Италийн хамгийн баян бүс болох Ломбардия, Венетогийн иргэд автономит тойргоо өргөжүүлэхийг дэмжиж, бэлгэ тэмдэг төдий бүх нийтийн санал хураалтад саналаа өгсөн тухай урьдчилсан үр дүн баталжээ. Бүх нийтийн санал хураалтын үр дүн нь Ром дахь төвийн Засгийн газарт хууль зүйн хувьд заавал хамааралтай зүйл биш юм.
Ломбардияд сонгогчдын ирц 40 хувьтай байсан бол Венетод 57 хувь бүрджээ. Орон нутгийн засаг захиргааныхны мэдээлснээр ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь том автономит тойргийн төлөө саналаа өгсөн байна. Италийн санхүүгийн нийслэл Милан багтдаг Ломбардия болон Венеци нийслэлтэй Венето бүс нь тус улсад эдийн засгийн хувьд хамгийн амжилттай яваа бүс юм. Хоёр бүс Италийн ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг.
Бүс нутгуудад гардаг гол шүүмжлэлд эдгээр бүс Ромд төсвөөс авч байгаагаасаа илүү татвар төлдөг гэнэ. Тиймээс тэдгээр бүс Ромд төлөх татвараа хоёр дахин бууруулах хүсэлтэй байна. Ломбардия муж л гэхэд нэг жилд олж авснаасаа 54 тэрбум еврогоор илүү мөнгө улсдаа өгдөг. Харин Венето нь 15.5 тэрбум евро илүү өгдөг аж.
Ломбардийн ерөнхийлөгч Роберто Марони, Венетогийн тэргүүн Лука Зайа нар сөрөг хүчний, цагаачлалыг эсэргүүцдэг “Умардын лиг”-ийнхэн бөгөөд умардынхан ядуу өмнөдөө “тэжээх” албагүй гэж олон жилийн турш маргаж буй юм.
Ром дахь төвийн засаг захиргаанаас санал хураалт явуулахыг ч сайшаагаагүй байна. Уг нь Италийн Үндсэн хуулиар үүнийг зөвшөөрдөг хэдий ч заавал санал хураалт хийх шаардлагагүй гэжээ. Харин шүүмжлэгчид барууны “Умардын лиг”-ийг ирэх онд болох бүх нийтийн сонгуулиас урьтаж, байр сууриа бэхжүүлэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулсан гэжээ. Тэд бүх нийтийн санал хураалтад зарцуулсан хэдэн сая еврогийн тайланг гарган ирсэн байна. Уг нь бүс нутгийг Ромтой шууд хэлэлцээр хийж болох байсан гэж тэд мэдэгджээ.
Зарим хүн энэхүү бүх нийтийн санал хураалтыг Италийн өмнөд, хойд хэсгийнхний таагүй харилцааг улам сэдрээнэ гэж үзэж байна. “Хойд бүсүүд хэчнээн хэмжээний мөнгө үрдэг тухай сэдвийг хөндмөгц л өмнөдийн талаас эрс дургүйцсэн хариу сонсох болно” хэмээн Ром дахь Луис-Гвидо Карли их сургуулийн түүхийн ухааны профессор Жованни Орсин мэдэгджээ.
Бүх нийтийн санал хураалт ба “Умардын лиг”-ийн тухай…
Италид автономит болох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах нь хууль ёсны үзэгдэл юм. Тус улсын Үндсэн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар бүс нутгууд Ромоос илүү өөртөө засах тогтолцоо шаардах эрхтэй гэнэ. Гэхдээ энэ нь Италиас бүх нутаг тусгаар тогтнолоо зарлах тухай яриагүй. Бүс нутгууд юуны түрүүнд санхүүгийн биеэ даасан байдалтай болохыг эрмэлзэж байна.
Венето, Ломбардияд болсон бүх нийтийн санал хураалт нь зөвлөх шинжтэй бөгөөд үр дүнгээр нь тус улсын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тэгээд ч 15 сая хүн амтай, тус улсдаа эдийн засгийн хамгийн хүчирхэг бүсэд тооцогддог энэхүү хоёр мужийн санаа бодлыг үл хэрэгсэхгүй байж болохгүй юм. Учир нь Ломбардия, Венето тус улсын ДНБ-ийн гуравны нэгийг дангаараа хангадаг билээ.
Харин “Умардын лиг” нь 1990-ээд оны дунд үеэс хойд бүсүүдийг Италийн бүрэлдэхүүнээс гаргаж, Милан нийслэлтэй Падания хэмээх бие даасан улс байгуулахыг уриалан гарч ирсэн барууны нам юм. Өдгөө тус нам энэхүү үзлээсээ няцаж, зөвхөн Италийн холбооны улс болгохыг уриалах болжээ.
Италид болсон энэхүү бүх нийтийн санал хураалт нь Испанийн хамгийн баян бүс болох Каталонд болсон, Үндсэн хуулийн шүүхээрээ хүлээн зөвшөөрөгдөөгүй бүх нийтийн санал хураалтаас эрс ялгарч буй юм. Испанийн Засгийн газар энэхүү санал хураалтын хариуд шууд удирдлагад шилжиж, Каталоны автономит статусыг цуцална хэмээн сүрдүүлж буй.
Ломбардия мужийн Засгийн газрын тэргүүн Роберто Марони ч Италийн нөхцөл байдал Испанийнхаас ялгаатай гэж мэдэгдэж байна. Тэрбээр “Бид Каталон биш. Бид илүү автономит байдлаар Италийн нэг хэсэг хэвээр үлдэнэ. Харин Каталон нь Европын холбооны 29 дэх улс болохыг хүсч буй” хэмээжээ.
ВВС