АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ямар үйл ажиллагаа эрхлэхийг Авлигын эсрэг хуульд тодорхой заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилж байсан, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон Олон нийтийн зөвлөлийн гишүүд хэтэрхий улстөржиж, нийгэмд ташаа мэдээлэл цацаж буй нь ёс зүйд нь хэр нийцэж байгаа юм бол доо. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг анх өөрчилж байв. Сүүлийн хоёр Ерөнхийлөгч ажлаа аваад хамгийн түрүүнд хийсэн ажил нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 хүнийг солих байсан гэхэд хилсдэхгүй.
Ц.Элбэгдорж өнөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтнийг тус зөвлөлийн гишүүнээр томилоод улмаар үйл ажиллагааных нь журамд хуулиас дээгүүр өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Тухайлбал, АТГ хараат бус, ил тод, хууль дээдлэн ажиллаж байгаа, эсэхэд хяналт тавих, тус газрын захиргаа, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны хараат бус, шударга байдлыг үнэлэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан өргөдөл, гомдолтой танилцаж, уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнаас тайлбар авах, АТГ-аас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдалтай танилцах гэх мэт өөрчлөлт оруулж байсан юм.
Гэвч үүнийгээ хоёрхон сарын дараа хүчингүй болгосон гэдэг. Авлигын эсрэг хуулиас давсан журам учраас хүчингүй болгохоос ч өөр арга байгаагүй биз. Тэгвэл Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга томилоод АТГ-ын хараат бус байдалд халдсан хэд хэдэн заалт үйл ажиллагааных нь журамд оруулчихав. Уг журамд АТГ-ын захиргаа, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны хараат бус, шударга байдлыг үнэлэх хэмээсэн байгаа. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг энэ агуулгаар ийм заалт оруулчихаад удалгүй хүчингүй болгосон билээ.
Дээрхээс гадна эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн үндэслэл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дуусган, хэрэгсэхгүй болгох шийдвэр, түүний үндэслэлтэй танилцах, дүн шинжилгээ хийхээр журамласан. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагаанд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьсаар ирсэн. Тэгвэл одоо хуулиас давсан, прокурорын эрх хэмжээнд халдсан журам гаргуулан ажиллахаар болоод буй юм. Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлд Олон нийтийн зөвлөл нь АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд хяналт тавих эрхгүй байхаар хуульчилсныг зөрчсөн гэсэн үг юм.
Гэтэл Г.Баасан даргатай Олон нийтийн зөв- лөлийнхөн АТГ-ынхаа хараат бус байдалд заналхийлж, нийгэмд бугшаад буй авлигатай бус, АТГ-тай тэмцэж байна гээд хэлчихэд буруудсан болохгүй. Авлигын эсрэг хуульд зааснаар Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар АТГ-т зөвлөмж өгөх зорилго, үүрэгтэй. Гэтэл өнөөдөр тус зөвлөлийнхөн авлигыг дайснаа гэж үзэх биш АТГ-ыг дайснаа гэж үзэж байгаа нь харамсалтай.
Нийгэмд ташаа мэдээлэл түгээж, өөрсдөө АТГ-ын ажилтнуудын хамт очиж үзсэн нөхцөл байдлаа худлаа ярьж байгаа нь тус газартай тэмцэж буйг илтгэнэ. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-д ял шийтгэлтэй гурван хүн ажиллуулж байна, тэд АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг” хэмээн тус зөвлөлийнх нь дарга Г.Баасан ярьсан. Үнэхээр тийм хүмүүс ажиллаж буй, эсэхийг АТГ-ынхан тус зөвлөлийнхнийг дагуулан явж нягтлахад ажлаас нь аль хэдийнэ чөлөөлснийг мэдсэн атлаа жишим ч үгүй ташаа мэдээлэл цацаж суух юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын баталсан журмын 8.2-т “Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан сонгон шалгаруулна” гэж заасан байгаа. Г.Баасан ч “Биднийг ард түмний дундаас сонгон шалгаруулсан” хэмээдэг. Харин хэзээ шалгаруулалт хийж энэ хүмүүсийг сонгосон нь тодорхойгүй. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох гишүүн даргаас нь авахуулаад бий. Г.Баасан АТГ-т шалгаж байсан хэргийн оролцогчийн өмгөөлөгч.
Гэтэл тэрбээр “Би Олон нийтийн зөвлөлийн дарга боллоо гээд өмгөөлөгчийн ажлаасаа татгалзахгүй. АТГ дээр өмгөөллөө ч хийнэ, зөвлөлийн даргаа ч хийнэ” гэж буй. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гэдэг нь хэнд ч харагдаж буй. Өөр нэг гишүүн болох Д.Пүрэвбаатар АТГ-т шалгаж байсан “Монголын төмөр зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан А.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргыг заамдаж явсан нэгэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь шалгаж байсан АТГ-ынхныг ийм байдлаар шахаж, даргыг нь өөрчлөх бодол агуулж буй юм биш биз.
Эх сурвалж: unuudur.mn
2 comments
Цэвэр улс төрчид цугларчээ энэ зөвлөлд. Баасан өөрөө шудрага хүн биш хэлэмгий доломгой л хүн. Сургууль төгсөөд овоо гайгүй болсон болов уу гэсэн хэвээрээ шив дээ гэдэг шиг хүн байна лээ. Дандаа л өшөө авалт, Дандаа л улс төр. яачихсан улс вэ манайх чинь
Үхсэнийх нь улс төрчид вэ. Эднийг хэн ч улс төрчид гэхгүй. Харин улс төрчдийн ялааны алуурчид гэж болно. Баасан авгайн байж байгааг харахад ичмээр. Хуульч боловсрол олсоны шинж огт байхгүй шүү. Юугаа сурсан ямаа вэ.