-Устөрөгчийн бөмбөгөөс ч аюултай гал уул дэлбэрч болзошгүй-
Нурж сүйрсэн байшингууд, эвдэрч хэмхэрсэн эзгүй гудамж, үнсэн саарал тэнгэрээс үл мэдэг ёлтойх нар. Энэ бол Солонгосын хойгт болсон цөмийн дайны үр дүн биш. Харин Хойд Солонгос, Хятадын хил дээр орших Пэктусан галт уул дэлбэрснээс болж гарах үр дагавар. Тус галт уул хамгийн сүүлд мянга гаруй жилийн өмнө дэлбэрсэн бөгөөд ойрын жилүүдэд шинээр хүчтэй тэсрэлт болж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Тэгээд ч БНАСАУ-ын зогсолтгүй үргэлжлүүлж буй цөмийн туршилт энэ үйл явцыг түргэтгэх өндөр магадлалтай байгаа аж.Тэгвэл ямар аюул учрах хийгээд Пхеньян өөрсдийн үйлдлээрээ “ертөнцийн төгсгөл” ирэх хугацааг түргэсгэж чадах болов уу. Энэ тухай “РИА Новости”-д ийнхүү бичжээ.
Пэктусан галт уул (Хятадад Чанбайшань гэж нэрлэдэг) дэлбэрэх магадлал нэмэгдэж буй нь дэлхийн олон орны эрдэмтдийн санааг зовоож байна. Тус галт уул хүчин чадлын хувьд 100 мянган жилд нэг удаа дэлбэрдэг, дэлхийн цаг уурыг тэр чигт нь өөрчилдөг супер галт уулсын ард бичигдэнэ. Солонгосын Пэкту дагшин хайрхныхүч хэд дахин бага ч хүн төрөлхтний хэзээ нэгэнтээ туршиж байсан хамгийн том цөмийн бөмбөгөөс хэдэн арав дахин хүчтэй байж мэдэх аж. Сүүлийн 2000 жилд дэлхий дахинаа ийм хэмжээний галт уул ердөө дөрөв л дэлбэрсэн. Харин удахгүй тав дахь нь тэсрэхэд бэлэн болоод байна.
Хятадын эрдэмтдийн мэдээлснээр 2000-аад оны эхнээс Пэктусан дүүрэгт багахан хэмжээний газар хөдлөлтүүд тогтмол ажиглагдах болсон гэнэ. Галт уулсын өрхний зах хэсэг бага зэрэг нэмэгдэж, ойролцоох булгийн усны хэм, түүнчлэн гелийн агууламж нэмэгджээ. Энэ бүгд нь галт уул идэвхтэй үедээ эргэн ирж, дэлбэрэхэд бэлэн болж буйг илтгэж буй юм. Галт уул судлаачдын таамаглаж буйгаар уулын доор 10 км-ийн гүнд халуун магмын томоохон голомт бий бөгөөд доогуурх голомтуудад алгуурхан дүүрсээр эрт орой хэзээ нэгэн цагт гадагшлах аж.
Пэктусан шиг галт уулс ойролцоогоор 1000 жилд нэг удаа дэлбэрдэг. Хамгийн сүүлчийн хүчирхэг Белоголовая уул 946 онд дэлбэрснийг тооцоолж үзэхэд ч өдгөө дахин нэг хүчтэй дэлбэрэлт шинээр болох магадлал маш өндөр байна. Тиймээс энэ бүсэд аж төрдөг сая гаруй хятад, солонгосчуудын хувьд үр дагавар нь тун аюултай болно. Тухайн үедээ долоон баллын хүчтэй дэлбэрсэн энэ галт уул халуун хий, үнс нурам, чулууг маш богино хугацаанд асар их хэмжээгээр цацаж, замдаа таарсан бүхий л амьд биетийг устгажээ. Уулын оройгоор тэсэрч урссан галт лавын урсгал эргэн тойрны ургамлыг үгүй хийсэн байна. Энэ явдал болоод мянган жил өнгөрсөн ч энэ газрын эко систем бүрэн сэргээгүй хэвээр байгаа юм.
Тэгвэл шинэ дэлбэрэлт илүү аюултай байх магадлалтай байна. Галт уулын өрхөнд тогтсон Чонжи нуурын хоёр тэрбум тонн ус хавь орчныг усанд автуулж, хил орчмын Амноккан (Ялуцян), Туманган (Тумыньцзян) хэмээх томоохон голын усны түвшинг эрс нэмэгдүүлнэ. Үүнээс гадна устай зэрэгцээд асар их хэмжээний үнс нурам цацагдсанаар нар хэдэн сарын турш хиртсэн мэт болох юм. Үүний улмаас Зүүн Хойд Азийн дундаж температур хоёр градусаар багасна.
Ерөнхийдөө галт уулын хүчийг одоогийн байдлаар тогтооход хүнд гэж эрдэмтэд үзэж байна. Пэктусан уул гүн нойрсолтын үедээ ч нэг бус удаа сэрж, багахан хэмжээнд тэсэрч байсан. Гэвч тус галт уул хамгийн сүүлд 100 гаруй жилийн өмнө ингэж тэсэрчээ. Тиймээс галт уулын дэлбэрэлтийн хүч хоёр дахин бага байсан ч үнс нурман үүл хөрш орнуудад хүртэл тархах аж. Хэрвээ энэ үйл явц зун болбол Хятад болон БНАСАУ-ын зүүн хойд хэсэг, түүнчлэн Оросын Приморын өмнөд хэсгийг хамарна. Харин өвөл болж, барууны салхи үлээвэл үнс нурам Япон, Солонгосын хойгийн өмнөд хэсэг рүү шилжих аж. Гэвч эрдэмтдийн дунд үүсч буй үндсэн маргаан нь галт уул дэлбэрэх үү, үгүй юу биш, хэр хурдан хугацаанд тэсрэх вэ гэдэг асуудал болж байна.
Нойрсож буй арсланг бүү сэрээ
Хойд Солонгосын туршилтаа явуулдаг Пхунгери цөмийн полигоноос Пэктусан хүртэл ердөө 115 км. 5.7 баллын хүчтэй хиймэл газар хөдлөлт үүсгэгч сүүлчийн туршилтаар нэлээд хэдэн жижиг газар хөдлөлт үүсч, уулын чулуулаг хэсэгчлэн нурсан байна. Үүнтэй холбоотойгоор БНАСАУ илүү хүчтэй төхөөрөмж турших юм бол Пэктусан галт уул дэлбэрэх магадлал өндөр гэж зарим шинжээч тэмдэглэж байна.
Өмнөд Солонгосын эрдэмтдийн тооцоолсноор тротилын эквивалентаар мегатонноос илүү хүчтэй цөмийн туршилт явуулж, долоон баллын газар хөдөлгөснөөр магмын голомтын даралт 120 кПа болж, шууд тэсрэх гэнэ. Ерөнхийдөө энэ бол цэвэр онол төдий зүйл. Бодит тохиолдолд галт уулын дэлбэрэлтийг “хурдасгах” зүйл байдаггүй. Америкийн Невада мужид цөмийн полигон үйл ажиллагаа явуулж байсан хагас зууны түүхэндээ мегатонноос илүү хүчтэй газар доорх дэлбэрэлтийг 921 удаа үйлдэж байсан ч ямар ч аюултай зүйл болж байгаагүй. Уг нь тус полигоноос 300-гаадхан километрийн зайд дэлхийн нойрсож буй хамгийн том супер галт уулсын нэг Лонг-Велли байрладаг аж. Түүнчлэн 1971 онд Аляскийн ажиллагаатай гурван галт уулаас 90 км-ийн зайд таван мегатоннын бөмбөг туршсан ч галт уул дэлбэрэээгүй билээ. Туршилтын дараа 6.9 баллын газар хөдөлсөн ч Алеутийн арлууд дахь нойрсож буй болон ажиллагаатай 62 гал уул сэрээгүй.
Америкийн шинжээчдийн үзэж буйгаар хиймэл газар хөдлөлт ерөнхийдөө дээр давтамжтай байдагтай холбоотой гэнэ. Харин байгалийн газар хөдлөлт доогуур давтамжтай болохоор үнэхээр галт уул дэлбэрэх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ магмын бүтэц, түүнийг тойрсон чулуулгууд янз бүр байдаг болохоор галт уулс өнөө хэр нь эрдэмтдийн хувьд оньсого мэт хэвээр байгаа билээ. Тиймээс ч цөмийн туршилтын улмаас галт уул дэлбэрэхийг хэн ч үгүйсгэх аргагүй.
Ерөнхийдөө Пэктусан галт уулын дараачийн дэлбэрэлт яг хэзээ вэ гэдгийг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоож чадахгүй байна. Харин галт уул судлаачдын хамгийн итгэлтэй байгаа нэгэн зүйл бол тус галт уул хэзээ мөдгүй дэлбэрэхээс зайлсхийх аргагүй явдал юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын туршилт эрчимжиж буй энэ үед гамшиг яг хэзээ тохиохыг тооцоолох боломж үнэндээ үгүй билээ.
Бэлтгэсэн: Э.ЗАЯА