход цаг зарцуулах болж цаг алдаж байлаа. Үйл явдлаа янз бүрийн тайз руу, дэлхийн янз бүрийн газар орон руу, янз бүрийн цаг үе рүү зөөж тавьж болохыг мэдчихсэн болохоор тэр л дээ. Төрөл жанрыг ч өөрчилж болох нь. Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол /SF/ ч бай, дундад зууны аймшгийн зохиол ч бай, адал явдал детиктив зохиол ч бай өрж угсарч чадах юм. Энд миний анхаарч байгаа зүйл гэвэл тэрхүү идеагаа товчлон хоёр гурван өгүүлбэрт багтаан хураангуйлдаг. Хэрвээ хураангуйлж болохгүй байвал тэрхүү санаа маань ганц гэсэн тэмдэг юм. Эсхүл хараахан боловсроогүй байна гэсэн үг. Тэглээ ч гэсэн би тэрхүү бодож олсон санаагаа хоёр гурав бүүр урт байлаа гэхэд дөрвөн өгүүлбэрээр товч тэмдэглэхийг хичээнэ.
Дэвтэртээ бичиж авсан идеагаа хараад тэрхүү богинохон өгүүлбэр төдийгөөр мөнөөх санааныхаа өрнөл болон түүнээс оргилж дэврэх сэтгэл хөдлөл гарч байна уу үгүй юү гэдгийг нягталдаг. Өөрөөр хэлбэл тэр богинохон өгүүлбэр намайг зовоож, ирлэж өдөөж байх миний ертөнцийг нээж байна уу үгүй юу гэдгийг нягталж байна гэсэн үг юм. Тэр маань ердийн хар зураг төдийгөөс дээш зүйл байхгүй бол болохгүй. За үүгээр л зохиол болгон бичиж болох юм гэсэн бодол төрөх тийм зүйл л байх ёстой. Түүнээс гадна идеа гэдэг юм цаг үе газар орноо шийднэ гэж үгүй ээ. Төсөөлөл төдий “яаж ийгээд л зохиол болж болох юм” гэхээр зүйлээс л эхэлнэ. Миний гурав дахь ном ингэж бүтсэн. “Төгс даамал болохыг хүссэн эрийн тухай бөгөөд хувийнхаа амьдрал, бусад олон зүйлээ хөсөр хаян байж хэн бүхнээс дутуу юмгүй даамал болохыг тэр хүсч мөрөөдөж байдаг”. Энэ л тэр зохиолын санаа.
Үүнийхээ үйл явдал болох газрыг япон болгож зохиомжилсон ч болох юм, IV зуунд болгож зохиосон ч болох юм. Орчин үед болгож ч болно, ирээдүйд болох яриа болгож ч болно, SF ч болгож болно, аль эсвэл фантази зохиол болгож ч болно. Ингэж л санаагаа ямар ч хөрсөн дээр хөдөлгөж болдог гэдгийг мэдсэнийхээ хэрээр зовдог болсон юм. Яг л өндөр зэрэглэлийн зоогийн газар орчихоод цэсийг нь хараад ямар хоол захиалж идэхээ мэдэхгүй байгаа мэт. Тийм болохоор л би ямагт сонголтдоо зовж зүдэрч байдаг. Зохиолын үйл явдлын тайзаа сонгох арга хэтэрхий ихэдсэн. Багаар бодоход л энэ зовлон хорин жил орчим том дарамт болж намайг шаналгаж байгаа юм. Дажгүй сайн санаа гэж бодогдохуйц санаа олоод бичих аазгай хөдлөөд байв ч тайзаа хаана зохиомжлохоо олдоггүй, шийдэж чаддаггүй.
За одоо эхнийхээ асуултанд оръё. “Яагаад заавал утга зохиол гэж?” Сурвалжлага, эссэтэй харьцуулахад юу утга зохиолыг тэгэж өвөрмөц тусгай болгоод байгаа юм бэ?”
-Яг одоо ярьж байгаа зүйл дотор л тэрхүү асуудал шийдэх арга зам байна биш үү. Зохиолын үнэ цэнэ гэдэг зөвхөн гадна өнгөн дээрээ байна гэж үгүй.Түүхийн бичвэрийг цаг үеийг нь хувиргая гэвэл хачин зүйл болно. Түүхчид тийм зүйлийг өршөөхгүй биз ээ. Гэвч утга зохиолд бол боломжтой зүйл. Өөрөөр хэлвэл энэ нь зохиолын зорьж байгаа зүйл гадна талын нарийн нандин зүйлтэй тэгтлээ холбогдоод байдаггүй болохыг илтгэж байна. Утга зохиолын үнэ цэнэ илүү гүнзгий газар байдаг. Босгож бүтээж гаргаж ирсэн санааны мухарт нь байдаг гэж хэлж болно. Тийм болохоор санаагаа янз бүрийн тайзан дээр зохиомжилж бодож үзнэ. Хаана аваачиж зохиомжилвол хамгийн сайн явах вэ гэж. Энд үү, өөр газар уу, аль зохиомж дээр амилаад цовоо цолгиун өндийгөөд ирэх вэ гэж.
-Зохиол бичиж бүрэн дуусах хугацаан дотор хэр зэрэг Location Scouting /Location Hunting/ буюу зохиомжийн судалгаанд хэр зэрэг хугацаа зарцуулдаг тухайгаа ярьж өгнө үү. Бичиж эхлэхийнхээ өмнө хийдэг үү аль эсвэл бичих явцдаа хийдэг үү?
-Яг наана чинь л асуудал байгаа юм. Би үүнд хэтэрхий их цаг зардаг. Би бичихийнхээ өмнө локехан хийж байж зохиолын үйл явдал өрнөх тайзны зохиомжоо хийхийг оролддог. Тэр нь дээр байдаг л даа. Эдийн засгийн хувьд ч тэр. Зөвхөн миний л асуудал байж магадгүй юм. Үнэндээ “Надаас бүү холдооч” зохиолыг хоёр удаа бичсэн. Локехан дуусаад зохиомжоо дууслаа гэж бодоод бичиж эхэлсэн ч яагаад ч юм сайн явдаггүй. Үзэг маань урагшаа явж өгөхгүй байлаа.
Уг нь гурван удаа оролдож байж арайхийж шийдэж тогтсон юмсан. SF зохиол болгож үзье гээд л. Яагаад ч юм ямар нэг учир байсан л байх, хүүхэд залуус ямар нэг шалтгаанаас болоод хөгшин хүн шиг амь нас нь хязгаартай болсон гэсэн зохиомжтой зохиол бичихсэн гэж бодоод байсан болохоор тэр юм. Энэ зохиолын агуулга нь “Гадаад ертөнцөөс таслагдсан хачин сууцанд амьдардаг хүүхдүүд. Тэнд хэтэрхий гэмээр хатуу сахилгатай амьдарч байдаг. Гадагш гарах хориотой, хэтийдсэн гэмээр эрүүл мэндийн үзлэг зэрэг хатуу хахир захиргаан доор амьдардаг. Удалгүй хэт харгис хувь заяатайгаа эвлэрэх өдөр ирдэг. Тэд эрхтнээ өгөхийн тулд л өсч бойжиж байгаа клоунууд. Хэмжээ хязгаартай амь насандаа тааруулж амьдрах ертөнцийг үзэх үзэл дотор уншигчдад амь нас гэж юу юм бэ” гэдэг асуулт тавьж буй зохиол юм.
Зохиолд ашигласан арга нь ховорхон дасч дадаагүй зохиомж дотор зохиолоо тавьж босгож ирнэ гэсэн үг юм. Тэгээд уншиж байх зуур ийм бодол төрнө. “Ийм нөхцөл байдал та бүхний буй нөхцөл байдалтай их адилхан”. Зохиолын гол баатрын өгүүлж байгаа зүйл та бүхний буюу хүмүүсийн тухай юм. Баян хүн ч ядуу хүн ч авьяастай байлаа ч үгүй байлаа ч хэн боловч амь нас нь хязгаартай”. “Надаас бүү холдооч” зохиол түүхийн асуудалтай өөр ч эд эрхтэн шилжүүлэх болон шинжлэх ухааны судалгааны ёс зүйн асуудал багтсан байгаа. Цаашлаад удамшлын туршилтын асуудал ч бий.
Бичиж эхэлсэн үед төвд нь тавьж байгаагүй цуваа асуудлууд зайлсхийхийн аргагүй бултайж гарч ирээд байдаг. Зохиол бичих үед асуудлын хүрээ хэд хэд байдаг гэдгийг сайтар мэдэх хэрэгцээ байх бөгөөд би ч гэсэн үүнийг ухамсарлаж байдаг. Тодорхой хэмжээнд тэдгээр асуудлын талаар ч хариуцлага хүлээх хэрэгтэй гэж боддог. Бүтээлийнхээ зорилгын төлөө ямар нэг зүйлийг гаргаж тавих цагт дагалдах асуудлын талаар нухацтай хандаж байх нь чухал гэж би боддог. Тэдгээрийг зохиолдоо хэрэглэгдэхүүн болгож ашиглаж байгаа болохоор тэр юм. Хэдийгээр дандаа хариуцлагаа ухамсарлаж байгаа хэдий ч сэтгэлийн мухарт хаа нэгтээ нүгэлээ мэдрэх мэдрэмж ч үлдэж хоцорч байгаа л юм. За ингээд дахиад нэг удаа анхныхаа асуудал руу орцгооё. Утга зохиол гэж юу юм бэ. Энэ бол өөр ертөнцийг зохиож бий болгох гэсэн үг.
