70 жилийн дараах эргэн ирэлт
Япон Улсын парламентын сонгуулийн дүн гарч, Ерөнхий сайд Шинзо Абэгийн удирдлага дахь Либерал ардчилсан намын тэргүүлсэн улс төрийн хүчин 465 суудал бүхий парламентын доод танхимд 312 суудлыг өөрийн болгосон билээ. Доод танхимын гуравны хоёроос дээш буюу 310-аас дээш суудлын хязгаарыг давснаар Япон Улсын парламентад олонхийн байр суурьтай хүчин бий болж байгаа юм. Энэхүү ялалт Ерөнхий сайд Шинзо Абэг дахин гурван жилийн турш Либерал ардчилсан намыг тэргүүлэх боломжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.
Тэрбээр олон жилийн турш Япон Улсын “Номхон далайн” тодотголтой Үндсэн хуулийг өөрчлөхийг зорьсон. Харин одоо үүнийгээ биелүүлж, олон нийтийн дэмжлэгийг авах хангалттай хугацаатай болж байна. Ноён Абэ 2012 оны арванхоёрдугаар сард Засгийн эрхийг авснаасаа хойш Вашингтонтой харилцаагаа бэхжүүлж, цөмийн эрчим хүч, мөнгөний бодлогыг эрчимжүүлсэн. Үүнээс гадна зэвсэгт хүчний хамгаалалтаа сайжруулж, Хойд Солонгостой таарамжгүй харилцаа бий болгосон зэрэг бодлогууд 2021 он хүртэл үргэлжлэх нь гарцаагүй болж байна.
Эрх мэдлийн хувьд харьцангуй бага гэгддэг парламентын дээд танхимд Абэгийн хамтарсан хүчин олонхийн байр суурьтай байдаг (2016 оны долдугаар сард 242 суудлаас 146-д нь Либерал ардчилсан нам болон Комэйто нам ялалт байгуулсан). Тиймээс хоёр танхимд олонхийн байр сууринаас оролцох улс төрийн хүчин Засгийн газрын бодлого чиглэлээс гадна, хамгийн гол нь Үндсэн хуулийг ямарваа саад бэрхшээлгүйгээр өөрчлөх эрхтэй болж байгаа. “Сонгогчид маань бидний хэрэгжүүлсэн бодлогыг дэмжиж, миний удирдлагыг үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ сонгуулийн дүнгээр харууллаа” хэмээн ноён Абэ даваа гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.
Итгэл төгс ялалт байгуулсан тэрбээр Хойд Солонгосын заналхийллийг зогсоох буюу маш хүчтэй хариу үйлдэл хийх болно гэж маш том амлалт өгсөн юм. Сүүлийн гурван сарын хугацаанд Япон Улсын газар нутаг дээгүүр Хойд Солонгос Улс хэдэнтээ пуужин харвасан нь тус улсын иргэд төдийгүй эрх баригчдад хүндрэл учруулаад байсан билээ. Тийм ч учраас эдийн засагт учирсан хүндрэл, олон улсын харилцаанд үүсээд байгаа “хямрал”-ыг давахын тулд эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилго дор зарлан явуулсан сонгууль эрх баригчдын хүссэн үр дүнг гаргасан. Ноён Абэ дайны дараа баталсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах бүрэн эрхийг өөрийн гарт төвлөрүүлж дуусгалаа. Сонгуулийн өмнө тэрбээр улс орны оршин тогтнолыг баталгаажуулахын тулд зэвсэгт хүчнийг дахин шинэчлэх буюу шинэ зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэж, Япон Улсын батлан хамгаалах салбарыг шинэ шатанд оруулна гэсэн юм.
Сонгуулиас өмнө Засгийн газрын нэр бүхий гишүүд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй талаарх мэдээ олон нийтэд тарж, Шинзо Абэгийн үнэлгээг улс орон даяар унагаасныг та бид мэднэ. Түүний засгийн эрхэнд байсан таван жилийн хугацаанд анх удаа Ерөнхий сайд, намын даргын байр суурь нь ганхсан явдал ийнхүү ард хоцорч байна. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ гуравт жагсдаг хүчирхэг улсын удирдагчид, иргэдийн хандлага энэхүү сонгуулийн дүнгээр ил болов.
