Худалдааны салбарын хамгийн өрсөлдөөнтэй гэх үү, эсвэл шандас сорьсон нэг салбар нь татваргүй барааны дэлгүүр буюу бидний мэдэхээр “Duty free”. Импортын барааг улсын хилээр төвөггүй нэвтрүүлдэг болохоор энэ төрлийн бизнест хүч үзэхийг хүсэгчид цөөнгүй. Тиймдээ ч аль хөрөнгө чинээ, танил талтай нь хөл тавьдаг гэсэн яриа бий. Үнэний ортой гэдгийг хэдхэн сарын өмнө болсон нэгэн үйл явдал батлах шиг боллоо. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын даргын энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/162 тоот тушаалаар 6043909 регистртэй “Империа дюти фрий” ГХО ХХК-д татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл олгожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус компанид тусгай зөвшөөрөл олгохдоо ямар ч сонгон шалгаруулалтгүй тусгай зөвшөөрөл эрхлэх эрхийг бэлэглэсэн байна. Угтаа Гаалийн ерөнхий газраас цаг үеийн шаардлагыг судалсны үндсэн дээр тухайн жилд татваргүй барааны дэлгүүрийн тоог нэмэх эсэхийг шийдэж, улмаар сонгон шалгаруулалт зарладаг байна. Гэтэл өнгөрсөн жил гурав, энэ жилийн хувьд хоёр компани татваргүй барааны дэлгүүр ажиллуулах хүсэлтээ Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн ч нэг компанийнх нь эрх ашгийг үл тоож, нөгөөд нь найр тавьсан бололтой юм.
Тэгвэл “Татваргүй барааны дэлгүүр сонгон шалгаруулалт болон зөвшөөрөл олгох журам”-ын 1.2-д татваргүй барааны дэлгүүр ажиллуулах сонирхол бүхий Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгоно. Тус журмын 1.3-т татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, Гаалийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.
Түүнчлэн сонгон шалгаруулалтыг Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр байгуулсан комисс зохион байгуулж, улмаар сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно гэж Гаалийн тухай хууль болон холбогдох журамд тодорхой зааж өгсөн атал “Империа дюти фрий” ГХО ХХК-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь Гаалийн ерөнхий газрын удирдлагууд хуулиа зөрчөөд зогсохгүй, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн болж таарч байна.
Манай улсад “Батсарай”, “Лаки төв”, “Монгол аэропорт” сервис, “Орем”, “МИАТ” ХК агаарын худалдаа, “Жуулчин дюти фрий” гээд арав гаруй аж ахуйн нэгж татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн чадавхитайг тодорхойлсон сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангаа аудитын дүгнэлтээр баталгаажуулахаас гадна хөрөнгийн хэмжээ нь 500 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар нэг тэрбум 227 мянган төгрөгөөс доошгүй байх ёстой.
Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар хөөцөлдөж үзсэн иргэний хэлснээр эрх бүхий албан тушаалтанд “тал зассан” байхад хөрөнгийн эх үүсвэрээ заавал үнэнчээр нотлох шаардлагагүй гэсэн. Түүний хэлснээр хэд хэдэн удаа сонгон шалгаруулалтад оролцсон ч өөрийн санал болгосон бүх үзүүлэлтээс хавь дор компани шалгарсанд гомдолтой байдгаа нуугаагүй юм. Одоогоос хэдэн жилийн өмнө татваргүй оруулж ирсэн импортын бүтээгдэхүүнээ хувийн дэлгүүрт үнэ нэмж зарсан мөн нэг үйлчлүүлэгчид олон тоогоор худалдсан, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус газарт хадгалсан гээд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зөрчлийг хууль хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлж байлаа.
Хууль хяналтын байгууллагаас энэ мэт шалгалтыг олон удаа хийж байж татваргүй барааны дэлгүүрийг цэгцэлсэн гэдэг. Гэтэл “Дайны хажуугаар дажин” гэгчээр тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өөрсдөө хууль бусаар тусгай зөвшөөрөл олгодог нь ийм байдалд хүргэдэг бололтой юм. Тиймээс л “Империа дюти фрий” ГХО ХХК-ны тусгай зөвшөөрөл цаашлаад сонгон шалгаруулалттай холбоотой үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагаас шалгахад гэмгүй болох нь харагдана.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
1 comment
ШААЧИХСАН БАИНА Ш ДЭЭ.