Оросын хүний эрхийн байгууллага Чечень гаралтай дуучин Зелимхан Бакаевыг ижил хүйстнүүдийг үзэн ядагчдын гарт амиа алдсан байж магадгүй гэж болгоомжилж эхэлжээ. 26 настай поп дуучин наймдугаар сард эгчийнхээ хуриманд оролцохоор Москвагаас Чеченийн Грозни хот руу яваад сураггүй алга болжээ. Энэ талаар Франс-пресс агентлагт Оросын “Memorial“ хэмээх хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Олег Орлов “Дуучин сураггүй алга болсон байхад цагдаагийн байгууллага эрэн сурвалжлахаас татгалзсан хариу өгсөн нь бидний санааг зовоож байна” хэмээн ярьсан байна.
Ижил хүйстэн залууг хулгайлсан байх гэсэн таамаглалыг Оросын хүний эрхийн байгууллагууд болон хэвлэл мөн Чеченийн цагдаа, хүчний байгууллагынхан дэвшүүлж байгаа юм байна. Харин Бакаевын ээж “Хүүгээ эрэн сурвалжилж өгөхийг Чеченийн эрх баригчдаас хүссэн ч цагдаагийн байгууллага юу хийхгүй байгаа” хэмээн үзэж буй гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард үл таних этгээд түүний клипийг YouTube хуудсанд байрлуулж, дуучныг Германд байгаа хэмээн бичсэн нь хэргийг улам ээдрээтэй болгожээ. “Новая газета” сонин энэ оны гуравдугаар сард Чеченээс амь дүйж дүрвэсэн ижил хүйстнүүд бэлгийн өөр чиг хандлагаас болж цагдаа нарт зодуулж, тогонд цохиулсан талаар мэдээлж байжээ.