АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ч.Куландатай ярилцлаа.
–Эх орноо төлөөлж Япон улсад ажилласан он жилүүдэд та ямар асуудал шийдэв, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар хувь нэмэр оруулав гэдгээс ярилцлагаа эхлэе?
-Японы Осакад Монголын ерөнхий консулын газар нээгдсэнээс хойш жилийн дараа би очсон. Осака нь Японы хувьд бараг хоёр дахь нийслэл нь гэхээр хамгийн том хот. Хүн ам олонтой, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл ч их. Одоогоор Японд албан ёсны мэдээллээр 6000 гаруй, бүртгэлд ороогүй хүмүүсийг оруулбал 7000 орчим монгол хүн ажиллаж, амьдардаг. Түүнээс 2500 нь Осакагийн бүс нутагт амьдардаг.
Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газраас Осакад ерөнхий консулын газраа нээсэн. Би хоёр дахь консул нь байсан. Тэнд зөвхөн иргэдийн асуудлаас гадна хоёр орны харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гэхчлэн бүх салбарт Элчин сайдын яамд юу хийх ёстой тэр бүхнийг хийж байгаад Монголдоо ирлээ. Албан томилолт дуусч, дараа нь Токио дахь Монголынхоо Элчин сайдын яаманд соёл, боловсрол хариуцсан зөвлөхөөр жил орчим ажилласан. Би нийгэм, соёл, боловсролын чиглэлээр ажиллаж байсан, өөрөө ч түүндээ дуртай, гишгэж ирсэн мөр маань ч энэ салбартай холбоотой учраас Японд ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд тэр л чиглэлд түлхүү ажиллалаа. Дэлхий дахинд зөөлөн хүчний бодлого хүчтэй явагдаж байна. Нэгэнт хүчирхэг орон болж дэлхийг дагуулж чадахгүй тохиолдолд, ялангуяа манайх шиг эдийн засаг нь буурай, хүн ам цөөн, газарзүйн байрлалын хувьд онцлогтой улс орны хувьд зөөлөн хүчний бодлогыг явуулж эхэлсэн. Хятад, Орос, Японд энэ бодлогыг маш хүчтэй явуулж байна. Монгол гэж дэлхийд давтагдахгүй ганцхан соёлтой, үндэсний өвөрмөц онцлогийг өөртөө бүрдүүлсэн соёл иргэншлийг дэлхий дахинд, тэр тусмаа Японд танилцуулах зорилгыг нэлээн түлхүү тавьж ажлууд сайн хэрэгжсэн. Энэ жил Япон-Монголын харилцааны 45 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Японтой харилцдаггүй байгууллага, гэр бүл байхгүй. Японд очиж үзээгүй хүн ч байхгүй, МИАТ-ийн онгоц ашигтай ажилладаг болсон. Япон гэхээс илүү монголчууд түлхүү зорчдог. Тэгэхээр Япон хол биш болсон. Гэхдээ бүр дотносох хэмжээнд хүрээгүй. Яагаад гэвэл Япон улс өөрийн өвөрмөц онцлогтой, бидний хооронд соёлын, хөгжлийн ялгаа их байна.
–Монголдоо хөл тавиад ардчиллаас эхлэн ачааг нь таталцсан АН-даа иржээ. УИХ-д есхөн гишүүнтэй, цөөнх болчихсон амаргүй байдал угтав уу?
-Төрийн албанд ажиллаж байгаа учраас дөрвөн жил намаас хөндийрсөн. Юу болж буйг гадна ертөнцөөс анзаарч суулаа. Заримдаа бухимдана, заримдаа уур хүрнэ. Цаг хугацаа аливааг элээж, өөрчилдөг ч аль 1990 оноос миний нөхөр шиг, гэр бүл шиг надтай холбогдсон намаасаа холдож салж чадахгүй юм байна. Ер нь бол дипломат албаа хүлээлгэж өгч ирээд жирийн амьдралд номоо бичиж гэртээ сууна гэж бодож байсан. Гэтэл намын шинэчлэл гэж нэлээд пижигнэлээ, намын даргаа солилоо. Сайнаасаа муугаар хэлүүлдэг ид үе байна. Ийм үед ханилж явсан нөхдөө хаяад явах хаашаа юм гэж бодлоо. Намын даргын санал болгосны дагуу хэвлэлийн албыг хариуцаад явж байна. Ер нь бол би хүний, өөрийн гэлгүй улс төрийн энэ их бохирдол, увиагүй байдлыг таатай хүлээж авахгүй байгаа. Үнэхээр сэтгэл өвдөж байна.
–Эдийн засаг хямарлаа, улс төр нь ч хямарлаа л гэх юм. Гэхдээ шийдэл, гарц байж таарна. Та юу гэж үзэж байна?
-Хямрал гэж ярьдаг хүмүүс өөрсдөө хямруулаад байгаа шиг санагддаг. Зарим газар үнэхээр сэтгэл өвдөхөөр хямрал бас харагдаж байна. Гэхдээ бүгдийг дээр сууж байгаа хүмүүс хийж өгнө гэж байхгүй. Хямралыг даван туулах, арилгах нь хүмүүс бидний өөрсдийн зүтгэлээс хамаарна. Бид дайн тулаан хийж, үнсэн товрог болсон улс орнуудыг мэднэ. Герман, Япон гээд. Тэднийг хэн нэг Эзэн хаан, Засгийн газар нь бүхнийг бэлдэж өгснөөр босгоогүй. Ард түмэн өөрсдөө хөдөлмөрлөж, эв саналаа нэгтгэж, хүч хөдөлмөрөө урсгаж байж хямралыг даван туулсан. Биднийг өөд нь татахын тулд Японоос авахуулаад зөндөө бөөцийлсөн. Япон, Монголын харилцаан дээр зарим зүйлийг шударгаар хэлэхээс өөр аргагүй. Үнэхээр их тусалсан, одоо ч тусласаар байгаа. Гэвч тэдний тусыг итгэж найдсан хүлээлтийнх нь хэмжээнд бид хариулж чадахгүй байна. Тэд Монголд хэзээ ч “үгүй” гэж хэлж үзээгүй. Одоо Монголд хувиараа хөрөнгө оруулдаг компаниуд бүгд ухарч байна. Дипломат ёсонд үүнийгээ илэрхийлдэггүй. Олон жил хамтын ажиллагаа, харилцаатай байгаа, Монголд элэгтэй, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн үүнийг хэлдэг.
–Та түрүүнд сонгуулиар АН дүнгээ тавиулсан гэлээ. Нөгөө тал дахь 65 хүртэл суудал авсан үнэмлэхүй ялалтыг зөвшөөрч хүлээж авч байна уу?
-Би хувь хүний зүгээс 65 суудал авсан МАН-ын үнэмлэхүй ялалтад эргэлздэг. Ард түмний сонголт гэхэд эргэлзээтэй. Монголчууд билгийн нүдтэй ард түмэн. Ялангуяа улс төрийн сонголт дээр. Тиймээс 65 суудал нь механик аргаар олж авсан ялалт гэж харддаг.Энэ нь эргээд нэг өдөр дүнгээ тавина. Механик сонголт нь нам дотроо одоо талцаж байгаагаас харагдаж байна шүү дээ. Хоёр хуваагдаж, өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагааж байгаа нь төлөвшилгүй, эрийн цээнд хүрээгүй УИХ бүрэлдсэнийх.
–Засаг, төр тогтворгүй байна. Цаашид яах бол?
-Ийм байх нь гадаад орчинд итгэл найдвараа алдахад хүргэдэг. Өнөөдөр эдийн засгийн гэхээс илүү төрийн хямрал нүүрлэсэн. Үүнийгээ бид ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл гэж халхавчилж болохгүй. Монгол Улсад өнөөдөр хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл иргэдийн нэгдмэл байдал. Солигдмол төр, талцсан байдал монголчуудыг байнга дотор нь хагалж байгааг манайхан анзаардаггүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг учраас цөөхөн монголчууд нэг зүгт чиглэж чадахгүй байгаа юм. Улстөрчид иргэдээ нэгтгэдэг ажил руу шилжвэл эдийн засаг босно.
–Японы улс төрийг Монголынхтой харьцуулсан тойм мэдээллийг NHK телевиз саяхан харууллаа. Түүндээ “Бид улс төрөөсөө ичиж байхад Монголд түүнээс ч ичгэвтэр байдалтай” гэж шүүмжилсэн. Та харсан байх, юу бодогдов?
-Шинзо Абэ шиг хүчтэй улстөрч манайд үгүйлэгдэж байна. Абэ хоёр дахь удаагаа парламентаа тарааж, дахин сонгууль явуулж ард түмнийхээ итгэлийг олж байна. Надад итгэж байна уу, үгүй юу. Та нар дүн тавьж өгөөч гэсэн. Рейтинг нь уналаа гэсэн судалгаа гарангуут ийм шийдэл гаргаад, дахин гарч ирсэн. Дээр нь Абэгийн баримталдаг нэг зарчим нь улс орны бодлого, шийдвэр нь ард түмний сэтгэлд нийцсэн байх. Ард түмний сэтгэлд нийцээгүй шийдвэрийг хэзээ ч гаргахгүй гэж үздэг. Манайд эсрэгээрээ ард түмэндээ хамаагүй өөрсдөдөө тохируулсан шийдвэр гаргадаг. Тиймээс төр нь хүчгүй байдаг. Бие биеэ хүндэлж оршихын төлөө нийгэм байдаг. Монголчууд би л болж байвал боллоо гэдэг үзэлтэй. Жижиг болоод агуу том орон зайд амьдарч байгаа хүмүүсийн ялгаа ийм.
–Шинзо Абэ дахин гарч ирснээр Японы улс төрд өөрчлөлт гарахгүй л болов уу?
-Абэ 2020 он хүртэл Ерөнхий сайдын суудалд суухаар болж байна. Японы түүхэнд хамгийн удаан эрх барихаар боллоо. Абэг ард түмэн нь хүсч байна. Учир нь явуулж байгаа бодлого нь ард түмнийх нь сэтгэлд бүрэн нийцэж байгаа учраас дахин ялалт байгууллаа. Тэр өөрөө хувийн фэйсбүүк ажиллуулдаг. Нээлттэй, юу хийснээ, хийх гэж буйгаа биччихдэг. Тийм нээлттэй, маш энгийн хүн учраас ард түмнээсээ холдоогүй удирдагч гэж үздэг. Дотоод, гадаадын ажиглагчид сая Хойд Солонгосоос улсаа хамгаалъя, ард түмнээ гэсэн байр суурийг нь түлхүү тоймлосон байна лээ. Бид ч гэсэн нэгдмээр байна. Төрийн зүгээс нэгдмэл бодлого явуулмаар байна. Гэтэл төр маань нэгдмэл биш дандаа талцуулсан, задалсан бодлого явуулж байна. Монгол Улсыг эдийн засгийн хямрал бус нэгдмэл бус байдал л аюулд хүргэнэ. Иймд бие биеэ хүндэлдэг нийгэмд амьдрахын тулд хэвлэлийнхэн маань их үүрэгтэй шүү. Энд та нар минь туг нь болоорой гэдгийг энэ дашрамд бас хэлье.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин