Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ.
Тэрбээр энэ жил насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гран при”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри болон Парисын ДАШТ, Литвийн Клайпеда хотноо болсон бөхийн төрлийн Дэлхийн цэргийн АШТ-нд түрүүлж алтан медаль хүртсэн амжилт гаргасан билээ.
Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь гавьяат, тамирчдаас 43, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.
П.Орхон гавьяатын цол тэмдгээ энэ сарын 27-нд буюу баасан гарагийн 11:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авах юм.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг