АНУ-д хуулийн дагуу ба хууль бусаар нэвтрэн орогчдын тоо 2016 оны долдугаар сард дээд хэмжээндээ хүрчээ. Энэ талаар Засгийн газрын бус Цагаачдын судалгааны төвийн шинжээчид АНУ-ын хүн амын тооллогын товчооны есдүгээр сарын мэдээнээс иш татан мэдэгдсэн байна. Төвийн тараасан илтгэлд 2000 оноос хойш гадаадад төрсөн АНУ-ын байнгын оршин суугчдын тоо 12.6 сая хүнээр нэмэгдсэн бол хүн амын тоонд цагаачдын эзлэх хувь 13.5 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн 106 жилийн доторх хамгийн том үзүүлэлт гэж судалгаанд тэмдэглэсэн байна.
АНУ-ын найман хүний нэг нь нэгдүгээр үеийхэн. Үүний зэрэгцээ, эцэг, эхийнх хэн нэгэн нь гадаадын цагаач болох айлд төрсөн 16.6 сая хүүхэд байгаа. Нийт дүнгээр тэдний тоо 60.4 саяд хүрээд байна. Цагаачид ба тэдний хүүхдүүд нийлээд, нэг үгээр АНУ-ын таван иргэний нэг нь цагаач болж байна хэмээн илтгэлд өгүүлжээ. Тус оронд байгаа олон тооны цагаачид болон тэдэн дээр жил тутам нэмэгдэж буй сая гаруй хүн америкийн нийгэм, түүний ажлын хүч, сургууль, дэд бүтэц, эмнэлэг, хүрээлэн буй орчинд хүчтэйгээр нөлөөлж байна гэж төвийн удирдагчдын нэг Стивен Камарота мэдэгдлээ.
Сүүлийн зургаан жилд буюу 2010 оноос хойш АНУ-д Энэтхэг, Хятад, Доминикан, Сальвадор, Куба улсаас хамгийн их цагаачид орж иржээ. Энэ хугацаанд орос цагаачдын тоо 14 мянган хүнээр нэмэгдэн 397.2 мянгад хүрсэн аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар 2023 он гэхэд цагаадын тоо АНУ-ын хүн амын 14.8 хувьд хүртэл нэмэгдэх гэнэ. Илтгэлд хууль ёсны ба хууль бус цагаачдын хоорондын ялгааг дурьдсангүй. Өөр судлаачдын мэдээгээр 12 сая хууль бус цагаачид байгаа гэсэн мэдээ бий. Дональд Трамп тийм хүмүүсийн эсрэг бодлогыг чангатгахын төлөө байгаа билээ.