Филиппиний Батлан хамгаалах яам Марави дахь исламистуудын эсрэг цэргийн ажиллагаагаа дуусгаснаа зарласан билээ. Цэргийн ажиллагаа таван сар гаруйн хугацаанд үргэлжилж, 920 дайчин, цэрэг, цагдаагийн 165 хүн, энгийн номхон иргэдээс 45 нь амиа алджээ. Ажиллагаа бараг хагас жил хэртэй үргэлжилсэн байна. Учир нь Филиппиний арми хотын орчинд цэргийн ажиллагаа явуулахад бэлэн бус байсан гэнэ. Яагаад гэвэл тус улсын цэргүүдийг бэлтгэсэн америкчууд хотод бус, ширэнгэн ойд тулалдахыг л зааж өгчээ.
Филиппин улсын Батлан хамгаалах яам Минданао арал дээр орших Марави хотод цэргийн ажиллагаа явуулж дууссанаа зарлалаа. Цэргүүд дайчдын хамгийн сүүлчийн үлдсэн байрлал руу орсны дараа давших тулаанаа зогсоосон байна. Дайчид хотын төвийн хэдэн барилгыг хяналтдаа аваад, бууж өгөхөөс татгалзаж байсан гэнэ.
Даваа гарагт Маравийн төв талбай болон түүнтэй залгаа лалын сүмүүдээс 40 дайчны цогцос, түүнчлэн хоёр эмэгтэйн цогцос олджээ. “Ройтерс” агентлагийнхан амиа алдсан эмэгтэйчүүдийг исламистуудын эхнэрүүд байсан гэжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн төлөөлөгч Эрнесто Абеллагийн мэдэгдсэнээр Филиппин улс тус улсад болон Зүүн Өмнөд Азид хэт даврах үзэл, радикализмын хамгийн ноцтой аюул заналхийллийг ялж чадсан гэнэ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Лоренцана Филиппиний аюулгүйн хүчнийхнээ дайчдын ихэнх дэд бүтцийг эвдэж чадсан гэж мэдэгджээ.
Тус улсын засаг захиргааны мэдээллээс үзэхэд таван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 920 дайчин, 165 цэрэг, цагдаа, энгийн номхон 45 иргэн амиа алдсан аж. Үүнээс гадна 300 мянга гаруй хүн орон гэрээ орхижээ.Маравийн төв, дагуул хотууд их бууны буудлага, агаарын бөмбөгдөлтөд өртөж, сүйрсэн байна.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд Филиппиний исламист бүлэглэл болох “Абу Сайяф”-ын тэргүүн, Зүүн Өмнөд Ази дахь “Исламын улс” бүлэглэлийн эмир гэгддэг Иснилон Хапилон амиа алдсанаар Засгийн газрын хүчнийхэн давшилтдаа томоохон амжилт гаргажээ.
Үүнээс гадна цэргүүдийн мэдээлснээр Филиппиний өөр нэгэн бүлэглэл болох “Мауте”-гийн удирдагчид болох Омархайям Маут, Малайзын нэгэн их сургуулийн багш асан, малайз гаралтай Махмуд Ахмад нар амиа алджээ. Махмуд Ахмадын хувьд 1990-ээд онд Афганистанд “Аль-Кайда” бүлэглэлийн лагерьт бэлтгэл хийж байсан нэгэн юм. Тэрээр “Исламын улс”-ыг ид цэцэглэж байхад Малайзад дайчдыг элсүүлж, Сири, Ирак руу явуулдаг ажил эрхэлдэг байв. Сүүлийн үед Ахмад “Абу Сайяф”-тай идэвхтэй хамтран ажилладаг байсан бөгөөд Хапилоныг нас барсан тохиолдолд түүнийг Зүүн Өмнөд Ази дахь “Исламын улс”-ын салбарын шинэ удирдагч болно гэж хүмүүс үздэг байв.
Филиппиний армийн хошууч генерал Рестутуто Падильягийн хэлснээр өнөөдөр тус хотод алан хядагчид үлдээгүй бөгөөд сүүлийн тулаанд Засгийн газрын хүчнийхэн удирдлагаа алдсанаас болж хагарсан дайснуудтай тулалдсан гэнэ.
Маравийн мөргөлдөөн энэ оны тавдугаар сараас эхэлсэн юм. Засгийн газрын эсрэг хүчний талд “Исламын улс”-д үнэнч, Филиппиний өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Абу Сайяф”, “Мауте” бүлэглэлүүд тэмцжээ. Хотод болсон цэргийн ажиллагаа Филиппиний тусгай албаныхан Хапилоныг эзэлж авах оролдлогоо амжилтгүй явуулснаас болж эхэлсэн юм.
Филиппиний тагнуулын газрын олж тогтоосноор Марави дахь дайчдын талд “Исламын улс”-аас салбарласан гадаадын хэдэн арван жихад дайтаж байлаа. Тухайлбал, хотыг эзэлсэн 400-500 дайчны дунд Малайз, Индонез, тэр ч бүү хэл Ойрхи Дорнод, Чечениэс ирсэн 40 орчим дайчин үйл ажиллагаагаа явуулж байв. Ерөнхийдөө шинжээчид ч “Исламын улс” бүлэглэлийг Сири, Иракт ялагдал хүлээсний дараа Зүүн Өмнөд Азид төвлөрнө гэж тооцоолж байсан юм. Учир нь энд эзгүй арал олон бөгөөд эдгээр хяналт тавихад хэцүү. Үүнээс гадна уур амьсгал нь таатай, загас зэрэг байгалийн нөөцөөр нь хооллох боломжтой, лалын шашинт хүн ам, үйл ажиллагаа явуулдаг лалын террорист бүлэглэлүүдтэй зэргээрээ тун тохиромжтой аж.
Эх сурвалж: “Газета”
3 comments
Зоригтой сайн эр. лалууд хар тамхичидыг хяргаж байна шүү. манайд ирээд манай хэдэн авилгачид тэдний хар тамхичин хүүхэдүүдийг хашраагаад өгөхгүй юм байх даа
ene ih mundag erunhiilugch.
зориг бүхнийг ялна гэж. энэ их тогтворгүй үед ингэж тэмцэх нь зөв шүү.