Улсын Онцгой комисс өнөөдөр (2017.10.23) Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шуурхай хуралдав. .
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 2017 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсэж 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлагыг хүлээн авсан байна.
Уулчдын 7 нь эмэгтэй, 20 нь эрэгтэй хүн. Тэд уулын өөр өөр клубын гишүүд аж. Алга болсон 17 хүний дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд юм байна. Отгонтэнгэр хайрхан руу иргэд явган аялахыг хориглосон аж. Мөн Цаг уурын албанаас энэ сарын 20-ноос 22-ны хооронд Отгонтэнгэр хайрхан орчимд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай хэмээн мэдээлж байжээ.
Отгон сумын байгаль хамгаалагч Ш.Батмэнд авирагчдад Отгонтэнгэр хайрханд авирах журмыг танилцуулан, сонирхогч-авирагчид тул ууланд авирах зөвшөөрөл олгоогүй ч тэд авиралтаа үргэлжлүүлэн, 21-ний өдрийн 16.30-д уулын оргилд бүгд хамтдаа гараад, 30 минутын дараа доошоо буусан байна.
27 уулчин гурван бүлэгт хуваагдан, хоорондоо 20-30 метрийн зайтай уруудаж байжээ. Эсэн мэнд буусан арван уулчин сүүлийн бүлэг байсан аж. Үдээс хойш уулын оройгоос буусан тул харанхуй болоход 3 дахь хэсэг ууландаа хоногложээ. Тэд 13.00 цагт холбоо барих газартаа ирж, хоёр баг сураггүй болсныг мэдэж, мэдээлэл хүргүүлсэн байна.
Эсэн мэнд буусан 10 уулчнаас 3 нь эргэн авирсан ч мөр ололгүй иржээ. ОБЕГ-ын аврагчид эрлийн ажиллагааг өнөө өглөө 06.00 цагт эхлүүлж, одоо үргэлжлүүлсээр байна. Отгонтэнгэр хайрханд уулчид өмнө нь осолдож байгаагүй гэнэ.
Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа.
Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.
4 comments
Bitigii sonirhogiig ongiroogood mongo hiigeed bai geed baihad.
уул хангай бузарлаад ямар хэрэг байнаа
Ymar aimar yum bee
УМ МА НИ БАД МЭ ХУМ