Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 278 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор, төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь нэг ёсондоо төрдөө андгай өргөж, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм.
Би хөдөлмөрийн гараагаа төрийн албанаас буюу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээс эхэлж, одоо даруй 20 гаруй жил өнгөрсөн байна. Төрийн алба гэдэг нэр хүндтэй хэдий ч мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамд шаарддаг ажил юм. Ингээд та бүхэн төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачлагатай, өндөр ёс зүйтэй ажиллах болж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдыг төлөөлөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн орлогч дарга Б.Ууганбат “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангаргаа дуудсан юм. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлэв. Харин ёслолын ажиллагааг хааж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийт албан хаагчдад баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг захилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.