Отгонтэнгэр ууланд эрлийн баг гурав дахь өдрөө ажиллаж байна. Эхний өдөр уулчдын 10 цогцосыг олсон. Харин өчигдөр дөрвөн хүний цогцосыг олж, одоо үлдсэн гурван хүнийг эрэн хайж байна. Эрлийг 3200 метрийн өндөрт 200 метр өргөн, 800 метрийн гүнд буюу ойролцоогоор 160.000 м/кв талбайд явуулж байгаа аж. Цасны зузаан зарим газраа 3-5 метр гүнтэй, уулын цас дагтаршин хатуурч, хунгарласан тул эрлийн ажлыг явуулахад бэрх байгаа. Тиймээс гэгээ тасарч, үзэгдэх орчин хязгаарлаж эхлэх 17.00 цаг орчмоос эрлийг түр зогсоож, аврагчдыг уулын бэл рүү буулгаж байгаа аж. Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байгаа бөгөөд Отгонтэнгэр уулын орчимд цаг агаар үдээс хойш муудаж байгаа гэнэ.
Өчигдөр (2017.10.24) Отгон суманд ажиллаж байсан Шадар сайд Ө.Энхтүвшин нийслэлд ирлээ. Тэр 18.00 цагт мэдээлэл өгөхдөө, нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг хоёр ч удаа тойрсон. Аврагчид маш хүнд нөхцөлд эрэн хайх ажлыг явуулж байгаа нь харагдсан. Мэргэжлийнхэн хавтангийн гулгалт үүссэн гэж үзэж байгаа гэнэ. Хавтан гэдэг нь цас ороод хайлах, дахин нэмж цас орж хайлах зэрэг байгалийн үзэгдлээс давхарлаж үүссэн зүйл байдаг. Ийм хавтангийн нуралт үүссэн байж болох 700 гаруй метрийн өндрөөс уулчид доош унасан. Ослын газрыг харж байхад уулчид маань маш огцом тал руугаа буулт хийжээ. Тэнд амь аврагдах ямар ч боломж харагдаагүй. Нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдөр уг нь эрлийг амжуулж дуусгахаар төлөвлөсөн ч гурван хүн үлдлээ. Маргааш эрлийг үргэлжлүүлнэ. Цогцсыг уулнаас буулгаж байгаа. Аль болохоор түргэн хугацаанд Улаанбаатар хотод авчрах үүргийг өгсөн гэв.
Уулчдын авирсан маршрут, мөнх цаст уулын хавтангийн гулгалт үүссэн байх цэгийг зурагласан ТВ5 телевизийн урьдчилсан таамаг зураг
Амь үрэгдсэн 14 хүний шарилыг өчигдөр орой 20.20 цагийн үед Улаанбаатарт нисдэг тэргээр авчирлаа. Нисэх буудал дээр шарилыг авах түргэний 20 машин очсон бөгөөд эндээс цогцсыг шүүх эмнэлэгт хүргэлээ. Уулчдын хэн хэн нь мэнд байгаа, хэн нь сураггүй болсон бэ гэсэн мэдээлэл өчигдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн нэрс гарч байгаа ч зөрүүтэй мэдээллэгдэж байна гэсэн тайлбарыг дагуулж байсан. Шүүх шинжилгээний үндэсний төвийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд энд гурван өдөр хүлээлтийн байдалд байсан уулчдын ар гэр, ойр дотны хүмүүс шүүх эмнэлэг дээр цугларсан байв.
Ослын газарт ажиллаж байгаа Онцгой байдлын шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ЭМЯ, баруун аймгууд болон Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мэргэжлийн уулчид нийлсэн 170 орчим хүн ажиллаж байгаа аж. Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан баг Завханы Отгон сумаас нийслэл рүү нисэхдээ амьд үлдсэн 10 уулчдыг авчрахаар төлөвлөсөн ч тэд машинаар очно гээд үлдсэн. Шуурхай бүлгийн 170 гаруй хүний хоол хүнс, гэр орны асуудлыг аймгийн Засаг дарга хариуцаж байгаа. Одоо ажиллаж байгаа хүчийг сайн зохион байгуулаад ажиллабал эндээс нэмэлт хүч явуулах шаардлагагүй гэж үзсэн гэдгээ Шадар сайд мэдэгдсэн юм.