Өөрөөр хэлбэл, Япон Улс их гүрний статусаа эргүүлж авахаар 70 жилийн дараа эргэн ирэлт хийж буй түүхэн үйл явдлын гэрч боллоо. Одоогийн байдлаар Япон Улсын батлан хамгаалах хүчин дэлхийд долдугаарт жагсдаг бөгөөд идэвхтэй цэргийн албан хаагчдын тоо 248.575, 1594 онгоц, 700 танк, 2850 хуягт машин, 99 пуужин харвагч, шумбагч онгоц, сөнөөгч, онгоц тээвэрлэгч нийт 131. Түүнчлэн батлан хамгаалах салбартаа жил бүр зарцуулдаг 43 тэрбум ам.доллар зуун тэрбумд хүрэхийг ч үгүйсгэхгүй.
Баяртай 1947 оны тавдугаар сарын 3, баяртай есдүгээр зүйл
Одоогоос яг 70 жилийн өмнө, 1947 оны тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн II дайнд ялагдсан Япон Улсын шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн юм. Эзэн хааны бүрэн эрхийг Үндсэн хуулиар хязгаарлаж, “Ард түмний эв нэгдэл, улс орны бэлгэ тэмдэг” болгон зарласнаар тус улсын түүх шинээр бичигдэж эхэлсэн. Холбоотнууд парламентын тогтолцоог тулгаж, тодорхой хяналт Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд тогтоож өгснөөр дайнч үндэстэн энх тайвны замд эргэлт буцалтгүй орсон учир уг хуулийг “Энх тайвны Үндсэн хууль” эсхүл “Дайны дараах Үндсэн хууль” гэх нь ч бий. Шинэ Үндсэн хуулийн есдүгээр заалтыг энд онцолдог.
Япон Улс дайн зарлах эрх, байнгын армитай байх зэрэг батлан хамгаалах салбараа чухам дээр дурдсан Есдүгээр заалтын дагуу орхиход хүрсэн. Ийнхүү хэмжээгүй эрхт хаант засаг, милитарист нийгмийн чиг шугамаас либерал ардчилалд шилжээд бараг л нэгэн зууны хугацаа өнгөрч байна. Яг ийм тохиолдолд зуун хувь сэтгэл хангалуун үлдэх, байж чадах улс үндэстэн нэгээхэн ч үгүй болов уу. Япон Улсын хувь тавилан ч үүнээс зөрөөгүй нь лавтай.
1945 оны долдугаар сарын 26-нд Потсдамын тунхаглалыг хэлэлцэх үеэр холбоотнуудын удирдлага Уинстон Черчилль, Харри С.Трумэн, Чан Кай Ши нар Япон Улсын хувь тавиланг шийдэж, үг дуугүй бууж өгөхийг тулгасан байдаг. Шинэ Үндсэн хуулийн гол агуулгыг хүний эрхийн суурь зарчмуудад суурилсан байхаар загварчилж, дахин Номхон далайн бүсэд аюул заналхийлэхгүй байх бүх талыг бодолцжээ. Холбоотны нэгдсэн хүчний Номхон далайн бүс дэх дээд удирдагч Дуглас МакАртур болон тухайн үеийн Японы эрх баригчид шинэ Үндсэн хуулийг 1946 оны эхээр бичиж эхэлсэн.
Эзэн хаан Хирохито, Ерөнхий сайд Кижуро Шидэхара нараас эхлээд Засгийн газрын гишүүд үүнийг тун дурамжхан хүлээж авсан агаад 1889 оны Мэйжигийн Үндсэн хуулийн гол агуулгыг либерал үзэл санаагаар солиход бүх зүйлс шинээр эхлэх шаардлагатай болно гэдгийг маш сайн ойлгож байсан хэрэг. Ерөнхий сайд Кижуро Шидэхара Жожи Мацумото сайдаар Үндсэн хуулийг шинэчлүүлж, Дугласт өргөн барьсан ч татгалзсан хариу авчээ. Дуглас МакАртур өөрийн удирдлага дахь хүмүүст шинээр загварчилж бичих тушаал өгсөн нь олон мэргэжилтний гарыг дамжиж, мөн тооны парламентын хэлэлцүүлгийг давсны эцэст 1946 оны арваннэгдүгээр сарын 3-нд батлагдсан түүхтэй.
Япон Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, Есдүгээр зүйл
Шударга ёс, эмх журамд суурилсан олон улсын энх тайванг дээдлэн хүндэтгэхийн учир Японы ард түмэн олон улсын маргаан зөрчлийг зохицуулахад хүч хэрэглэх буюу хүчээр заналхийлэх, дайнд оролцох тусгаар тогтносон үндэстний бүрэн эрхээсээ татгалзаж байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд газар, ус, агаарын зэвсэгт хүчин, түүнчлэн бусад дайны хүчин чадалд төвлөрөхгүй. Улс орны дайны бэлэн байдалд байх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хохирогчдын нүдээр
Хойд Солонгос: Японы харгис үзэлтнүүд Солонгосын хойгийг дахин эзлэх нүхээ малтчихлаа
Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд болсон сонгуулийн дараа Хойд Солонгосоос мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд “Японы харгис үзэлтнүүд Солонгосын хойгийг дахин эзлэх нүхээ малтчихлаа” гэсэн нь Дэлхийн II дайнд Японы эзэнт гүрний эрхшээлд байсан улс орнуудад уг мэдээ айдас заналхийллийн утга илэрхийлснийг илтгэнэ. Солонгос Улс 1910-1945 оны хооронд Японы эзэнт гүрний колони байсан. Хойд Солонгосын төрийн мэдлийн “Солонгосын төв мэдээллийн агентлаг”-т тус улсын Ази-Номхон далайн энх тайвны хорооны төлөөлөгч сонгуулийн дүнг дайны үеэр болон түүнээс өмнө Ази тивийг эзлэн түрэмгийлж байсан Японы эзэнт гүрний үлдэгдлүүд гэж хурцаар шүүмжилжээ. Түүний мэдэгдлээс дараах эшлэлийг онцолж байна.
Японы харгис үзэлтнүүд анхнаасаа АНУ-ын цөмийн хүчинд дулдуйдан хуучны “Аугаа зүүн Азийг дэлхийд мандуулна” гэсэн мөрөөдлөө эргэн дурсахын тулд л парламентын доод танхимыг тарааж, эрх мэдлээ улам батжуулсан. Тэд Солонгосын хойгийг дахин эзлэн түрэмгийлэх гарцуудаа бэлдэж, “нүхээ ухчихлаа”. Энэ бүхнийг дараах баримт нотолно. Япончууд парламентын танхимдаа АНУ-ын зэвсэгт хүчнийг бүрээдэн тунхаглаж, Солонгосын хойгт урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд бэлдэхийн тулд зэвсэглэсэн дүрвэгчдийг элсүүлж “Өөрөө хамгаалах хүчин” гэгчийг бий болгоод зогсохгүй АНУ-ын цэргүүдэд тээврийн үйлчилгээ үзүүлж, дэмжсэн.
БНХАУ: “Ус урсвал суваг үүснэ”
Ерөнхий сайд Шинзо Абэгийн зорилго бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Япон Улсаас 70 жилийн турш хол байсан батлан хамгаалах хүчийг нь эргүүлэн авчрах гэдэг нэгэнт ил болсон учир ойрын хөршөөс гадна өмнөх дайны хохирогч БНХАУ өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуань Япон Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах чадамжтай болсон нь хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт гаргах талаар сэтгүүлчдийг асуухад “Манай улс Японыг хоёр талын харилцааг тогтвортой сайжруулах нэгдмэл бодлого баримтална гэж найдаж байгаа” хэмээн хариулсан байна.
Тэрбээр дэлгэрэнгүй тайлбар хийхээс татгалзсан бөгөөд Ази-Номхон далайн бүс нутагт Япон Улсыг энх тайван, тогтвортой байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа ч дашрамд дурдсан байх юм. Хятадын Коммунист намын харьяа “The Global Times” нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “Ус урсвал суваг үүснэ” хэмээх утга бүхий хэлц үгийг хавсаргаад, Японд одоо ч гэсэн Үндсэн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэгчид цөөнгүй байгаа гэжээ. Дашрамд дурдахад, 1937 оноос эхэлсэн Японы эзэнт гүрний халдлагад Хятад Улсын зургаан сая орчим иргэн өртөж нас барсан гэдэг.
Эх сурвалж:
1 comment
Арайч солонгос японруу пуужин харвахгүй байхаа ямар хэрэгтэй гэж мөрөөрөө сайхан хөгжөөд явж байгаа жирийн л япон улс шүү дээ Хажууд нь том ах нь салахгүй байгаад байхаар жаахан дургуйцаад байх шмг байна даа