Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Ойг түймрээс хамгаалах тухай” Монгол Улс, ОХУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хамтарсан комиссын хуралдаанд оролцоод ирлээ.
Тус хуралдаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр “Монгол Улсын ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт илтгэл тавьсан байна.
Уг хуралдаанаар хоёр улсын талаас гарах тэмдэглэлд тусгах асуудлаа ойрын хугацаанд харилцан солилцож, гарын үсэг зурж баталгаажуулахаар тогтжээ.
Тус тэмдэглэлд Онцгой байдлын байгууллагын зүгээс ОХУ-ын Ойн агентлагийн харьяа байгууллагаас зохион явуулдаг сургалтад гал сөнөөгчдийг хамруулах, бүс нутгийн гал түймэртэй тэмцэх тухайн орон нутгийн чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах, хоёр улсын хил залгаа бүс нутагт гарсан ой, хээрийн түймрийн сансрын зураглал, эргүүлийн нислэгийн мэдээллийг шуурхай солилцох зэрэгт саналыг тусгасан байна.
Эх сурвалж: ОБЕГ