УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-нд шалгалт хийхээр боллоо. Тус хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар удирдуулах шийдвэрийг гаргасан байна.
Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2017.10.17) Төрийн ордны B танхимд хуралдсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ хурлаар ШШҮХ 16 хүртэлх насны хүүхдэд шинжилгээ хийхдээ мөнгө нэхдэг байдлыг шийдэж үнэгүй болгох эсвэл энэ чиглэлд зарцуулах тусгай сан байгуулахыг хуралдаанд оролцогчид санал болгов.
Тус хорооны дарга Д.Бямбадорж гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилт, бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар өгсөн мэдээллээр 2000 гаруй хүнийг баривчилсан байна. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад гэр бүлээ хүчирхийлсэн гэх зүйл заалтаар баривчлагдсан иргэдий тоо дөрөв дахин өссөн үзүүлэлт аж. Зөрчлийн тухай хуулиар гэр бүлээ хүчирхийлсэн иргэнийг 7-30 хоног баривчлах заалттай. Гэр бүлийн эзэн хүчирхийлэл үйлдсэн нөхцөлд баривчлагдаж ажлаасаа халагддаг учир хохирогч нь амьжиргаагаа алдахгүй тулд гомдол мэдүүлэхгүй, хүчирхийллийг нууцлах тал руу орсон байна.