АНУ-ын хүн амын тооллогын дүн өнгөрсөн сард гарчээ. 2015 – 2016 онд тус улсын хар арьстан иргэдийн өрхийн ашиг 5.7 хувиар өссөн бөгөөд энэ нь тус орны дундаж гэсэн 3.2 хувийн үзүүлэлтээс хоёр дахин их болжээ. Энэ мэдээгээр, хар арьстнуудын орлого цагаан арьстан өрхийн орлогын 60.7 орчим хувьтай тэнцэж байна. Энэ ялгаа 1980-аад оны эхээр 55 хувь байсан бол одоо мэдэгдэхүйц буусныг харуулж байна.
Харамсалтай нь энэ тоо алдаатай. АНУ-ын Засгийн газрын бусад статистикийн мэдээнд ч хоригдож байгаа хоёр сая хүнийг оруулан тоолдоггүй. Тэд хүн амын хамгийн ядуу төвшинд нийгмийн бүх хэсгүүдэд байдаг. Тэднийг хасан тооцох нь мэдээллийг санаатайгаар өөрчилсөн хэрэг болж байгаа юм. Хэрэв тэдний оруулан тооцох юм бол хүн амын амжиргааны төвшний мэдээлэл огт өөр болно. Хар арьстан хүн амын эдийн засгийн байдал огт өөрөөр харагдах болно гэж Бекки Петти өөрийн бичсэн “Үл үзэгдэгч эрчүүд: Эрх чөлөөгөө хасуулсан илбэ буюу харчуудын дэвшлийн тухай” гэсэн номондоо өгүүлсэн байна.
Техасын Их сургуулийн нийгэм судлаач Петти тайлбарлахдаа АНУ статистикийг хэрхэн цуглуулдаг вэ гэсэн асуултын үр дүн нь тэр юм гэжээ. Засгийн газар нь 1939 оноос эхлэн өрхийн аж ахуйн статистикийг гаргаж байх үеэр шорон цөөн хүнтэй байсан юм. ХХ зууны ихэнх хугацаанд 1000 хүний нэг нь хоригдол байжээ. Далаад оны сүүлчээс, ялыг чангалсан мөн цагдаагийн түрэмгий ажиллагаа ба хатуу прокуроруудын үйл ажиллагаанаас хоригдлууд нэмэгдсээр өнөөдөр 1000 хүний 7 нь хоригдол болсон байна. Хоригдлуудын 93 хувь нь эрэгтэйчүүд ажээ.
Хар арьстан америкчууд хоригдлуудын ихэнхийг ямагт бүрдүүлж ирсэн байв. Хар арьстнууд хүн амын 13 хувь болдог ч шоронгийн хүн амын 40 хувийг эзэлдэг аж. Хоригдлуудын тоо нэмэгдсэн ч тэдний эзлэх хувь хэвээр байлаа. 2008 он гэхэд 20-34 насны хар арьстан эрчүүдийн 11 хувь шоронд ял эдэлж байв.
Петти бичснээр шоронд байгаад статистикт хамрагдаагүй хүмүүс нь нийтлэгдэн гарч байдаг олон статистикийн үзүүлэлтийг буруу болгож буй аж. Нэн ялангуяа 1980-2008 оны мэдээнүүдийн өрхийн орлогын статистикт залуу хар арьстаны ажилгүйдлын төвшин 1980 онд 62 хувь байснаа 2008 онд 42 хувь хүрсэн гэв. Хэрэв энд хоригдлуудыг оруулсан бол үзүүлэлт өөр 30 хувь болохоор байгаа. Петтийн ном нь АНУ-ын эдийн засгийн жинхэнэ үзүүлэлтийг гаргахад хоригдлуудын тоог багтаах нь зөв гэдгийг харуулж байна.
М.ЭРДЭМ