Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөг учруулах болсон.
Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 42556 га эвдэрсэн талбай орхигдон үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж байгууллага, 40 хувь нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байна.
Үүнээс хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгдэж байгаагүй, мэдээллийн сан бүрэн ашиглагдахгүй, уурхайн хаалтын журам батлагдаагүй байгаагаас хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг Ашигт малтмалын хуульд заасны дагуу гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Иймд цаашид нөхөн сэргээлгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны чиглэлээрх стандартыг олон улсын төвшинд хүртэл сайжруулж боловсронгуй болгох, уурхайн хаалтын журмыг тухайн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлага байгаа аж.
Өнөөдөр байгаль орчин болон уул уурхайн салбарынхан оролцсон “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар эхэллээ. Семинарт БОАЖЯ болон УУЯ, МХЕГ-ын удирдлага мэргэжилтэн болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. Энэ семинараас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд хийх, уурхайн хаалтын журмыг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг олон үр дүн хүлээгдэж байгаа гэж оролцогчид үзэж байгаа аж.