Амьд үлдсэн 10 иргэнийг МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авчирна

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөө (2017.10.24) 06.20 цагт эхэлсэн байна. Өчигдөр эрлийн ажлыг мөн энэ цагт эхэлж, оройн 17 цагийн байдлаар 10 иргэнийг амь үрэгдсэн байдалтай олсон. Аврагчид дагтаршиж, хунгарласан цастай 3200 метрийн өндрөөс осолдсон иргэдийн цогцсыг буулгаж байгаа тул хугацаа хэрэгтэй байгаа гэж ОБЕГ-аас мэдээлж байна. Уулын 2775 метр өндөрт эрэн хайх бүлгийн хээрийн штаб байрлаж байгаа аж.
Ослоос амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг нисдэг тэргээр нийслэлд авч ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгон суманд очсон байна. Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгчээ.
Хэргийн газрыг Цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авсан бөгөөд өчигдөр орой 20.00 цагийн үед цогцсыг таниулах ажлыг эхлүүлж, үзлэг-шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авсан байна. Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд Батлан хамгаалах яам гурван нисдэг тэрэг дайчилжээ.
Өнөөдөр өглөө 09.43 цагт эрлийн баг Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон дахин хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон талаар ОБЕГ-аас мэдээлэв. Үүний дараа 10:43 цагт дахин нэг иргэний цогцсыг олжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 13-д хүрчээ. Одоо үлдсэн дөврөн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.