Бурхан болоочийн араас билиггүй бодол өвөрлөдөг муухайн монгол хүн л хэтэрхий олон болж. Аливаа муу муухайтай зүйрлэгдээд байдаг араатан амьтад ч сүргээсээ алдсан нэгнийхээ араас гунигладаг мэдрэхүйтэй-

Монгол ёс хаана ингэтэл алдагдсан юм бол. Золгүй ослоор амиа алдсан уулчдыг “Хохь нь” гэж тавлахыг нүдээр харж, чихээр сонслоо. Үр хүүхэд, хань ижил, аав, ээжээ алдсан гэр бүлийнхэн хийгээд энэ насыг ингэж дуусгасан уулчдын хохь боллоо гэхэд бусдад тавлуулж, доромжлуулах ямар гэм тэд хийгээ вэ.

Цаг цөвүүн үед эрүүлж, хайлгаж мөнгө үрлээ гэж толгой сэгсэрцгээж байна. Энхийн цагт ч иргэнээ хамгаалж, сэргийлэх нь төрийн үүрэг мөн. Тэгэхэд элэг нэгт монголчууд нь нөгөө ертөнц рүү одсон нэгнээ зүхэж байгаа нь хүний ёс мөн үү.

Байгаль дэлхийг басаж болохгүй ээ. Ялангуяа монгол хүн уул даваа, хайрхан шүтээнээ дээдэлж, оройд нь гарахыг цээрлэдэг. Гэхдээ уулчдын хувьд Отгонтэнгэр хайрханд мацсанаараа мууг даллаагүй нь лавтай. Гагцхүү жилд дөрвөн улирал ээлжилж, шатам халуун зун, тэсгим хүйтэн өвлийн аль алиныг үзэж хатуужсан монгол хүнд цагийн байдлыг дүгнэн цэгнэх, болох, болохгүйн ялгааг ойлгох зөн совин заяасан. Харин энэ зөв совин, билэг мэдрэмжээ орчин цагт хэн хүнгүй гээж орхижээ.

Горхи булгийн тунгалаг усанд ширхэг үртэс ч хийхийг цээрлэж, дээдлэн хүндэлдэг цагаан сүүгээ ч дусаахыг бурууд үздэг эцэг дээдсийн сургаал алслан одов. Үеэс үед дамжигдан ухаарал хайрлах байгаль эхийн хүйн холбоосыг бид үр хүүхдэдээ дамжуулахыг болив. Үүний оронд мөнгө цагаан, нүд улааны шуналаар газрын хэвлийг сэндийчин, хээр талын амин судас болсон гол горхийг ширхэг дараалан тасалж, устган байгаа монголчуудын үйлийн үр овоорсоор байгааг ойлгоосой.

Тэнгэр тулсан их хайрхнуудын сүрийг ч юман чинээ тоолгүй төнхөх бид байгалиасаа дэндүү их тасарч, дэлхийн хэнхдэг дээр утсан амиа зогоон тээж байгаагаа мартсан бололтой. Үүнийхээ хариуг бид амссаар байгаа. Ган гачиг, үер ус, зуд турхан, аюул осол санамсаргүй ирдэггүй гэдэг.

Энэ бүхэн бол дохио, сануулга. Харин үүнд өртсөн нэгнээ үгийн муугаар зүхэх нь хүн бишийн шинж гэлтэй.

Өнгөрсөн амралтын өдрүүд, долоо хоногийн эхэнд хүн бүр л дор бүрнээ өчүүхэн ч болтугай итгэл тээж байсан биз ээ. Олдсон цогцос бүхний араас залбирч, олдоогүй нэгнийг нь амьд мэнд, хаа нэгтэй аврагчдыг хүлээж байгаасай гэж хүсэж байсан. Энэ найдвар арай тасарчхаагүй байна. Эцсийн мөчийг хүртэл үл үзэгдэх сэжмээр холбогдон, тасралтгүй хүлээх ч болно.
Ялангуяа уулчдын ар гэрийнхэн өнөөг хүртэл олдоогүй байсан хүмүүст бүх найдвар, хүлээлт, горьдлогоо тээж буй биз ээ. Гэтэл өчүүхэн хандалтын төлөө өөр зураг ашиглан мэдээ түгээж, уваагүй үгсийн талийгаачийн араас шидлэх монгол хүн даанч олон байгааг олж мэдэх нэн харамсалтай байлаа.

Амиа алдсан хүмүүс анхнаасаа л үхлээр зорилгоо болгон Отгонтэнгэрийг зориогүй байлтай. Бүгд л сайн сайхныг хүсэж, тэмүүлсэн их хүсэл сэтгэл тээн очсон байж таарна. Цаг үеэ буруу тооцоолсон нь л тэдний алдаа болохоос бусдаар тэд тасарсан аминыхаа хойноос зүхэл уншуулах буруу зүйл огт хийгээгүй ээ.

Гагцхүү бурхан болоочийн араас билиггүй бодол өвөрлөдөг муухайн монгол хүн л хэтэрхий олон болж. Аливаа муу муухайтай зүйрлэгдээд байдаг араатан амьтад ч сүргээсээ алдсан нэгнийхээ араас гунигладаг мэдрэхүйтэй.

Ажаад байх нь, сүүлийн үед монголчууд дунд аллага, хүчирхийллийн мэдээг сонирхон дурлаж уншдаг, цаашид өрнөх үйл явцыг чих тавин анхаардаг, улмаар үүнтэй холбоотой сэтгэгдлээ таагүй мунхгаар илэрхийлж, хохирогчийг тавлах тохиолдол маш олон болсон. Аав, ээжийнхээ амин эрдэнэ болсон 13-хан настай балчир охиныг хүний санаанд багтамгүйгээр тамлан алчхаад байхад л “Яах гэж дагаж явсан юм, хохь нь” гэж сэтгэгдэл бичсэн байж билээ. Тэдгээр сэтгэгдлийг хараад бичсэн этгээдийг нь танихгүй ч гомдохын ихээр гомдож байсан. Харь хөндлөнгийн хүний сэтгэлд л ийм хэцүү хөндүүр үүсэж байхад үрээ алдсан эцэг, эхэд ямар бэрх, дааж давшгүй зовлон мэдрэгдэж байгаа бол.

Яг л үүн шиг, амиа алдсан хүний тоо цаг цагаар олширч байхад л “Үлдсэн цогцоснууд нь хаашаа уначихсан юм бол оо” гэсэн байхыг хараад монголчуудын дунд амьдарч байгаа гэхэд хэцүүхэн санагдахыг хэдэх юун.

Цахим ертөнцийн хандлага ерөнхийдөө ийм л байх юм. Бусдын зовлонгоор жаргал хийж, дуулианы сургаар зугаа болгодог хүмүүс л энд дүүрэн байдаг ажээ. Муу үг модон улаатай гэдэг. Өнөөдөр амиа алдсан тэдэнд хамаагүй, хаа холын хүмүүс байж болох ч үхэл зовлон хэзээ ирж, хэнийг авахаа урьдчилж мэдэгддэггүй. Цаг нь ирвэл үхэлтэй хаана ч, хэзээ ч учирч болох тул билиггүй ёрын үгсээр бурхан болоочийг үдэлгүй, жудагтай монгол зан суртахуунаа ил гаргаасай.

Р.Саруул

By updown.mn

Мэдээний админ

8 thoughts on “Монгол хүн бурхан болоочийг тавлан тохуурхдаггүй”
  1. Өнөөдөр буюу 2017 оны10-р сөрын 25-ны 11 цагийн байдлаар 17 хүний цогцос олджээ..1 хүн ч гэсэн амьд байгаасаа гэсэн горьдлог тасөрсан ч гэсэн эртхэн олдсон нь яамаа даа.Бурханы оронд залрах болтугай.УМ МА НИ БАД МИ ХУМ.

  2. Бүх цогцсуудыг олж чадсан онцгой байдлынхан, завхан болон бусад аймгийн мэргэжлийн хүмүүс ажлаа зөв зохион байгуулж чадсан төр засгийнхандаа баярлалаа. УМ МА НИ БАД МИ ХУМ,

  3. Маш их, бүүр маш их харамсаж байна. Бурхан болоочдын ар гэрийхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Дашрамд хэлэхэд цөөхөн хэдхэн Монголчууд минь энэ их гай зовлон тохиолдсон үед талийгачдыгаа битгий тавлаач. Зурсан зургаараа л тэд маань явсан шүү дээ. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй, хэзээ үхэхийг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан тэд нар маань энэ сайхан Хайрханыхаа оргилд гарчихлаа гэсэн бахархалтай, баяртай явсан нь тодорхой.

  4. Бурханы оронд амгалан нойрсоорой.ум сайн амгалан болох болтугай. ум маани бад ми хум

  5. Зөв сайхан бичсэн байна. Ер нь энэ Фейсбүүк ашиглах соёлд суралцмаар байна шүү. Нийтлэлчийн бичсэн зүйлс бүгд үнэн. Хамаагүй зураг оруулах , буруу ташаа мэдээ түгээх, бусдыг басамжлах, бусдын уй гашуугаар наргиан хийх сенсац болгох зэрэг зохисгүй үйлдэл их хийх болжээ. Үүнд л сэтгэл эмзэглэх юм даа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн