Ашигт малтмал, газрын тосны газар сонгон шалгаруулалт явуулж Дорноговь аймгийн Даланжаргалан суманд талбайн хайгуулын гурван тусгай зөвшөөрөл олгожээ. Өнөөдөр (2017.10.20) тус сумын 20 гаруй малчин мэдээлэл хийж, газар нутгаа уул уурхайн олборлолтын золиос болгохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.
Даланжаргалан сум нь 40.5 мянга га газар нутагтай, түүний 70 гаруй хувийг хамарсан талбайд уул уурхайн үйл ажиллагаа явагдсаар иржээ. Дээрх талбайд 1990 оноос хойш МАК корпораци,Чингисийн хар алт Штанк коли, Алаг тогоо зэрэг томоохон компаниуд хайгуул олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа ч одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй гэнэ. Нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас ухсан нүх рүү нь мал унаж үхэх зэрэг зэрэг асуудлууд гарсаар байгаа аж.
Тиймээс малчид 300 км зам туулж Улаанбаатарт ирж, сумын нутагт олгосон тендерийг хүчингүй болгох асуудлыг тавьж байна. Эдгээр тендерээр олгох нутагт гурван багийн нийт 40-өөд өвөлжөө, хаваржаа, 30 гаруй мянган мал бүхий 40 гаруй малчдын бэлчээрийн газар лицензэд хамрагдах болоод байгаа гэнэ. Хайгуулын лиценз олгосноос болж малчид нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломж алдагдаж, улмаар хүн мал уух усаа уул уурхай үйлдвэрлэл эрхлэгчдэд алдах болж, малчид шөнөдөө бүр ээлжээр манаж хонож байгаа гэдгээ хэлж байна.
Энэ асуудлыг аймаг, сумын удирдлагуудад, ИТХ-ын төлөөлөгчдөд болон цагдаа хүчний байгууллагад удаа дараа мэдэгдсээр ирсэн ч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүйн улмаас аргагүйн эрхэнд хэвлэл мэдээлэлд хандаж байгаагаа тэд дуулгаж байна.
Тухайлбал, Даланжаргалан сумын улсын аварга малчин 78 настай Г.Тогтохжаргал гуай: “Урд нь цэлгэр уудам тал, төрөл бүрийн ногоо ургадаг мал ч тараг тэвээрэг сайн байдаг байсан. Одоо бол хаашаа л харна ухсан нүх, өвс гэд байх зүйлгүй сул шороо, олборлолт хийх том машинууд л харагдах боллоо. Малчид бид, манай сумын иргэд хохирсоор байна. Ирээдүй хойч үеийнхэн минь аймагтаа амьдарч чадахааргүй болоод байна” хэмээн ярьж байна.