-Энэ бол зохиолын үнэ цэнэтэй байдаг шалтгааны нэг мөнөөс мөн гэж би боддог. Бид өөр ялгамжтай ертөнц рүү орж байж л санадаг. Бодит амьдрал дээр төрж байдаг олон зүйл төсөөллөөс төрсөн зүйл. Иргэншлийн ихэнх бүтээл юуны өмнө төсөөлөгдөж байж дараа нь бодитоор зохион бүтээгдэж гардаг. Бидний сэтгэлийн хаа нэгтээ өөр ялгамжтай ертөнц рүү очиж үзэхсэн гэсэн хүсэл байх агаад тэр ертөнц бидний мэддэг бодит байдалтай өөр байсан ч хамаагүй гэдгийг анзаарч байдаг. Тийм үр дүнтэй зүйлийг бий болгож чадах нь утга зохиол л юм. Зохиолтой адилхан кино ч тэгж чадна, жүжиг ч мөн адил. Өөрөөр хэлвэл нийтлэг утгаараа буй утга зохиол юм. Бид хаа нэгтээ өөр ангид ертөнцийг хэрэгтэй байна гэж үзэж тийшээ явахсан гэж хүсдэг. Ийм ертөнцийг баримтат зохиол, сурвалжлагаар төрүүлдэггүй. Зохиолыг ой санамжаараа дамжуулж өгүүлдэг
За энэ сэдэв рүү орьё гэж бодож байна.
Энэ бол зохиолдоо ашиглах нэг арга бөгөөд ТВ, кино драмаас өөр зүйл юм. Цаасан дээрээс өөрөөр зураглах боломжгүй зүйл. Уншигч ч гэсэн зохиол уншихгүйгээр түүнийг амталж чадахгүй. Тиймээс би утга зохиолыг унших хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэхүү амт шимт нь зохиол гэдэг хэлбэртэй байж л олдох зүйл тул өөр хэлбэрээр хүртэж чадахгүй юм. Тэгээд л би энэ аргыг ашиглаж эхэлсэн. Өгүүлэгчийн дотор буй санаа бодол болон холбоо хамаарлыг хөөж бичиж гаргана. Хэрвээ сэтгүүлч хүн итгэл төрүүлэхгүй байвал, түүнд итгэж чадахгүй бол мэдээж хамгийн муу. Гэвч утга зохиол бол итгэхгүй байж чадвал л хамгийн сонирхолтой зүйл болж байдаг. Жишээ нь хүн ямар нэгэн зүйлийг бодох үед тэрхүү ой санамж авчиж гулзайдаг. Таагүй явдлууд төрөл арилжих нь бий. Өөрийгөө ялимгүй өөд нь гаргах томруулах гэж үзнэ. Утга зохиолд ой санамжаа оруулснаар “яагаад хүн гэдэг амьтан ийм итгэж боломгүй амьтад байдаг юм бол оо” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй оргилдог.
Ямар үед итгэж болдоггүй юм бэ
Ямар нэг юмыг нуух гээд байдаг нь ямар шалтгаантай юм бол
Санаа бодлоосоо зугатаах гээд холбирох гээд байдаг шалтгаан юу вэ
Яагаад юмыг өөрчлөх гээд байдаг юм бол
Би тэрхүү итгэж боломгүй гэдгийн тухай бодохдоо зохиолч хүний хувьд хамгийн хүчирхэг хүчтэй хэрэгсэл гэж боддог. Миний хэлээд байгаа энэхүү итгэж чадахгүй гэдэг бидний бодит ертөнц дээр үүсч байгаа зүйл юм. Хүн нухацтайгаар ярих өгүүлэх, чухал зүйлээ ярих үед үнэндээ итгэж чадахгүй байдаг.Арав гаруй настай болохоороо эсхүл бүүр том хүн болохоороо бид нэг төрлийн үнэнийг хувиргахуйн мастер болж ирдэг.
Жишээ нь оюутан цагийнхаа найзтай гэнэт тааралдаад чи ийн хэлнэ. “За сайн уу хө, гэрлэлтээ цуцлуулсан гэсэн би сонссоон” гэхэд “аан тиймээ, салсан минь оносон шүү. Үүнээс сайн арга байсангүй л дээ. Би урьд урьдаас илүү эрх чөлөөтэй болсон, амьдрал ч бас дээшлэх тийшээгээ хандлаа” гэж найз чинь ярьлаа гэж бодое. Тэгтлээ маанаг биш л бол “аа за ашгүй дээ, дажгүй л яваа юм байна” гэж бодох хүн гарахгүй л болов уу. Тэр бол нэг төрлийн мэх гэдгийг мэдэж байгаа болохоор тэр юм. Хүн чин сэтгэлээ нээхгүй бага зэрэг гоёж чимэж ярих нь олонтаа байдаг.
Ийм болохоор бид энэ нийгэмдээ амьдарч явах төдийд л аливаа юмыг уншиж хүртэх мастерийн зэрэгт хүрч байдаг. Тийм болохоор зохиол бичиж байх үед итгэж болохооргүй өгүүлэгч, итгэж боломгүй зохиолын өрнөлийг ашиглахаар уншигч хүртэл уншиж хүртэх ур дүйгээ ашиглах болдог. Бодит ертөнц дээр өөрийг нь ороож байдаг ертөнц хийгээд бусад хүнд хандаж ашиглаж байдагтайгаа адилхан. Миний маш их сонирхол татдаг юм бол хүн өөрөө өөртөө худал хэлдэг тэр авьяас. Бусад хүнд худал хэлэх санаа байхгүй байлаа ч үнэн бус зүйлийг хэлж орхидог явдал. Ийм итгэж чадамгүй итгэж боломгүй нөхцөл байдал зохиол бичихэд машид ашигтай хэрэгтэй агаад зохиолд гайхалтай таарч тохирох арга мөн гэж боддог юм аа.
-Зохиолыг дамжуулах хэлбэр зохиолын сэдэвтэй уялдан өөрчлөгдөж байдаг уу?
-Мэдээж зарим талаараа тийм л дээ. Гол баатрын нэгнийх нь ой санамжаар дамжуулж өгүүлэх гэдэг аргыг би их хэрэглэдэг. Бараг автаад байгаа ч гэж хэлж болох юм. Тэр арга миний сэдэвт сайхан тохирдог болохоор л тэр. Сонирхолтой нь хүн яаж өөрөө өөртэйгээ тулдаг юм бэ. Яаж өөрийнхөө амьдралыг үнэлж цэгнэх вэ. Яаж бас таагүй зүйлээс зайлсхийдэг юм бэ гэж. Саяхнаас сонирхол татах болсон юм гэвэл нийгэм бүхэлдээ яаж биднийг хуурдаг вэ. Эсхүл зорилготойгоор ой санамж мартагнуулах гээд байдаг уу. Эсхүл ой санамжид бөхлөөд орхисон чигээрээ юмыг байлгах санаа байна уу. Эсхүл мартагнасан юмыг гэнэт сануулах жишээний. Энэ бүхнээр нийгэм маань өөрийнхөө улс төрийн зорилгыг хангаад байгаа явдал юм.
-Ой санамжийнхаа жинхэнэ алдаа мадагтай халз тулах, бас өнгөрсөн түүхэн, бас нийгмийн нүгэл хилэнцийн талаар хариуцлага хүлээх гэдэг юмны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ талаар тийм товчхон хариулт гэж байхгүй л болов уу даа. Хариултыг олж чадахгүй ч байж магадгүй юм. Өнгөрсөн цаг хугацааны алдаа мадагтай хэзээ нүүр тулвал дээр вэ гэх нь хэцүү. Тухай тухайн жишээг ойлгож бол болох юм. Хэрэв энэ нь харгис хэрцгий зүйл байх ч юм уу, тов тодорхой гэмт үйлдэл байх ч юм уу бол яриа өөр болно. Гэхдээ байна шүү дийлэнх хүн урт удаан наслахдаа тодорхой насны өндөрлөг дээр хүрч очихоороо “ харамсаад байх юм ганц ч байхгүй” гэдэг үгүй л байдаг байхгүй юу. Тодорхой насанд очихоороо хийж ирсэн үйлэндээ бүгдэд нь сэтгэл хангалуун байна гэж барагтай л бол үгүй бизээ. Хүн ямагт нүглээ наминчлах ухамсар тээж явдаг бас тэгсэн л бол дээр байж ингэсэн нь дээр байж гэж бодож явдаг нь эргэлзээгүй юм.
Тийм болохоор л би бусдыг өрөвдөх, өөртөө учирсан мэт санах тийм сэтгэл төрж байдаг.
“Тэр явдал руу эргэж хургамааргүй байна. Тэгэхгүй ч байсан болно биз дээ”. Гэцгээдэг байх аа бид. “Надад чадах юм алга аа. Энэ янзаар нь орхичихье” гэх мэт. Энэ бол хүнээс л гардаг зүйл. Нийгмийн тухайд ч хэзээ санах ёстой юм, хэзээ мартах ёстой юм гэдгийг мэдэх их хэцүү. Хэрэв өнгөрсөн цагт аймшигтай хэрэг гарч, тэр нь зөв суртахуун гэдэг талаас авч үзэхэд мартаж болохооргүй өнгөрсөн цагийн үйл явдал болж булагдан арилвал буруу биз дээ. Гэхдээ үүнийг гүн гүнзгий бодож эхэлвэл энэ хооронд тэр зүйл хэцүү гэдгийг ухаарч ойлгож болох юм.Францын жишээг авч үзье.
Дэлхийн II дайны хэцүү бэрх цаг үе рүү очъё цөмөөрөө.
Франц энэ дайны дийлэнх үед нь нацист германд эзлэгдээд байлаа. Францын олон хүн нацист германд туслагч болж тэдний талд ажиллаж байсан юм. Францын аль ч тосгонд хэн нэгэн нь германд ашиглагдаж эсэргүүцэгчдийн мэдээллийг худалдаж байсан. Нацист германы дарангуйлал Францад тэгтлээ их биш байх байсан ч францын еврей хүмүүсийг маш ихээр гяндан руу илгээж байлаа. Удалгүй дайн дууслаа. Франц энэхүү ой санамжийг, дөнгөж саяхан болж өнгөрсөн энэ таагүй дурсамжийг яах ёстой вэ шийдвэрээ гаргах шаардлага тулгарлаа. Гэвч энэ таагүй дурсамж францын ард түмний дунд нийгмийнх нь ёроолд мухарт хүртэл шигсэн идэгдсэн байлаа. Хэн хэн мөнөөх нацистуудад биеэ худалдсан бэ гэдгийг бүгд мэддэг байсан. Шарль де Голл ерөнхийлөгч зорилготойгоор, зориудаар “худлын тухай” шийдвэрээ гаргасан юм. Энэ бол нийгмийн жолоодлогыг зад тавихгүйн тулд, нийгмээ задлахгүйн тулд шүү дээ. Тэр юу гэсэн гээч.
“Энэ улс дахин хүчирхэг болж бостол хэсэг хугацаанд, ард түмэн минь бүгдээрээ бүх францууд эрэлхэг зоригтойгоор эх орныхоо төлөө тэмцэгч байсан шүү гэсэн “үлгэрт” итгэцгээе.Бүгдээрээ тулалдацгаасан. Бүгдээрээ нацист германы эсрэг сөрөн боссон, түүний дараа холбоотны цэрэг орж ирж чөлөөлсөн, эцсээ хүртэл баатарлагаар бүгд тулалдсан гэж итгэцгээе” гэсэн юм. Одоо ч гэсэн францын олон хүн үүнд итгэж байдаг.
Би үүнийг ойлгож байна аа.
Ийм худал хэлэх, хэлсээр байх нь, энэ худалд итгэсээр байх нь гутамшиг гэж үзэх хэсэг байхад ингэж худлаа ярихгүй бол төр улс маань эвдэрч тэр хэрээр хамгийн муу нөхцөл байдалд бид унах байсан гэсэн маш аюултай нөхцөл байдал тэдэнд нүүрлэсэн байдаг. Энэ бол маш ээдрээтэй явдал юм.Үүнд хандаж нийтлэг онолоор хариулна гэж бодогдохгүй байна. Энэ нь нийгмийн хувьд ч хувь хүний хувьд ч. Энэ бол нийгэм болон хувь хүний хувьд мөнхийн асуудал байх болно. Хэзээ мартаж бас хэзээ хүртэл энэ явдлыг “мартаж байх” ёстой вэ.Хэзээ зориг гарган байж энэ хар ой санамжийг гэрэл гэгээтэй газар зөөж аваачиж чадах вэ. Утга зохиол бол чадна шүү.
Маш том метафорын тухай
За одоо метафорын тухай ярилцъя. Метафорын тухай та бүхэн цөм мэддэг байх. Үүний явцуу утгын талаар ярих гэсэн юм биш. Янз бүрийн шууд хэлбэрийг нь та бүхэн яриандаа ч бас өгүүлбэр дотроо ч хавчуулж хэрэглэж байдаг болохоор сайн мэдэж байгаа. Би зохиолч хүний хувьд зохиолоо бүхэлд нь атгах хэмжээний метафорт сэтгэл автаж явдаг. Би ердийн жижигхэн идеанүүдийг дэвтэртээ тэмдэглэж аваад аль нь чухам бядтай чадалтай юм бэ гэж өнөөхөө харьцуулж хардаг. Түүнийхээ аль нь хөрстэй чадмагаас сонгож шийдээ гаргана. Энэ миний гэсэн өөрийн арга байдаг л даа, өөрөөр хэлбэл өөрөө өөрөөсөө асуунаа гэсэн үг.” Энэ үнэхээр ямар нэг чухал метафор болж чадах уу.
Энэ зохиол өөрөө томоохон метафор болж чадах уу гээд л”. Миний шинэ зохиол болох “Мартагдсан агуу хүн” зохиол байна. Хараахан уншиж амжаагүй хүн байгаа байх, би бүгдийг биш ч хэсгээс нь яръя. Зохиолын агуулга эрт цагийн Англи улсад болохоор зохиомжоо хийсэн юм. Гайхалтай нь хүмүүс настайгаа хамаарахгүйгээр болсон үйл явдлыг мартаж санахгүй, ой санамжгүй болдог. Хүүхэд ч залуус ч тэр өчигдөр болсон үйл явдал ч бай нэг цагийн өмнө болсон ч бай ер санадаггүй. Зүгээр л санадаггүй. Ой санамж нь арилж алга болоод байдаг. Энэ нь нийгмийн асуудал болжээ. Бага багаар үүний учир тайлагдана. Тэр бол драгон буюу луунаас болоод байгаа юмсанж. Тэр луу ойрхон уулын орой дээр амьдрах ба түүний амнаас гарах амьсгаа хүмүүсийн ой санамжийг арчаад байгаа юмсанж.
Тэр нь хүмүүсийн дунд сөргөлдөөн үүсгэж байдаг. Мартахын аргагүй ой санамжаа эргүүлж авахын тулд нэг хэсэг хүмүүс лууг алъя гэдэг. Нөгөө талд тэр лууг хамгаалах гэсэн хүмүүс бас байдаг. Тэд яагаад гэвэл луу амьд байх юм бол бидний муухай дурсамж, хар дарам ой санамжаа мартсан хэвээрээ байсан нь өлзийтэй гэж үздэг болохоор тэр юм. Үнэндээ тэр улсад дотоодын иргэний дайн сөргөлдөөн байхгүй байгаа нь ч луугийн үлээх амьсгааны ач ч байж магадгүй юм. Нэгэн зууны өмнө болсон аймшигтай хэрэг явдлын тухай ой санамж жирийн ой санамж хийгээд сайн ойтой хамтдаа мартагдаад байна. Тийм болохоор л мартахын аргагүй дурсамжаа эргүүлж авах гэж зүтгэдэг хүмүүс байгаа юм. Нэгэн өвгөн эмгэн хоёр ярьж байна.
“Чи бид хоёр гүн гүнзгий ихэд хайрлаж дурлацгааж л байсан байх. Энэ чухал дурсамжаа алдах юм бол хайр сэтгэл минь хүртэл арилж алга болох бус уу. Алдмааргүй байгаа болохоор ой санамжаа эргүүлж авах ёстой гэж”. Нэг иймэрхүү санаатай зохиол юм л даа. Би энэ асуудалд маш их сонирхол татагдаад байгаа юм. Япон, Америк, Англид ч хамаатай. Дайтаад байгаа Ливан, өмнөд Африкт ч хамаатай. Өмнөд Африкт аппертейд дэглэм тогтож байсан ой санамж бий. Салан тусгаарлаад байгаа Югословид ч хамаатай. Маш олон орны нийгэмд булагдсан арилсан ой санамжууд байгаа. Энэ их хэцүү асуудал юм. Хэзээ сэргээн санаж хэзээ мартагнаж байвал дээр юм бэ.
Энэ асуудал хувь хүмүүс хооронд ч хамаатай. Жишээ нь сайн сайхан амьдарч яваа гэр бүлд ч мартсан нь дээр, огт эргэж дурсмааргүй дурсамж гэж байдаг. Гэвч түүнийг урт удаан хугацаанд тэр ой санамжаа нууж орхиход хэзээ нэг цагт асуудал болох нь ч байдаг. Тиймээс үнэндээ бол санаж гаргаж ирсэн нь дээр тийм цаг үе ч байдаг. Иймэрхүү зохиол, нэг иймэрхүү идеа өөрөө ямар нэг томоос том метафор болж байдаг юм шүү. “Өдөр өдрийн үлдэнгэр” миний хувьд их сонирхолтой тохиолдол байлаа.
Нэг сумаар хоёр туулай буудсан болохоор тэр л дээ.
Английн даамал хүний дүр төрх дэлхий дахинд танигдсан гэж бодож байна. Английн даамал хүнтэй уулзаж байгаагүй хүн хүртэл түүний сүр жавхлан, ёс төртэй байдал, няхуур нямбай гэх мэт түүний талаар сонгодог төсөөлөлтэй байдаг. Би үүнийг хоёр метафор болгож ашигласан юм. Үнэхээр төгс төгөлдөр хоёр метафор болсон юм. Нэгд, тодорхой хэмжээнд хэнд ч гэсэн байдаг сэтгэл санаагаа илэрхийлэхийн айдас. Хайр дурлал, нөхөрлөл, хүн хоорондын харилцаан дахь сэтгэл санаагаа илэрхийлэхдээ шархдуулахаас эмээж буй юм. Ямар нэг мэргэжлийн хүний тухайд арай амар мэргэжил рүү нь дулдуйдаад санаагаа шургуулж өгөхөд хүнийх нь хувьд шархдуулахгүй аюулгүй байдаг. Тэр утгаар даамал хүн өөрөө сэтгэл зүйн дарамт ба айдсын метафорт яг сайхан таардаг юм.
Бас түүнтэй зэрэгцээд өөр утгаар даамал төгс төгөлдөр метафор болж чадна гэж бодсон. Улс төрийн эрх хүчний хувьд бидний хамаарлыг харуулсан метафор. Бидний дийлэнх ерөнхийлөгч биш, бас эрх хүчтэй улс төрч ч биш. Том компаний CEO ч биш. Намайг оруулаад олон хүн зүгээр л ажлаа зөвхөн хийж байдаг. Зүгээр л ажлаа хийж хариуцсан боссдоо, хамрагдсан пүүс компанидаа, төр улсдаа ёс төртэйгээр зүтгэж ажиллаж байдаг юм. Тэгээд бидний тэр зүтгэл хэрэг тус болоосой гэж залбирдаг. Өөрийнхөө ажлаараа бүхэлд нь өөрийн хувь мөн чанараа эрхэмсэг байдлаа хадгалж байдаг. Гэвч тэр нь дээд түвшинд ашиглагдаж байдаг уу үгүй юү мэдэхгүй. Бид гагцхүү дээр буй хүмүүст хэрэг болоосой гэж хүсдэг. Гэвч жижигхэн ертөнц дотор аж төрж буй бидэнд өөрсдийнх нь нэмэр тус хэрэг болж байгаа юу үгүй юу гэдэг харагддаггүй.
Энэ утгаараа ёс зүйн хувьд ч улс төрийн хувьд ч бид бол даамал юм гэж хэлэхийг хүссэн билээ. Энэ бол маш том метафорын жишээ юм шүү. Зохиол бүхэлдээ метафор, энэ метафор сайн боллоо гэж би дотроо бодож байгаа. Миний дурладаг метафор уншигч түүнийг метафор гэж анзаарахгүй байх тийм түвшний эд юм. Зохиолдоо автаад зохиолынхоо хүрэх газрыг л бодсоор тэрхүү уур амьсгалыг санаашрангуй дүгнээд цэнээд байлгүйгээр урагшаа яваад байхаар. Тэгээд номоо хаах үед эсвэл эргээд санасан үедээ анзаарч бас магадгүй. Хүний амьдралд шууд хамаарах ямар нэгэн метафор байвал энэ зохиолд ухаангүй автаж дээ гэж. Ийм л метафор дүрслэл хүчтэй хүчирхэг байдлыг ундрааж байдаг.
-Утга зохиол үндсэндээ зохиомол зүйл /худал/ юм гэсэн үгэнд би их сэтгэл хөдөлж байна. Мөн нийтлэг зүйлд хамаарах факт баримтыг бичдэг төдий зохиолч болж танигдмааргүй байна гэж та ярьсан. Зохиолч хүний ажил бодит баримтыг дамжуулдаг ажил уу эсвэл худлыг дамжуулж байдаг ажил юм уу?
-Үнэндээ бол хэрэг болгон зориудаар худал гэдэг үгийг ашигламааргүй байна л даа. Ер нь худал гэдэг зүйл бол зориудаар цаад хүнээ мэхлэх гэсэн үг шүү дээ. Ингэхэд би ч гэсэн зориудаар уншигчдыг төөрөлдүүлэх агуулгатай зохиолд өөрөө ч дургүй. Тэр нь суртал ухуулга, эсхүл зүгээр л сэтгэл хөндүүрлүүлэх агуулгатай байсан ч гэсэн. Бас хүний амьдралыг бодит байдлаас илүү амар хялбар зүйл гэж бодогдуулам агуулгад дургүй. Тийм болохоор л “худал”-д дургүйлхдэг.
Гэхдээ би түрүүн үнэхээр бодит бус зохиомол зүйл буюу зохиолыг зохиож гаргадаг тухайгаа ярьсан. Бодит бус зохиол гэж чухам юу болохыг та бүхэн мэдэж байгаа бизээ. Өөрөөр хэлбэл зохиомол зүйл. Энд эхэнд тавигдсан асуултын гол мөн чанар агуулга гарч ирж байна. Бид утга зохиолд үнэ цэнтэй чанар байдаг гэж боддог нь тэнд ямар нэг чухал бодит үнэн багтаж байдгаас тэр юм. Багаар бодоход л бид үнэ цэнтэй бүтээл гэж үздэг зохиол ийм л байдаг. Төгс төгөлдөрт их ойрхон зохиол болон шүлэгт ийм хэлбэрээс өөрөөр илэрхийлж чадамгүй ямар нэгэн бодит үнэн заавал хадгалагдаж байдаг. Эндээс ийм асуулт ургаж гарч ирнэ”. Бодит үнэн гэж юу юм бэ”. Энэ чухам ямар үнэнийг хэлээд байгаа юм, энэ бол байдаг л нэг үнэн биш. Өөрөөр хэлбэл хэзээ, хэзээ Герман Франц руу довтолсон билээ дээ гэсэн иймэрхүү үнэн биш л дээ.
За тэгвэл жинхэнэ үнэн гэж тэгээд юу юм бэ. Энэ бол утга зохиолд үнэ цэнэ байдаг шалтгаан. Урт удаан түүхийн цаг үеийг туулж хүн төрөлхтөн агуйн дотроо галаа тойрон сууж янз бүрийн үлгэр ярьж ирсэн. Гашуун зовлонтой дайн дажны дунд ч хүмүүс хоорондоо зохиол ярьдаг байсан. Энэ нь нэг төрлийн бодит үнэнийг дамжуулдаг нэг арга болохоор тэр юм.
Жинхэнээсээ уншигч болъё, жинхэнээсээ нухацтай зохиолч болъё гэж байгаа бол ямагт өөрөө өөртөө асуулт тавьж байх ёстой юм. “Энэ зохиолд чухал жинхэнэ бодит үнэн агуулагдаж байна уу?” Энэхүү бодит үнэн гэдэг… Би философич биш болохоор яг таг тодорхой хариулт хэлж чадахгүй. Гэхдээ бодит үнэн гэдэг хүн хүнийхээ хувьд л мэдэрсэн тэр зүйл гэж би боддог. Жишээ нь зохиол бодит байдалтай их өөр зүйлийн талаар хүүрнэсэн байсан ч гэсэн. Өгүүлж буй тэр үйл явдал болон дамжигдаад ирж байгаа тэр мэдрэмжийг бид бодит үнэн гэж ойлгодог, ухаардаг. Ингээд утга зохиолоор заримдаа маш том сэтгэл мэдрэмжийг дамжуулж авдаг. Гэхдээ зөвхөн бодит баримтад үндэслэсэн ном болон утга зохиолын бус бичвэрээр ганц дамжигдаж байдаг гэсэн үг биш.
Эндээс харахад хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл зохиол тогтоосон нөхцөл байдалд хөглөгдөх санаа сэтгэлийг дамжуулж байдаг гэдэгт байна. Түүхийн зохиол сэтгүүл зүйд нөхцөл байдлыг дамжуулж чадах уу гэвэл чадна. Жишээ нь тухайн нэг үед нэг газар нэг хэсэг хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж зовж байна гэж бодъё. Гэвч тэр зовлон зүдгүүр өлсгөлөнгөөс болоод хайртай хүнээ хүүхдээ алдсан эхийн зовлон дамжуулагдахгүй. “Нэгэн цагт нэг газар нэг хэсэг хүн өлсгөлөнд нэрвэгдэн зовж үхэж байлаа” гэсэн бодит баримт төдий нь хангалтгүй юм гэж бодож байна. Бид энэ баримтыг яаж мэдэрч авав гэдгийг дамжуулахыг хүсч байна. Яагаад ч юм бүү мэд энэ л хүний мөн чанар гэж боддог. Энэ бол бодит үнэн гэдэг тэр зүйл. Үнэхээр тэгж мэдрэгдэж байна уу, ийм нөхцөлд өөрөө байгаа юм шиг мэдрэгдэж байна уу, эсхүл бодит үнэн гэдэггүй байх нь уу, үүнийг л өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл бодит баримтыг өгүүлсэн баримтат зохиолоор сэтгэл бүрэн ханахгүй болохоор л утга зохиол гэдэг хэлбэрийг аваад байгаа юм шүү дээ.
За ингээд нэлээн өдөөлттэй зүйлийг ярилцсан болохоор дүгнээд байх хэрэгцээ байхгүй гэж бодож байна. Та бүхэн үнэхээр гайхалтай сонсогч байж чадсанд би талархмаар байна. Та бүхнээс ийм хурц эргэцүүлэх хүч, гүн гүнзгий агуулгатай асуулт, санаа бодол хүлээн авч ингэж надад туслана гэж ер санаанд орсонгүй шүү. Чин сэтгэлээсээ та нарт талархаж байна. Хамгийн сүүлд нь жаахан ярилцъя. Яагаад утга зохиол гэж, яагаад заавал утга зохиолыг унших гээд байдаг вэ, яагаад заавал өөр бусдыг нь биш утга зохиол бичих гээд байдаг юм бэ гэсэн асуултдаа эргэж оръё.
Тов тодорхой хариулт байхгүй байх. Гэхдээ яагаад утга зохиолд үнэ цэнэ байдаг вэ гэдгийг нэлээд өргөн дэлгэр хариулт өгсөн гэж бодож байна. Ажилдаа түүртсэн завгүй өдөр дуусаад ном тэврээд унших цэнгэлээс дээгүүр үнэ цэнэ байгаа. Би өөрийнхөө тухай ярих болов, урт удаан хугацаанд бичгийн ажилд нухлагдаад ирэхээрээ анзаарсан зүйл байна. Би зохиол бичихдээ анзаарсан хамгийн чухал нэг зүйл бол сэтгэлийн байдлаа дамжуулах гэдэгт байна.
Оюунлаг үзэл бодлоо дамжуулахсан гэхээс илүү ямар нэгэн зүйлийн тухай онолдъё гэхээсээ илүү. Мэдээж гэнэт тийм байдалд хүрсэн бол тэр тэрүүгээрээ болог. Үндсэндээ би хаана ч байхгүй том, хаана ч байхгүй машид чухал зүйлийн талаарх бодлоо л дамжуулахсан гэж боддог. Хүндэтгэдэг зохиолчийнхоо бүтээлд хандахдаа ч энэ талыг чухалчилж үздэг. Кино, хөгжим, ер ямар ч урлагийн бүтээлд хандахдаа. Бидний үзэж туулсан зүйлийн хувьд ч хүн болохынхоо хувьд санаа сэтгэлээ хуваалцах явдал маш чухал шүү гэж боддог. Хүн нийгэмд зөвхөн эдийн засгийн утгаар ажиллах нь хангалттай бус. Санаа сэтгэлээ харилцан хуваалцах явдал чухал. Би зохиолоо бичихдээ ингэж л хэлэх гээд байдаг.
“Би ингэж л мэдэрлээ. Үүнийг бичээд чамд үзүүлж буй. Чи мөн надтай адил тэгж мэдрэв үү? Миний энд илэрхийлж байгаа тэр зүйлийг бага ч гэсэн ойлгож чадав уу? Миний бодол чамд дамжиж очив уу? Би ингэж л мэдэрсэн” гэж. Би ч гэсэн өөр хүний зохиолыг уншаад ийм маягтайгаар талархангаа уншиж байдаг. “Намайг ийм сэтгэлийг ойлгож чадтал дүрсэлж илэрхийлж өгсөн танд баярлалаа” гэж. Би зохиолын ийм талыг маш ихээр чухалчилдаг. Энэ ертөнцийг туулж байгаа хүнийхээ хувьд сэтгэлээ хуваалцахын тулд л шүү дээ. Та бүхэнд баярлалаа.
Эх сурвалж: