Хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хэлэлцэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы гуравдугаар хорооны хуралдаанаар хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ. Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүний эрхийн гэрээ, конвенциудын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй олон улсын механизмын үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Төлөөлөгчид дэлхий дахинаа хүний эрхийг хамгаалахад 1993 онд Австрийн Вена хотноо болсон Хүний эрхийн асуудлаарх дэлхийн бага хурлаас баталсан Венагийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, хүний эрхийн гэрээ, конвенциудыг хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд эл хуралдаанд оролцож, манай улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилт, Засгийн газраас хүний эрхийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Эх сурвалж: ГХЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн