Далайн түвшнээс дээш 3200-3500 метрийн өндөрт, цасан нуранги дунд хүрзээр цас малтан цооног гаргаж, амь эрсэдсэн уулчдын нүд хальтирам цогцсыг олох ажлыг тэднээс өөр хэн ч хийж чадахгүй. Хүнд хэцүү нөхцөлд гурван хоног ажилласан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Я.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр амь үрэгдсэн уулчдын цогцсыг бүгдийг нь олох хүртэл хамт олонтойгоо гар хумхилгүй зүтгэжээ.

-Аравдугаар сарын 22 буюу өнгөрсөн ням гаригт Отгонтэнгэр ууланд гараад бууж явсан уулчдын 17 нь сураггүй болсон мэдээлэл анх Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирснээс хойш монголчуудын хувьд хүнд өдөр үргэлжиллээ. “Цогцос оллоо” гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөн. Газар дээр нь ажилласан хүний хувьд сэтгэл санаа хүнд байв уу?

-Монголын 17 иргэн хайрхны оргилд гарчихаад буцахдаа байгалийн давагдашгүй хүчинд автаж, амь эрсэдсэнд маш их харамсаж байна. Манай Аврах тусгай ангид өнгөрсөн ням гаригийн 15.00 цагт “Отгонтэнгэр хайрханд уулчид осолдлоо” гэсэн мэдээ ирсэн. Үүний дагуу ОБЕГ- ын дарга болон Аврах тусгай ангийн захирагчийн шийдвэрээр эрэн хайх, аврах бүлгийг зохион байгуулсан.

Арван хүнтэй бүлэг тэр оройдоо Улаанбаатар хотоос нисдэг тэргээр гарч, Баянхонгор аймагт хоноод 23-ны өглөө иргэд осолдсон байж болзошгүй бүсийг тогтоох ажилд орсон. Отгонтэнгэр хайрхны дээгүүр нисдэг тэргээр гурван удаа тойроход нүдэнд ил харагдах зүйл байгаагүй. Харин хайрхны баруун талд их хэмжээний цасан нуранги болсон нь ажиглагдсан. Тиймээс тэр газар нисдэг тэргээ аль болох ойрхон газардуулахыг хичээсэн дээ. Анх очсон нисдэг тэргэнд зургаан аврагч, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан дөрвөн уулчин хамт явсан. Тухайн газрыг сонгож газардсаны дараа эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулсан.

Амьд хүн байх магадлалтай гэж үзсэн учраас аврах ажил гэж онцолж байгаа юм. Ингээд хоёр аврагч, хоёр уулчны хамт нуранги болсон газраас дээд хэсэгт эрлийг эхлүүлсэн. Мөн дрон ашигласан. Тэд “улаан өнгийн юм ажиглагдлаа” гэж холбоогоор надад мэдэгдсэн. Очиж үзээд хүний куртик байна гэсэн. Үүний дагуу тухайн хавцлаас доош шалгаж үзээд эхний гурван хүний цогцсыг илрүүлсэн. Тэдний биеийн хэсэг цасан дороос бага зэрэг л цухуйсан байсан учраас амархан олсон. Ингээд аврагчдаа нуранги болсон газарт аваачиж, эхний өдөртөө 10 хүний цогцос олсон.

-Нуранги болсон газар нь ангал байсан гэл үү?

-Отгонтэнгэр хайрхан 4008 метр өндөр. Уулчдын ярьж байгаагаар авирагчид торгон оройд нь биш, орой хэсгээс доош хадан ангалаар явж байхад нь нуранги үүсэж, тэр чигээрээ хадан ангал дундуур цастай хамт унаж осолджээ.

Амьд үлдсэн 10 уулчин “Их чанга дуу гараад цасан нуранги болсон” гэж ярьсан

-Та бүхэн хүнд нөхцөлд гурав хоног ажиллалаа. Тэнд үүссэн нөхцөл байдлын талаар ярихгүй юү?

-Нэлээд хүнд байсан. Амьд үлдсэн 10 уулчин “Их чанга дуу гараад цасан нуранги болсон” гэж ярьсан. Бид далайн түвшнээс дээш 3200-3500 метрийн өндөрт ажиллаж, цогцоснуудыг хайсан. Тэнд хүчтэй салхитай байв. 200 м өргөн, 800 орчим метр урт талбайд эрэл явуулж, зарим цогцсыг хоёр метрийн гүнээс ухаж гаргасан.

-Талийгаачдын цогцсыг бүгдийг нь олох хүртэл гардан ажилласан хүний нэг нь та. Цогцос танигдахын аргагүй, нүд хальтрим байсан гэсэн. Бодит байдал дээр ямар байв?

-Уулчид маш өндрөөс цастай хамт унасан. Цасан нуранги замдаа чулуу, асга хадыг хамаад явсан учраас тэд биедээ асар их гэмтэл авсан байсан. Үхлийн гэмтлийг уулнаас унах замдаа авсан гэж болно. Цогцоснууд нүд хальтирам байсан гэдэг нь үнэн. Гэхдээ тасарсан гар, хөл байгаагүй. Дөрвөн мөч нь хэд хэд хугарсан, бие нь мушгирсан, эргэсэн, нүд, ам нь цөмөрсөн, хэвлийн хөндий нь бяцарсан байсан.

-Тэр бүхнийг харах мэдээж амаргүй. Хэдийгээр энэ нь та бүхний ажил ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад яаж анхаардаг юм бэ?

-Дадлага сургуулилалт, сэтгэл зүйн бэлтгэл байнга хийдэг. Шинэ алба хаагч бол тийм нөхцөлд ажиллахад хэцүү. Миний хувьд ийм ажиллагаанд олон удаа явсан учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон. Бусад аврагчийн хувьд ч сэтгэл зүй гайгүй байсан. Одоогоос яг арван жилийн өмнө мөр зэрэгцэн ажиллаж байсан шүхэрчид маань 14-үүлээ осолдсон. “Ми-8” нисдэг тэргэний ослыг та бүхэн мартаагүй байх. Тэр үед би бүлгийн даргаар ажиллаж, цогцос гаргахад оролцсон.

-Эхний цогцсыг олоод амьд хүн байхгүй нь дээ гэж найдлага тасарсан уу?  

-Тухайн үед нисдэг тэргэнд Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл явж байсан. Бид эхний цогцсыг гаргасны дараа “Амьд үлдэх ямар ч магадлалгүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэд хадан дундуур “нисэх”-дээ л эндсэн байх.

-Уучлаарай, багийг удирдаж явсан хүний бие нь хоёр хэсэгт хуваагдсан гэсэн мэдээлэл байсан.

-Талийгаачийн цогцсыг гаргахад би хажууд нь байсан. Нүүр, биеийн бусад хэсэгтээ гэмтэл авснаас бие нь хуваагдсан зүйл байхгүй. Бүгд бүтэн, гэхдээ ихээхэн хэмжээгээр гэмтсэн.

Нүүр, биеийн бусад хэсэгтээ гэмтэл авснаас бие нь хуваагдсан зүйл байхгүй

-Энэ сарын 26-наас буюу эрлийн гурав дахь өдрөөс баруун аймгуудаар цасаар шуурах төлөвтэй байсан учраас эрлийн ажиллагааг шуурхай дуусгах чиглэл өгсөн. Харин та бүхэн цаг агаар хүндрэхээс урьтаж, үлдсэн гурван хүний цогцсыг шуурхай олсон. Ямар зохион байгуулалттай ажиллав?  

-Эрэн хайх ажиллагаанд маш олон байгууллагын алба хаагч оролцсон. Хээрийн штабыг яаралтай зохион байгуулж, Шадар сайд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ЦЕГ-ын дарга, Завхан аймгийн Засаг дарга, Отгон сумын Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд, баруун таван аймгийн Онцгой байдлын газрын аврагчид гээд олон хүн сэтгэл санаа, хүч зүтгэлээ нэгтгэн, нэгэн удирдлагаар ажилласан. Гурав дахь өдрөө олохгүй л бол цаг агаар хүндрэх төлөвтэй байсан. Салхины хурд 30-40 метр секунд хүрч, аврагчид ажиллах нөхцөл хомсдох байв. Удирдлагууд хуралдаж, бүлгийн ахлагчдыг цуглуулан зөв зохион байгуулж ажилласны үндсэнд үлдсэн гурван иргэний цогцсыг нэг цагийн дотор олсон.

-Шөнө унтаж амарч байсан байх. Өдөрт хэдэн цаг ажиллав?

-Шөнө ажиллах ямар ч боломжгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдахын зэрэгцээ маш хүйтэн учраас эрсдэлтэй. Үүр цайх үед л эрлээ эхэлж байсан.

-Үлдсэн гурван иргэний цогцос бусдаасаа хол зайд байсан юм уу?  

-17 уулчин хоёр олсонд хуваагдан явсан байж. Үнэндээ олсондоо холбоотой нэг ч цогцос байгаагүй. Уулчдын олс бол тийм ч амархан тасрахгүй. Гэтэл олс тасарч, холбоотой ганц ч цогцос байгаагүй нь маш өндрөөс хүчтэй унасных байх. Цогцоснууд хоорондоо 10-15 метрийн зайд байсан.

Уулчдын олс бол тийм ч амархан тасрахгүй

-Эрлийн хоёр дахь өдөр Улаанбаатараас металл хайгч нэмж явуулсан. Та бүхний хэрэглэсэн гол багаж хэрэгсэл юу байв?

-Эхний гурван цогцосны зарим хэсэг ил харагдаж байв. Тиймээс даруйхан олсон. Цаг оройтсон учраас эхний өдөр арван цогцсыг гаргасан. Маш хурдтай ажилласан гэж бодож байгаа. Олохгүйгээ хүрвэл нэг дээр ч гацдаг тохиолдол бий. Уулчдын зарим эд зүйл нүдэнд ил харагдаж байсан ч тухайн газарт нь цогцос байгаагүй. Тиймээс металл хайгч хэрэгтэй болсон. Уулчдын гутлын хэрэглэл, алх, биед байгаа төмөр зүйлсийг илрүүлэх үүднээс металл хайгч ашиглан дөрвөн цогцос олсон. Металл хайгчаар илрүүлэх боломжгүйг нь цооног ухаж хайсан. Гурав дахь өдөр цооног ухаж явсаар үлдсэн цогцсыг олсон.

-Металл хайгч хэдэн метрийн гүнд байгаа биетийг илрүүлдэг юм бэ?

-1-1.2 метрээс илүү зайд илрүүлдэггүй юм байна.

-Тэгэхлээр та бүхэн цас ухаж цогцсыг олсон юм уу?

-Тийм ээ. Бүгд хүрзээр цас ухсан. Өөр ямар нэг техник хэрэгсэл байгаагүй. Нэг аврагч урт нь гурван метр, гүн нь 1.5 метр орчим цооног ухаад л дараагийнх руугаа шилжилж байлаа. Далайн түвшнээс дээш 3100-3400 метрийн өндөрт, 35-40 градусын налуу газарт бид ажилласан.

-Цасан нуранги, гулгаа дахин үүсэх эрсдэлд та бүхэн ажилласан. Аюулгүй байдлаа хэр хангав?

-Ууланд авирах зориулалтын хувцас манай Аврах тусгай ангид хоёр ширхэг л байдаг. Сая осол болсон бүс нь тодорхой байсан учраас Отгонтэнгэр уулын оройд авирах шаардлага гараагүй. Цасан нуранги дахин үүсэхийг үгүйсгэхгүй учраас хэрхэн аюулгүй байдлаа хангахыг удирдаж явсан дарга нар хэлж, чиглүүлж байв. Мэргэжлийн уулчидтай хамтарсан баг ангал хэсэг рүү мөсөнд шруф тавьж, дээшээ авирч, цогцос байгаа, эсэхийг шалгасан. Хаданд хүний цус, хоёр ширхэг богино олсноос өөр юм харагдаагүй. Үүнээс харахад хадан хясаанд хүн тогтох аргагүй байсан учраас цасан нуранги үүссэн талбайд эрэл явуулж, 17 цогцсыг тэр хэсгээс олсон.

-Аврах тусгай ангийнханд ууланд эрэн хайх ажиллагаа хийх туршлага хэр байдаг вэ. 2015 онд Алтай таван богдод таван уулчин эрсэдсэн осолд та очсон уу?

-Увс аймгийн Онцгой байдлын алба хаагчид ажилласан. Түүнээс өмнө Бурхан халдун ууланд 71 иргэн төөрч, цасанд боогдоход “Ми-171” нисдэг тэргээр явж,аврах ажиллагаанд оролцож байлаа. Мөн Асралт хайрханд осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа мухардаж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоосон. Манай аврагчид оргил дээр нь хоёр удаа гарч хайсан.

-Үлдсэн гурван цогцсыг олоогүй байхад цаг агаар хүндэрсэн бол эрлийн ажиллагааг зогсоох байсан уу?

-Цаг агаар хүндэрсэн үед тэнд хүн байхын аргагүй хүчтэй салхилна. 75 метр секунд хүртэл хүрч салхилах тооцоолол гарсан байв. Харин аврагчид, цагдаагийнхан, уулчид хамтран гурав дахь өдрөө амь үрэгдэгсдийг яаралтай олж илрүүлсэн нь сайн хэрэг.

-Та бүхэн хоол хүнсээ яаж зохицуулав?

-Осолдсон иргэдийн цогцсыг яаралтай олох зорилготой байсан учраас өглөө 05.30 цагаас хоолоо идээд осол болсон газар руу нисдэг тэргээр хүргүүлсэн. Нар гарсны дараа нисэх шаардлагатай учраас 06.00-07.00 цагийн үед эрлээ эхлүүлж байв. Осол болсон газраас 60 км-т байрлах Отгон сумаас онгоцондоо түлш авч, хээрийн штаб, нуранги үүсэн талбай хоёрын дунд өдөрт 10 удаа нисэж, буусан. Өндөр уулын бүс учраас 14.45 цаг гээд л осол болсон газар наргүй, сүүдэртэй болж, ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж байсан. Тиймээс 17.00- 18.00 цагийн хооронд аврагчдыг хээрийн штаб руу зөөнө. Нэг онгоцонд 20 хүн суух боломжтой.

-Өндрөөс унахаар гутал, хувцас шидэгддэг гэсэн. Талийгаачдын хувцас тайлагдсан байсан гэл үү?

-Үерт урссан хүний хувцас тайлагдчихдаг. Тэрэн шиг цасан нурангийн үед үүргэвч, куртик, гутал нь сугардаг юм байна. Өмд нь шилбээ, цамц нь сугаа хүртэл шувтарсан байсан. Тэр бүү хэл, төмөр таяг, ган алх хугарсан байхад хүн яаж амьд үлдэх вэ.

Төмөр таяг, ган алх хугарсан байхад хүн яаж амьд үлдэх вэ.

-Амьд үлдсэн хүмүүс осол болсон газар гэрэл гарахыг харсан гэсэн мэдээлэл байсан. Та тэдэнтэй уулзсан уу. Анх юу гэж хэлж байсан бэ?

-Гэрчүүдтэй бид уулзаагүй. Тийм цаг хугацаа байгаагүй. Нисдэг тэрэг хөдөлгүүрээ унтраахгүйгээр эргэлт хийж байсан. Манай удирдлага, цагдаа нар уулзаж ярилцсан.

-Энэ ажиллагаанд хамгийн хүндрэлтэй нь юу байв. Цаашид юунд анхаарах хэрэгтэй бол?

-Цаашид ийм осол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ битгий гараасай. Манай удирдлагууд ийм нөхцөлд хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байя, аврагчдаа бэлтгэж, багаж хэрэгслээр хангах шийдэлд хүрсэн.

-Аврах тусгай ангийнхан бүх л гамшиг осолд явдаг. Саяын ажиллагаанд голдуу шүхрийн ангийнхан оролцсон гэл үү?

-Монгол Улсад тохиолдож байгаа бүх төрлийн гамшиг осолд явдаг Онцгой байдлын ганц тусгай анги шүү дээ. 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эрэн хайх аврах, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн үндсэн гурван салбар, тусгай гурван бүлэгтэй. Би агаараас эрэн хайх болон ой, хээрийн түймэр унтраах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Ахалж явсан багт маань манай салбарын болон эрэн хайх аврах салбарын, уулын спортоор хичээллэдэг залуус байсан. Тэр баг маань хамгийн эхний ээлжинд газар дээр нь очиж, тэнд үүрэг гүйцэтгэн эхний 10 цогцсыг олсон. Баруун аймгуудын онцгойгийнхон шөнөжингөө машинаар давхисаар өглөө нь ирж, эрлийн ажиллагаанд оролцсон.

-Ар гэрийнхэн тань санаа зовж л суусан байх даа. Амь өрссөн энэ албанаасаа шантрах тохиолдол гарч байв уу?

-Ар гэрийнхэн минь санаа зоволгүй яах вэ. Би энэ албанд ажиллаад 22 жил болж байна. Аврагчдын ажлыг ар гэрийнхэн нь болон ард иргэд ойлгож, тусалж дэмжиж байгаад баяртай явдаг. Би 1996 онд 18 настайдаа баруун аймгуудад гарсан их хэмжээний түймэрт 68 хоног үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр үед шантарч байсан ч энэ ажлаа орхиогүй. Онцгой байдал, цагдаагийн байгууллага, орон нутгийнхан гээд маш олон хүн сэтгэл зүрхээ зориулж, өндөр зохион байгууллалттай ажиллаж, ямартай ч уулчдын цогцсыг ар гэрийнхэнд нь хүргэж өглөө. Гавьяат уулчин Г.Өсөхбаяр, 77 настай ахмад уулчин Т.Гүррагчаа гуай болон Уулын холбооныхонд талархаж байна. Онцгой байдлын сэрэмжлүүлэг мэдээг ард иргэд сонсож, амьдралдаа хэрэгжүүлж явбал өөрийн болон өрөөлийн амийг эсрдэлд оруулахгүй шүү гэдгийг хэлье.

Эх сурвалж: Ч.Болортуяа

By updown

26 thoughts on “Я.Сэргэлэн: Үерт урссан хүний хувцас тайлагддаг, түүн шиг цасан нурангийн үед үүргэвч, куртик, гутал нь сугардаг юм байна”
  1. Хахуульд автсан шүүгчдэд өгдөг өндөр гэгдээд байгаа хэдэн төгрөгийн цалинг энэ онцгойгийн хэдэн хүмүүстээ л өгч баймаар байгаа юм даа ард нь үлдсэн гэр бүлс нь гэр хороололд даарч зутарсан албан хаагчид олон л байдаг шүү дээ зарим нь хөөрхий албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэний дараа нэг орох оронтой болж байх жишээний.

  2. Богд Очирваань Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн шинийн 8 ний дүйчэн өдөр Монголын Их Хүрээ хийд зуурдаар одогсодыг сайн төрөлд одуулахын тухайд буян номын хуралдаа сүсэгтэн олон та бүхэнийг хойчийн буяныг санаж хамтран залбирч буян үйлдэхийг уриалж байна. 2017 оны 10-р сарын 28 ний 09 цагт Монголын Их Хүрээ хийдэд

  3. Ууланд аялагчдад тодорхой дүрэм журам гаргаж мөрдүүлэхгүй бол болохгүй нь дээ. Адаглаад авиралт хийж байгаа уулчид радио дохиолол ч юм уу сураггүй алга болсон үед нь олоход туслах тоног төхөөрөмж биедээ байнга авч явах хэрэгтэй юм байна. Нуралт үүссэн үед аваарын дэр мэт хамгаалалтын хувцас санаачилмаар юм л даа.

  4. энх цагын баатрууд эр зоригын туулиуд бол энэ онцгой албаныхан шүү дээ… шүүхийнхэнд биш онцгой албаныханд өндөр цалин хангамж өгч баймаар юм! үхлийн өөдөөс үүргэвчээ үрээд үрээ ханиа аав ээжээ орхиод эрдэнэт хүний амь аврахаар явдаг ийм зоригтнууд ширээ сандалтай зууралдсан хогнуудаас дор үнэлэмжтэй гэхээр энэ төрд ой гутдаг!!!

  5. Мундаг Онцгойгийн залуусдаа амжилт хүсье.Ййм л мундаг залуусын цалинг нэмэх ёстой

  6. ontsgoi baidliin albaniihan bvh l muu muuhai gai gam shig bvgdend l ami nasaa vl haihran ywdg ard ni ger bvl vr hvvhed aaw eej ah dvv ni setgel zowon hvleej suudg hahuuli awch ondor tsalin awch bga shvvgch nariin tsaling ontsgoi baidliin albanii alba haagchdad ogwol taarna ontsgoi baidliin alba haagchdiig harj vzdeg ni howor vhsen hoino ni ali eswel ajilaa hiih bolomjf bolsn hoino ni setgeliig ni huurah gj asuudal garguulhf gj heden togrog bair ogdg ni naad zahiin asuudal blod bn emch nar asuudal gargachaad tsalin nemvvlne bagsh nar talin nemvvlne gj bhaar ontsgoi baidliin albanii hamgiin gol vvreg guitsetgedg olon shn zaluuchuud olon saihn tsereg narig harj vzeh tsag ni bolsn

  7. Энд гар биеээрээ оролцосон аварагч нартаа болон сэтгэл санааны .хоол хүнс.бусад бүх зүйлээр дэижтж байсан бүх хүмүүстэй баярлалаа.Амь үрэгдэсэдээ гүн эмгэлэл илэррийлж байна

  8. Баатарлаг залуусаараа Монголчууд бид бахархаж байна.Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье

  9. Энэ төр авилгачдыг өөгшүүлж байхаар онцгоогыг баатадуудад анхаарал тавиасаа

  10. Гал түймэр гарахад ,үер усны аюулд ч,голд хүн живхэд ч,уул даваанд боогдоход ч,цас зуднаар ч бүхий л аюул ослын үед тэргүүн эгнээнд төмөр биетэй үхдэггүй амьтай юм шиг л явж байдаг тангарагдаа үнэнч онцгойгынхоо албан хаагчдад өндөр цалин амлаж чадахгүй байлаа ч ажлынх нь хамгаалалтын хувцас багаж тоног төхөөрөмжөөр сайн хангах хэрэгтэй шдээ.Баатарлаг залуусдаа ард иргэдийнхээ төлөө байдагт баярлалаа.

  11. Xaramsan gashyydmaar zvrx zvsem xestvv zvil bolloo ! Yylchidiinxaa ar ger torol torosodod n gvnee emgenel ilerxiilie ! Ym sain amgalang olox boltygai ! Ergeed ex oron Elgin sadan tvmendee zyy zyy myanga myanga Bollon ergej ireerei ! Mon OBEG n bvx alban xaagch abrax bagiin xaa zorigt shonxoryyddaa bayarlan talarxaj , sain saixan ervvl enxxiig xvsie ! Toriin mini svld orshoo ! Xairxan mini bidniigee abraldaa enerch orshoox boltygai !

  12. Онцгойгийн ийм л хүмүүсийн ар гэрт орон сууц өгөх хэрэгтэй ар гэртээ санаа зовох юмгүй ирэхэд нь сайхан дулаан байвал зүгээр байх

  13. Хамгийн хүнд, хэцүү бас аюултай ажил мэргэжил юм даа, хир баргийн хүн ч хийж чадахгүй байх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн