ВАШИНГТОН. /Бизнес Инсайдер/. Дэлхийн банк амьжиргааны түвшин тогтоох шугамаа шинэчлэн өдөрт 1.90 ам.доллароос бага мөнгөөр голоо зогоон амьдарч буй хүмүүсийг “туйлын ядуу” гэж тодорхойлжээ. Өмнө нь өдөрт 1.25 ам.доллароос багагүй мөнгө хоногийн хэрэгцээндээ зарцуулж чадахгүй байгаа хүмүүсийг тус банк “туйлын ядуу” гэж тодорхойлж байсан юм.
Тус банкнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 1990-ээд оны үед дэлхийн хэмжээнд 1.9 тэрбум орчим хүн туйлын ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо 760 сая болж буурсан байна. Ямар ч хүн адөрт 1.90 ам.доллароор хоногийг өнгөрүүлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж болох ч өнөөдөр бодит байдал дээр дэлхийн хүн амын 10.7 хувь буюу 760 сая хүн ийм мөнгөөр голоо зогоож байна гэж Дэлхийн банк цохон тэмдэглэжээ. Ийм хүмүүсийг тус банк “туйлын ядуу” гэсэн бүлэгт хамруулсан байна.
Мөн тус банк дунд болон өндөр орлоготой улс орнуудын хүн амын ядуурлын түвшинг тогтоох шинэ стандартыг бий болгожээ. Хүн ам нь өдөрт дунджаар 3.20 ам.долларыг хэрэгцээндээ зарцуулж буй Монгол, Аргентин, Камбож, Замби, Тонга, Тунис зэрэг улс орныг “дундаас доогуур орлоготой улс”, 5.50 ам.доллар зарцуулж буй Албани, Бразил, Ирак, Малайз болон Турк зэрэг улс орныг “дундаас дээгүүр орлоготой улс” гэж тодорхойлсон бол өдөрт 21.70 доллароос багагүй мөнгийг хоногийн хэрэгцээндээ зарцуулж буй АНУ, Австрали, Канад, Кипр, Грек, Испани, Швед болон Уругвай зэрэг улсыг “өндөр орлоготой улс” гэж тодорхойлсон байна.
1990-ээд оны үед дэлхийн хэмжээнд 1.9 тэрбум орчим хүн үгээгүй ядуу зүдүү амьдарч байсантай харьцуулахад өнөөдөр дэлхий нийтийн амьжиргааны түвшин эрс сайжирсан нь харагдаж байна. 1990-ээд оны үед дэлхийн хүн ам 5.3 тэрбум байхад 35 хувь нь “үгээгүй ядуус”-ын эгнээнд орж байжээ.
НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилтууд” багц зорилтын хүрээнд 2030 он гэхэд үгээгүй ядууралд цэг тавихыг зорьж байгаа билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ, Гейтсийн сан зэрэг байгууллагууд ядууралтай тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, хэдэн тэрбум доллар зарцуулжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
1 comment
haruudtai orsoldoj bn daa