УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудтай уулзаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв эмнэлгээс харьяа байгууллагуудын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ҮБХИС болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа. Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ: “ 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана.
Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол “Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх” гэдгийг онцоллоо. Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдаад “Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжин ажиллах”-аа илэрхийлэв.
Цэргийн төв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ бид сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй.
Саяхан олон жил яригдсан Батлан хамгаалахын багц хуулиа батлуулж чадсан бол одоо Дайчилгааны тухай хууль , Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Мөн 2001 оноос мөрдөгдөж байгаа Монголын цэргийн номлол шинэчлэгдэхээр яригдаж байна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан, дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон.
Манай батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэх асуудал өнөөдрийн энэ нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо өөр болох ёстой. Үүн дээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцэхгүй гэхэд суурийг тавьсан байх ёстой гэлээ. Харьяа байгууллагуудын ажилтай танилцах үеэр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагууд байлцлаа.