Сүүлийн үед Иргэний нисэхийн салбар иргэдийн ярьдгаар ногоон онгоц буюу АН-2 онгоцыг орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах гэнэ гэсэн мэдээ сонсогдох болов. Энэ талаар ИНЕГ-ын Нисэх буудлын бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Агаарын хөлөг эзэмшигчид, нэгдсэн холбооны Тэргүүн М.Цогтгэрэлтэй уулзаж ярилцлаа.
–Сүүлийн үед МИАТ компани ногоон онгоц буюу АН-2 онгоцны шинэчилсэн загварыг угсарч байгаа мэдээлэл тархаад байгаа. Онгоцыг бараг л дотооддоо үйлдвэрлэж байна гэх болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
–МИАТ компаний Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер-техникийн бүрэлдэхүүн АН-2 онгоцыг угсарч эхлээд байгаа л даа. АН-2 бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед буюу 1989 түүнээс өмнөх он жилүүдийн орон нутгийн агаарын тээврийн оргил үеийг нуруундаа үүрсэн онгоц. Жилд 794 мянган зорчигчид үйлчилж байсан түүх бий. Аймаг бүрт 1-2 АН-2 онгоц тогтмол байрлаж, бүх аймаг, сумдад нисч байсан. Энэ ачааллыг 54 ширхэг АН-2 онгоц үүрдэг байж. Зах зээлийн хүнд үе буюу 1991-1993 оноос хойш орон нутгийн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан. Одоогийн байдлаар орон нутгийн агаарын тээвэрт Хүннү, Аэромонголиа компаниуд дунд оврын онгоцоор цөөхөн чиглэлд нислэг үйлдэж байгаа. ИНЕГ орон нутгийн 21 аймагтаа ч бүрэн нислэг хийж чадахгүй байна. Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Хархорин, Өмнөговийн Ажнай тур, Хэнтий аймаг дахь Дадалын аэродромыг түр улирлын чанартай зундаа л ашиглаж байна. Асар уудам газар нутагтай Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, агаарын тээврээ хөгжүүлнэ гэвэл хөнгөн онгоцуудыг л бид маш сайн ашиглах хэрэгтэй байгаа юм.
-МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрынхны угсарч байгаа АН-2 онгоц, түүний ирээдүйг ИНЕГ-аас дэмжиж байгаа юу?
-Төр, засаг агаарын тээврийн салбарт ихээхэн анхаарал хандуулж, 2013 онд УИХ “Төрөөс иргэний нисэхийн салбарт барих бодлогын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичигт дотоодын агаарын тээврийг алслагдсан бүс, сум, нутгийн иргэдэд хүргэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал багтсан байгаа. ИНЕГ энэ салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх зорилгоор өөрийн бүтэцдээ өөрчлөлт хийж, Ерөнхий зориулалттай агаарын тээврийг хөгжүүлэх нэгж, тасаг байгуулж, алслагдсан хязгаар, бүс нутгийн иргэдэд жижиг онгоцоор үйлчлэх, хөдөө, сумдын аэродромуудыг сэргээх төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна. Мөн түүнчлэн хүнд өвчтэй хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх, байгалийн аюултай үзэгдлүүд болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийх, хөдөө аж ахуй, хортон мэрэгчтэй тэмцэх гээд АН-2 онгоцыг дахин ашиглах ажлыг бодлогоор хийж, гүйцэтгэхээр ажиллаж байна.
Зүүн талаас: Багш нисгэгч Т.Намсрай, шалгах инженер М.Цогтгэрэл, инженер С.Ф. Уваев, АН-2 онгоцны дарга Т.Эрдэнэгэрэл нар
-Ингэхэд АН-2 онгоц яагаад ашиглагдахаа больсон юм бэ?
-Ашиглагдахаа больсон юм биш л дээ. Улс орон зах зээлийн эдийн засагтай нийгэм рүү шилжих үеэс эхлэн хүн амын орлогын түвшин эрс буурч, ард түмэн маань үнийн хямдыг бодож автозамаар зорчдог болсон. Энэ бол онгоцыг ашиглаж чадахгүйд хүрсэн шалтгаан. 90-ээд оны сүүлчээр энэ онгоцны Б-91/115 төрлийн бензиний олдоц ховордож, онгоц бүрэн зогсох хэмжээнд хүрээд байлаа. Энэ үед ОХУ-ын ГосНИИГА-ийн хөдөлгүүрийн хэлтсийн дарга С.Ф.Уваев, МИАТ-ийн Техникийн газрын дарга Т.Аюуш, инженер А:Балжинням болон миний бие хамтраад Монгол орны нөхцөлд АН-2 онгоцыг автобензинээр нисгэх ажлыг санаачлан хийж эхлүүлсэн. Үр дүнд нь цөөн тооны АН-2 онгоцыг бид өнөөг хүртэл хорь гаруй жил авиахими болон авран хамгаалах ажилд шүхэрчдийг бэлтгэх нислэгт амжилттай ашигласаар байна. Дэлхийд АН-2 төрлийн онгоц 2300 орчим байгаа. ОХУ-д 1600 орчим, манайхаас бусад Украйн, Казахстан, Туркменистан, Узбекистан, Азербайджан, Вьетнам зэрэг 15 улс оронд өргөн ашиглаж байгаа.
-АН-2 онгоц манай агаарын тээврийн ачааллыг нуруундаа үүрч байсан цаг үе бий. Гэхдээ энэ онгоц орчин цагтай нийцэхгүй, ашиглалтаас гарсан, хөгширчихсөн гээд барууны орнуудын онгоцуудыг орлуулах тухай яриа, шүүмжлэл бас дагалдаж байх юм?
-Ийм учраас л онгоц цаг үеэ дагаад техникийн том шинэчлэлт өөрчлөлт хийж өөрийгөө бүрэн шинэчилжээ. Харин ч эсрэгээр залуужсан. Олон жил энэ онгоцны найдвартай, аюулгүй ажиллагааг туршиж үзсэн Киргиз, Узбекистанчууд Америкийн “Honeywell” хөдөлгүүрийг АН-2 онгоцонд шинээр тавьж угсарсан загварыг өөрийн эх орондоо үйлдвэрлэх сертификатыг авахаар хөөцөлдөж байна. Манайд гэхэд одоо 20 орчим АН-2 онгоц гадаа нөөцөнд зогсч байна. Шинэ хөдөлгүүр тавиад нисгээд эхэлбэл маш бага зардлаар бүхэл бүтэн хөнгөн жижиг онгоцны парк бий болгох том боломж байна гэсэн үг. Бас өөрсдөө угсарч байгаа гээд илүү давуу нөхцөл байдал бидэнд байгаа хэрэг л дээ. Шинэ АН-2 онгоц хуучнаасаа эрс ялгаатай. Нэгд, Энэ нь онгоцны хуучин байсан 250 ки/ц хурдыг 300 км/ц хүртэл нэмээд зогсохгүй 3000-3200 метрийн илүү өндөрт гарах, нислэгийн алслалт нь 3000 км хүртэл буулгүй нисэх боломжтой болсон гээд үндсэндээ бүх техникийн үзүүлэлтүүд хуучнаас 20 хувиар дээшилсэн байгаа юм. Шатахуун зарцуулалт 10 хувиар багассан. Гадаа -15оС хүйтэнд онгоцыг халаах шаардлагагүй. Мөн -38оС хүйтэнд хөдөлгүүр шууд асна. -30оС хүйтэнд онгоцон дотор +25оС дулаан, доторх чимээ шуугиан эрс багассан гээд зорчигчдийн тав тухтай нисэх орчин бүрдсэн.
Аан, тийм. Яагаад АН-2 онгоцыг Америк, барууны онгоцуудаас илүү давуу талтай гэж үзээд байгаа вэ гэвэл Монголчууд бидний хувьд, онгоц сонголтыг хийхдээ үнийн хувьд хямд, ашиглалтын зардал багатай, хөдөөд тал газарт, эрс тэс хүйтэн халууны нөхцөлд үйл ажиллагаа нь энгийн найдвартай, осол багатай, арваад хүнийг нэг удаа аваад нисчих боломжтой, зорчигчийн тав тух, хэрэгцээг хангасан тийм шаардлагуудыг тавих болвуу. Ийм онгоцыг орлож чадах онгоц бол ард түмний ярьж, хэвшсэн АН-2 буюу “царцаа ногоон”-ны сүүлийн үеийн шинэ загвар тэнцэнэ гэж бодож байна. Энэ онгоцонд дэлхийд байхгүй шахуу нэг онцлох давуу тал байдаг. Энэ бол онгоц нислэгийн үеэр ямар ч аюултай нөхцөл байдалд орж, яаралтай буух тохиолдол үүсвэл тусгай талбай засуулна, бэлтгүүлнэ гэхгүй. Цаг алдахгүй байгалийн хөрсөн дээр талбай голохгүй бууна. Барууны онгоцуудад бага ажиглагддаг бас нэг агуу юм байна. АН-2 онгоц давхар далавчтай учраас агаарт хөдөлгүүр бүрэн унтарсан тохиолдолд аюул осол багатай газардаж чадна. Хуучин АН-2 буудаг байсан зурвасын талбайн урт 200-400 метр байсан бол одоо шинэ АН-2 онгоц хоёр дахин багасч 100-200 метр болж байна. Энэ бол асар их мөнгө хэмнэх давуу тал юм.
-Өртөг зардлын хувьд ямар юм бол. Орчин цагт манайд ашиглаад ашигтай ажиллаж чадна гэсэн баталгаа бий юу?
-Нэг шинэ АН-2 онгоц нэг сая гаруй ам.долларын үнэтэй. Үүнтэй дүйцэх Америк, Европын орнуудын шинэ онгоцны үнэ гурван сая.ам доллараас эхэлдэг. АН-2 онгоцыг үүнээс гурав дахин хямд авна гэсэн үг. Аэродромын 100 метр гаруй талбайг хашаа, хамгаалалт, буух талбайтай нь нийлүүлээд 100 орчим сая төгрөгт бэлтгэнэ. Энэ нь барууны онгоцны талбайг бэлтгэхээс мөн даруй 10 дахин бага зардалтай байгаа юм. Нисдэг тэрэгний парк байгуулбал яах вэ гэж нэг хэсэг нь ч ярьдаг. Анхны үнэ нь 7.5 сая доллараас эхэлдэг. Үнэ өртгөөсөө эхлээд ашиглалтын зардал ихтэй техник л дээ АН-2-ыг бодвол. Нэмж хэлэхэд, бусад улс орон онгоцны парк шинэчлэлтийг хийхдээ эхлээд онгоцны үзүүлэлтээ харж сонгодог бол манайд харин ч эсрэгээрээ манай орны нөхцөлд таарсан байгалийн шороон хөрсөөрөө голдуу талбайд буух онгоцоо бэлтгэдэг юм. Энэ нь майн орны бас нэг онцлог. Монголчууд ярьсаар цаг их алддаг. Одоо л эхлүүлэхгүй бол бид хэзээ эхлүүлэх вэ. Бид эхлүүлье. Залуус цааш нь авч яваад агаарын такси болтол хөгжүүлнэ биз ээ.
Эх сурвалж: Б.НАРАН
12 comments
САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ.
Монголд угсрах гэж байгаа АН-2 онгоцны сайжруулсан загварын агаарын хөлгийн талаарх ойлголт, мэдлэгийг иргэдэд өгсөн байна. Ингээд л ойлгуулчих юмыг ИНЕГ-хан эсрэгээр нь онгоцоо нисгэхгүй унагааж байдаг.
Аргагүй биз дээ нисэхийн мэргэжилгүй багийнхан ИНЕГ-ыг удирдаж байгаагийн хамгийн тод жишээ нь энэхүү онгоцыг унагаасан асуудал шүү. Тэгээд бас ард түмнээсээ нууна одоо Батэрдэнэ сайд “хариуцлага” тооцож Иргэний нисэхийн салбарын нэр хүндийг өргөх байлгүй дээ ???
sain bnaa
САИН БАЙНА АМЖИЛТ
мэргэжлийн хүний илүү дутуу хачиргүй алсыг харсан аргагүй л туршлагтай кадрын ярилцлага гэж ийм л байна даа ИНЕГ-т үүрэлсэн хог буртаг болсон удирдлага долдойнууд уншиж ав 60 тэрбумынхан минь дээ та нар дунд мэргэжлийн хүн бнуу
Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эдгээр өвчнөөс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ханаагүй тосны хүчил комплекс Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
манай нисэхийн инженер техникийн гол ноён оргил болсон иймэрхүү хүмүүс л болохгүй бүтэхгүй мэргэжилийн бус улс төрийн хог шантаажаар дүүрсэн иргэний нисэхийн ерөнхий газрын гологдолуудад зориулж сайхан ярилцлага өгсөн бн шү
Amjilt husiiee mundag heljeee,
Сайхан ярилцлага болсон байна. Иргэний нисэх одоо л дорвитой хөдөлж, жижиг оврын агаарын тээврийг хөгжүүлж алслагдсан нутгийн иргэддээ хүрч үйлчлэх хэрэгтэй. Иргэний нисэхийнхэнд ажлын амжилт хүсье.
Сайхан ярилцлага болсон байна. Иргэний нисэх одоо л дорвитой хөдөлж, жижиг оврын агаарын тээврийг хөгжүүлж алслагдсан нутгийн иргэддээ хүрч үйлчлэх хэрэгтэй. Иргэний нисэхийнхэндээ ажлын амжилт хүсье.
АН-2 онгоцны нисгэгч Эрдэнэгэрэл чадвартай мундаг залуу Одоо ажиллаж бна уу тэтгэвэрт гарсан уу
Давхар далавчит онгоцоо сэргээя