Монгол Улсын зөвлөх инженер, гавъяат уурхайчин Ц.Жанчивтай уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирлээ. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зайлшгүй яригдана. Тэгэхээр энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэр өндөр байдаг юм?
-Монгол Улсын тэргүүлэх салбар бол уул уурхай шүү дээ. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх гол тулгуур суурь бааз нь ерөөсөө энэ салбар. Тиймээс бид уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах ёстой. Уул уурхайн баялагаа зүй зохисгүй хэрэглэвэл аюултай орчин бүрдэх асуудал гарч эхэлнэ. Нөгөө талаар хамгийн эрсдэл өндөртэй салбар учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал мөрдөх ёстой. Угаасаа тийм ч байхыг шаарддаг. Манай улсад газрын хэвлийг буруу ашигласнаас үүдэж цөөнгүй тооны осол аваар гарч байсан тохиолдол бий. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Тиймээс уул уурхайн салбарыг зөв голидролоор хөгжүүлж ашигт малтмалаа зөв олборлох хэрэгтэй. Уул уурхайн асуудлыг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хөндөгддөг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байж үйлдвэрлэл явагдана. Тиймээс үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг зайлшгүй хангах ёстой.
-Манай уул уурхайн компаниудын ашиглаж байгаа тоног төхөөрөмж, ажилтаны хувийн хамгаалах хувцас хэрэглэл нь аюулгүй ажиллагааны стандарт шаардлагад хэр нийцсэн байдаг вэ?
-Уул уурхайд тавигдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг нь энэ. Дэлхийн нийтийн жишгийг дагаад манай уул уурхайн компаниуд техник, технологио маш сайн шинэчилж байна. Тухайн уул уурхайн компани хэдий чинээ технологийн шинэчлэлийг сайн хийнэ төдий чинээ аваар ослоос урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ шинэ техник технологитой боллоо гээд аюулгүй ажиллагааг орхиж болохгүй. Манайд анхны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байсан компани бол “Бороо гоулд”. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулж буй томоохон уурхайнууд хөдөлмөрийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлсэн сайн сайн туршлагуудыг гаргаж байна.
-Гэхдээ уул уурхайн компаниудын техникийн шинэчлэлээс гадна аюулгүй ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл нь тухайн орчин нөхцөл биш үү?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гэдэг нь нэгдүгээрт ажлын байрны нөхцлөөс шууд хамааралтай. Тухайн ажлын байр эмх замбараагүй, хөдөлмөрийн нөхцөл нь хортой байвал эрсдэл дагуулна гэсэн үг.
-Уул уурхайн хувьд газрын гүнд олборлолт хийх нь хамгийн эрсдэлтэй байх?
-Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байр. Гэхдээ газрын гүнд олборлолт хийх нь эрсдэлтэй ч байнга осол аваар гардаг уу гэвэл тийм биш л дээ. Газрын хэвлийд хөдөлмөрийн аюулгүй байдал, далд уурхайн аюулгүй ажиллагаа, зарчим, техник технологийн горим, ажилтаны эрүүл мэндийг хамгаалсан, урьдчилан сэргийлсэн сургалт явуулж, дадлагжуулсан тохиолдолд ийм эрсдэл гарах нь ховор.
-Налайх ч юм уу, Багануурын нүүрсний уурхайн гүнээс иргэд шууд нүүрс тээвэрлээд байна л даа. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байна гэсэн үг үү. Ер нь эдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах юм бэ?
– Энэ чинь мөн л уул уурхайн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болоод байна. Налайхын уурхайд хувийн жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тэнд аюулгүй ажиллагааны нөхцөл зөрчигдсөн, хүний амь нас эрсдсэн тохиолдол гардаг. Нөхцлийн үнэлгээ хийхэд ч бэрхшээлтэй байна. Мэргэжлийн байгууллагууд нь үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй. Учир нь тэндээс гэр бүлээ тэжээж байгаа олон хүмүүс бий. Ингээд үзэхээр яалт ч үгүй төвлөрсөн нэг бодлого хэрэгтэй нь харагдаад байгаа юм. Үүнээс гадна эдгээрийг бичил уурхай эрхлэгчид гээд хуулиндаа тусгаад өгчихсөн. Бичил уурхай эрхлэгчид гэж нэрлэж байгаа нь буруу. Уурхай том байна уу, жижиг байна уу хамаагүй. Бүгд л эрсдэлтэй ажлын байр шүү дээ. Тиймээс бичил уурхай эрхлэгчдийг би хууль бус гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл дуртай нэг нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй нэг ам руу орж байна шүү дээ. Түүнээс үүдэн аваар осол гараад байгаа хэрэг. Тэгэхээр хамгийн гол нь Монгол улсад мөрдөгдөж буй Монгол улсын Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиа яс мөрдөх нь чухал.
-Бид түүхий нүүрсээ ачааны машинаар хилрүү зөөдөг. Тээвэрлэлт хийх үеийн нөхцөл байдал бол маш хүнд, тоос шороо ихтэй. Тэгэхээр жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
– Хөдөлмөрийн сайдын Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох 77 дугаар тогтоол буюу хөдөлмөрийн хүнд нөхцлийн жагсаалт гэж бий. Тэрхүү хөдөлмөрийн хүнд нөхцлийн жагсаалтад жолооч нар орсон байгаа. Жолооч нар маш их тоос шороотой замаар тээвэрлэлт хийж байгаа нь уушги тоосжих өвчлөлтэй болох өндөр магадлалтай. Жолооч нарын эрүүл мэнд үнэхээр зөрчигдөж байгаа. Тэнд ямар ч баталгаа алга. Үүнд анхаарах хэрэгтэй. Наад зах нь бидний яриад байдаг хатуу хучилттай зам, төмөр зам гээд асуудал их томоор яригдах гээд байна л даа.
-Түүнчлэн уул уурхайн орчин нөхцлөөс гадна ажилчдын өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэж осол аваар гарах тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Тухайн хүн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа хувийн хариуцлага, зохион байгуулалттай байх ёстой. Бүх зүйлийг ажил олгогчид даатгаж болохгүй. Хамгаалах хувцас хэрэгсэл байхад түүнийг хэрэглэх л хэрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бас нэг чухал зүйл нь хувь хүн өөрөө өөрийгөө хамгаалах явдал юм. Тэгэхээр хамгийн гол нь Монгол улсад мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулиа л дагаж мөрдөж, хуулийн заалтуудыг зөв хэрэглэх хэрэгтэй. Мөн ил, далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг заавал хэрэгжүүх хэрэгтэй.