Нэг сарын хоцрогдолтой танилцуулдаг гадаад валютын албан нөөц наймдугаарын сарын эцэст 1599.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэхэд зах зээлийн нөхцөл байдал сэргэсэн, экспортын орлого нэмэгдсэн, Монголбанкны алт худалдан авалт өсч байгаатай холбон тайлбарлаж болно.
Эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх зорилготой эдгээр арга хэмжээний үр дүнд 2017 оны эцэст Монгол Улсад наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 215.4 сая ам.долларын ашигтай байгаа төлбөрийн тэнцэлд үргэлжлэн эерэг нөлөө бий болохоор хүлээгдэж байгааг Монголбанкнаас мэдээллээ.
Түүнчлэн, урьд шөнө Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсон. Энэхүү санхүүжилт арваннэгдүгээр сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Дим Сам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдах юм. 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдэж байна.