Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын байгууллагуудад хандан 2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг хүргүүлсэн. Энэ дагуу Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагууд манай улсын өвөлжилт хүндэрсэн аймгуудад эд материал болон санхүүгийн тусламж үзүүлсээр байгаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3.500 малчин өрхөд нийт 700 мянган ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламж үзүүлэхээр болсон. Өнөөдөр Улсын нөөцийн гуравдугаар объектоос баруун аймгийн малчны хотонд тусламж хүргэх цуваа хөдөллөө. Энэ арга хэмжээнд Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар оролцсон байна. Мөн арга хэмжээний дараа Төв аймгийн Эрдэнэ сумын малчдад тусламж хүлээлгэн өгөх хэсэг хөдөлжээ.