Өчигдөр (2017.10.26) ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар харилцан мэдэгдэл хийж, зүүрмэглэж байсан өдрийг нойрноос нь сэрээсэн юм. Ямар нэгэн халуун үйл явдал хэд хоног үргэлжилдэг. Гэвч өнөөдөр хэвлэлүүд нам гүм. Тэр хоёрын анхаарал татсан мэдэгдлүүд ердөө нэг өдрийн “чимээтэй” байсан шиг л аядуу өнжиж байна. Б.Хурцын мэдэгдэлд анхаарал, сонирхол татсан олон өнцөг байгаа. Түүний нэг нь С.Зоригийн хэрэг.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ЦЕГ болон ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг 1998 оны аравдугаар сарын 16-нд анх талийгаач С.Батчулуун сайдын үед байгуулагдсан. 2000 онд Ц.Нямдорж сайд болоод энэ хэргийг ЦЕГ авсан. 2006 онд энэ Ажлын хэсэг буцаад ЦЕГ болон ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг болсон. Ц.Одбаяр сайд байхдаа Ажлын хэсгийг сольсон байдаг. 2007 оны нэгдүгээр сард ЦЕГ-т энэ Ажлын хэсгийг буцаасан. Ажлын хэсгийн өөрчлөлтийг харахад Ц.Нямдорж үүнийг дандаа Тагнуулаас салгасан байдаг. Ц.Нямдорж гэдэг хүн энэ Ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийг сольсон. Өнөөдөр захиалагчийн тухай асуудал ярьж байгаа. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж нөлөөлж байна хэмээн Б.Хурц мэдэгдсэн. Харин
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаагүй. Харин одоо захиалагчийг илрүүлэх Ажлын хэсэгт орсон цагдаагийн төлөөллийг солино гэсэн хариултыг өгөөд байгаа. Ц.Нямдорж сайдаар томилогдохоосоо өмнө энэ хэргийн талаар ихээхэн ярьж байсан. Тамга авсан даруйдаа шууд л С.Зоригийн хэрэгт анхаарлаа хандуулсан. Ажлаа аваад Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тэр уулзалт дээр ч энэ хэрэгт анхаарал хандуулна гэдгээ хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж, иргэд ч түүнд ихээхэн найдлага тавих болсон.
Сайдын анхаарлын төвд байсаар байгаа С.Зоригийн хэрэг Тагнуулын газрын дарга хоёрын мэдэгдэл харин өнөөдөр иргэдийн хувьд оньсого таавар дэгдээж байна. Ц.Нямдорж сайд өчигдөр хэвлэлийнхэнд хэргийг шалгах Ажлын хэсгийн талаар тийм ч хангалттай хариу өгч чадаагүй. Үүнийг нь зав муутай албаны хүний цаг хугацааны дарамттай холбон ойлгож болно. Гэхдээ сайдад тайлбар тавих гарц бас үлдсэн байгаа. Одоо иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчлөх, татан буулгах, ТЕГ-ыг хэрэг шалгах ажиллагаанаас гаргасан гэдгийг нотлох тушаалуудыг хүлээж эхэллээ.
Ц.Нямдорж УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан бол эдгээр тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргуулан авч, өөрийгөө буруугүй гэдгийг нотлоход цаг хугацаа шаардагдах байсан нь тодорхой. Одоо бол байдал өөр. Тэр өөрөө энэ яамны сайдаар ажиллаж байгаа. Бичиг хэргийн архивын ажилтанд туслахаараа дамжуулан үүрэг өгөхөд цагийн дотор л тушаалуудыг гартаа бариад сууж байна гэсэн үг. Сайд аа, Та С.Зоригийн хэргийг шалгах Ажлын хэсгийн өөрчлөлтийг хэн хэн сайд байхдаа гаргаж байсан бэ гэдгийг олон нийтэд хэзээ үзүүлэх вэ?
1 comment
HURTS HORVOOGIIN HAMGIIN ADGIIN AMITAN BAISAN CH NYAMDORJIIN HAJUUD HUN.NYAMDORJ BOL HUN BISH DORVOD.GADNIIN TAGNUULIIN BAIGUULLAGIIN AJILTAN