Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн эхний өдрүүд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт “найрсаг” хандсангүй. Энэ өдрүүдэд тэд Отгонтэнгэр ууланд олноороо осолдсон иргэдийн тухай мэдээллийг авч, онцгой байдал зарлав. Сайд нар тамгаа хүлээн авч, зэрэгцээд Завханы Отгон сум руу анхаарах ёстой болж байлаа. Үүний дараа хоёр өдөр дараалан хуралдсан Засгийн газар зарим асуудлаар шийдвэр гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татав. Тэдгээр шийдвэрүүдийн нэг нь өчигдөр У.Хүрэлсүхийн томилсон Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах Ажлын хэсэг байв.
УИХ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэр гаргаад удаж байгаа. Засгийн газар 49 хувийг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед худалдан авсан талтай шүүх дээр уулзаж буй. Саяхан Улсын дээд шүүх маргааныг анхан шатны шүүх рүү буцаасан бол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн л Эрдэнэт үйлдвэрийг шалгах хэд хэдэн Ажлын хэсгийг байгуулаад байсан юм.
Энэ бол Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тус тусдаа хийсэн бие даасан шалгалтууд. Ажлын хэсгүүд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шалгалтаа хийгээд дууссан. Дүгнэлтүүд тус тусдаа бэлэн болсон ч хараахан нийтэд ил болоогүй байсан юм. Эдгээр шалгалтын дүгнэлтийг У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэдэхийн ихээр мэдэж байгаа. Гэвч тэр яагаад дахин “Эрдэнэт”-ийг шалгах болсон бэ. Эрдэнэт үйлдвэр яагаад хамгийн түрүүнд У.Хүрэлсүхийн шалгалтын бай болов. Эрдэнэт яагаад С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон үйлдвэрт нийлүүлэгддэг шахааны бизнесийн хүрээнд У.Хүрэлсүхийн танхимын Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой нэр холбогдов гэсэн асуултууд олны сонирхлыг татаж эхэллээ.
Энэ оны эхээр Сангийн яамнаас хийсэн шалгалтаар Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан талууд ГОК хэмээх том агуулахын хөрөнгийг дур мэдэн ийн тараасан нь илж болсон юм.
2016 онд “Эрдэнэт” үйлдвэр Хангамжийн хэлтсээрээ дамжуулан бараа, түүхий эд материал, түлш шатахуун, ажил, үйлчилгээ худалдан авахаар дотоодын 306, гадаадын 79 ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулжээ. Мөн их барилгын чиглэлээр 80, нийтдээ 846 гэрээ байгуулж, зөвхөн барилгын чиглэлийн компаниудын гэрээний урьдчилгаа төлбөрт 3 тэрбум 354 сая, 947 мянга, 913 төгрөгийн төлбөр олгосон байна.
Зөвхөн их барилгын чиглэлээр хийсэн 80 компанийн гэрээний нийт төсөв нь 15 тэрбум, 576 сая, 532 мянга, 887 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна зөвлөлийн болон хянан шалгах ажлын хэсгийн зардалд 659.5 сая төгрөг, хууль зүйн үйлчилгээний зардалд 5.999.6 сая төгрөг, алданги хүү торгуулийн зардалд 122.9 сая төгрөг, соёл урлагийн арга хэмжээ, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэгтэй хамтран ажиллах зардалд 2.572.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Эдгээр мөнгөн дүн “Эрдэнэт” хэмээх авдарнаас дөнгөж цухуйх хэсэг нь юм. Үүн дээр бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ, бэлэг дурсгал, хүлээн авалт, нийгмийн халамж, акталсан хөрөнгийн хэмжээ болон өөр бусад олон тооны зардлыг нэмнэ гэвэл тоонд дөмөгхөн хүн ч сандрахаар…
Сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага компаниудтай хийсэн гэрээнийхээ урьдчилгааг яаралтай шилжүүлжээ
Дээрх гэрээний ихэнх нь тендерийн баримтын бүрдэл муутай, зүгээр л Ерөнхий захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, ерөнхий инженер болон санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлуудын цохолт гарын үсгээр олгогдсон гэрээнүүд байсан аж. Ерөөс тус компани 2016 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэгдсэн төлөвлөгөө батлаагүй, үүнийгээ олон нийтэд мэдээлээгүй юм байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнийг дагалддаг “Босго үнэ батлах тухай журам” дээрх гэрээнүүдэд үйлчилээгүй. Бүх асуудлыг Ерөнхий захирал Л.Даваацэрэн шийдэж байсан бөгөөд тэрбээр өөрөө тушаал гарган Сангийн сайдын 2012 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-аас давсан эрх мэдэлтэй өөр нэгэн журмыг зохиож, асуудлыг дур зоргоороо шийдчихдэг байсан талаар эх сурвалж хэлэв.
Нэмж хэлэхэд, ОХУ-ын тал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиа “Монголын зэс” компанид зарсан 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “Танан трейд”, “Ди Ти и Эм Строй”, “Жи Стар Констракшн”, “Хөх тэнгэрийн сум” зэрэг 12 компанитай 7 тэрбум, 274 сая, 245 мянга, 352 төгрөгийн гэрээ хийж, 2.4 тэрбумыг нь урьдчилгаа болгон яаралтай шилжүүлсэн байна.
Эрдэнэтийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ГОК-ын хөрөнгөөр “Lexus-570”, “Land-200” автомашин авахуулсан байна
УИХ, Засгийн газар хоёр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” компани болон ХХБ-тай ид маргаан өрнүүлж байсан 2016 оны наймдугаар сарын 18-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Л.Даваацэрэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нараас нэгэн албан бичиг очсон байна. Тэд ГОК-оос албан хэрэгцээндээ Lexus-570, Land-200 маркийн хоёр автомашин шийдэж өгөхийг “шаардсан” байх юм. Дарга нар хөрөнгийг хоорондын төлбөр тооцоогоор барагдуулна гэжээ.
Уулын баяжуулах үйлдвэр болон орон нутгийн удирдлагуудын хооронд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамтран ажиллах боломж нээлттэй. Гэхдээ энэ үеэр шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат төрийн албаны зардлыг багасгана хэмээн мэдэгдэж, том, жижиг тушаалын дарга нартаа албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авахгүй байхыг зөвлөж, захирамжаа гаргачихсан байсан. Ийм үеэр Эрдэнэт хотын шинэ дарга П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёр Ерөнхий сайдынхаа захирамжаа юман чинээ тоолгүй, ГОК-ын захирал Л.Даваацэрэнг шаналгаж суусан аж.
Эрдэнэт хотод дөнгөж засаглалаа тогтоосон П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёрын хүсэлт, тулгалт алин болохыг үл ялгах албан бичгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүлээж аваад тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар луу шилжүүлчихэж. Үр дүнд нь тэд шинэ машинтай болцгоосон ба үүнийг нь “Таван богд” ХКК нийлүүлсэн байна.
Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 9-нд 185 сая төгрөгийн нэг ширхэг нэхэмжлэлийн баримтаар Б.Шинэбаатар, ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат нар Худалдаа хөгжлийн банкин дахь “Таван богд” ХХК-ийн дансанд хоёр машины үнэ 370 сая төгрөгийг шилжүүлжээ.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 8.2 тэрбумын үнэтэй шахааны “BELAZ”
Мөн 2016 оны аравдугаар сарын 14-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага 2/294-16 тоот гэрээг шууд байгуулан ГОК-нд 136 тн-ын даацтай, өөрөө буулгагч “BELAZ” маркийн автомашиныг авсан байна. 2013 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2014 оны тавдугаар сард орж ирсэн, ашиглагдаж байсан энэ “BELAZ”-ыг уулын баяжуулах үйлдвэрт ХХБ-ны мэдэлд очоод удаж байгаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр буюу “Кью-Эс-Си” компани 3 сая 304 мянга, 273 ам.доллараар буюу 8.2 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн байх юм.
“Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир гэгч нь “Эрдэнэт”-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарт “130 тоннын даацтай дөрвөн ширхэг белаз машиныг тус бүрийг нь 1.817.350 сая ам.доллараар буюу нийт 7 сая 729 мянга 400 ам.доллараар нийлүүлэх санал хүргүүлсэн тухай баримт өнгөрсөн намар цахим ертөнцөд үзэгдэж байсан. Гэтэл тэрхүү албан бичиг биелэлээ олж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн “BELAZ”-аа 8.2 тэрбумаар “Эрдэнэт”-д шахаж амжсан аж.
ХХБ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан Монголын зэс компаниуд нэг эзэнтэй гэдэг нь нийтэд тодорхой болсон. Ийн тэд өөр хоорондоо шууд гэрээ байгуулан наймаа хийсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийнхээ хүсэлт, шахаасыг ингэж биелүүлсэн байна.
8 comments
Hvrelsvhiin zasgiin gazar zamharliig arilgaj ard irgediin itgeliig hvleene gej itgej baigaa.
Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа…. Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал… Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй…
Сайн шалгах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
Энэ засгийн газар ард түмний итгэлийг ахин битгий хугалаасайдаа
сайн шалгах хэрэгтэй
Хүрэлсүхэд итгэх итгэл тасраагүй л байна. МАНАН г ялаарай гэж ард олон итгэл өгч байгаа шүү. Ингэж байж л улс орон босох учраас тэр
Алдаг юм бна. Эрдэнэтийн энэ хэдэн дарга нарыг төр болон төрийн өмчид 100 метр ч ойртуулмааргүй хулгайчууд бна дааай