“Хангарьд-Улаанбаатар” ТББ 2015 онд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, 2016 онд Төв аймагт хүүхдийн цэцэрлэг барьж өгч байсан. Харин энэ онд Налайх дүүргийн иргэдэд зориулсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг буцалтгүй тусламжаар барьж, өчигдөр нээлтээ хийлээ.
Налайх дүүрэг 36 мянга гаруй хүн амтайгаас 12 мянга орчим нь 0-16 насны хүүхдүүд байдаг гэсэн тоо бий. Тэдгээр 12 мянган хүүхдэд зориулан 30 ортой ганцхан тасаг эрүүл мэндийн хэвтэж эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. 2014 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байгаа Найлах дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт орны хүртээмж хамгийн их тулгамдаад байсныг Налайх дүүргийн эмч ажилтнууд онцолж байлаа. Тодруулбал, сүүлийн жилүүдэд өвлийн улиралтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт гурав дахин нэмэгддэг болж, ор хүрэлцэхгүйн улмаас зарим хүүхдийг гэрээр эмчилдэг байжээ. Өнгөрсөн онд гэхэд 30 ортой хүүхдийн тасагтаа 140 хүүхдийг багтааж эмчилгээнд хамруулсан байна.
Таван сарын өмнө шав тавьж байсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Налайх дүүргийн багачууд ая тухтай орчинд эмчлүүлээд зогсохгүй 27 ажлын байр бий болж байгааг хэлж байлаа. Ийнхүү орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлгийн барилга баригдсанаар орны хүрэлцээ нэмэгдэж, үзлэг, оношлогооны чанар сайжирч, нийслэл рүү чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах урсгал эрс багасах юм.
Э.АРИУНАА